Дуулал
Psalm 22
Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхисон бэ?Миний ёолох дуу, миний авралаас Та юунд хол байна вэ?
2 Бурхан минь ээ, би өдөр хашхирдаг боловч Та хариулдаггүй.Шөнө ч бас хашхирдаг боловч надад хариу үгүй.
3 Гэвч Израилийн магтаал дунд сэнтийд залрагч аа,Та бол ариун юм.
4 Бидний эцэг өвгөд Танд итгэсэн.Тэд итгэсэн бөгөөд Та тэднийг аварсан.
5 Тэд Тан уруу хашхирч, аврагдаж байв.Тэд Танд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй.
6 Харин би бол өт, хүн биш!Би бол хүмүүсийн буруутгал бөгөөд ард олонд жигшигдсэн юм.
7 Намайг хардаг бүхэн намайг тохуурхан инээдэг.Тэд уруулаа нээж, толгой сэгсрэн
8 “Тэр өөрийгөө ЭЗЭНд даатгасан. Тэр түүнийг авраг!Тэр түүнд баярладаг тул түүнийг авраг!” гэж байна.
9 Гэсэн ч Та бол намайг эхийн хэвлийгээс гаргасан Тэр мөн.Эхийнхээ хөхөөр байх үедТа намайг итгүүлсэн.
10 Би төрөхөөсөө Танд даатгагдсан.Эхийнхээ хэвлийд байх үеэс минь Та миний Бурхан байсан.
11 Зовлон ойрхон байгаа учраасНадаас бүү холдооч.Учир нь туслах хүн нэг ч алга.
12 Олон үхэр намайг хүрээлсэн.Башаны хүчтэнүүд намайг бүсэлсэн.
13 Хуу татахаар архиран байгаа арслан шигТэд над уруу амаа том ангайлгадаг.
14 Намайг ус шиг асгасан бөгөөдМиний бүх яс мултарсан.Миний зүрх лааны тос адил юм.Тэр нь миний дотор хайлсан.
15 Миний хүч шаазангийн хэлтэрхий шиг хатаж,Миний хэл түүшиндээ наалдсан.Та намайг үхлийн шороонд тавьдаг.
16 Учир нь намайг ноход хүрээлжээ.Бүлэг хорон санаатнууд намайг бүсэлжээ.Тэд миний гар, хөлийг нэвт хатгасан.
17 Би бүх ясаа тоолж чадна.Тэд харж, над уруу гөлрөн ширтдэг.
18 Тэд миний гадуур хувцсыг хоорондоо хувааж,Миний дотуур хувцасны төлөө шоддог.
19 Харин, ЭЗЭН, Та бүү холдооч.Миний хүч чадал аа, надад туслахаар хурдлаач.
20 Миний сэтгэлийг илднээс,Миний ганц амийг нохойн эрхшээлээс авраач.
21 Намайг арслангийн амнаас авраач.Зэрлэг үхрийн эврээс аварч,Надад хариу өгөөч.
22 Би Таны нэрийг ах дүүстээ хэлэх болно.Чуулганы дунд би Таныг магтах болно.
23 ЭЗЭНээс эмээгчид ээ, Түүнийг магт.Иаковын үр удам болох та бүгдТүүнийг алдаршуул.Израилийн үр удам болох та бүгдТүүнийг хүндэтгэ.
24 Учир нь Тэр зовогсдын зовлонг жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй.Тэр нүүрээ түүнээс нуугаа ч үгүй.Харин тусламж гуйн түүнийг хашхирахад Тэр сонссон юм.
25 Их чуулганы дунд миний магтаалТанаас ирдэг.Түүнээс эмээгчдийн өмнө би өөрийн тангаргаа биелүүлнэ.
26 Ядуу хүн идэж, цадна.ЭЗЭНийг эрэн хайгчид Түүнийг магтах болно.Та нарын зүрх мөнхөд амьд байх болтугай!
27 Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно.Улс үндэстнүүдийн бүх ургуудТаны өмнө хүндэтгэн мөргөнө.
28 Учир нь хаанчлал бол ЭЗЭНийх.Тэрээр улс үндэстнүүдийг захирдаг.
29 Дэлхийн баян чинээлэг хүн бүхэн идэж, хүндэтгэн мөргөх болно.Шороон доор орогч бүхэн,Өөрсдийн сэтгэлийг амьд хадгалж чаддаггүй бүхэн чТүүний өмнө сөгдөнө.
30 Үр удмууд Түүнд зарагдах болно.Эзэний тухай ирэх үеүдэд яригдах болно.
31 Тэд ирж, Тэр үүнийг үйлдсэн гэдгийг,Ирээдүйд төрөх хүмүүстТүүний зөв шударгыг зарлах болно.