Дуулал
Psalm 139
Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ.
2 Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм.Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог.
3 Та миний явах зам мөр хийгээд хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж,Миний бүх явдлыг дотно сайн мэддэг.
4 Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө,Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг.
5 Та намайг хойноос ба урдаас минь нөмөрлөж,Миний дээр мутраа тавьсан.
6 Иймд мэдлэг надад дэндүү гайхамшигтай юм.Энэ нь өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ.
7 Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ?Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ?
8 Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд байдаг.Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд байдаг.
9 Хэрэв би үүрийн гэгээгээр жигүүрлэн,Хэрэв би далайн хамгийн алсын хэсэгт суувал,
10 Тэнд ч Таны мутар намайг удирдаж,Таны баруун мутар надаас зуурах болно.
11 Хэрэв би “Харанхуй үнэхээр намайг нөмөрч,Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө болно” гэвэл
12 Харанхуй ч Танд харанхуй биш бөгөөдШөнө ч өдөр мэт гэрэлтэй билээ.Гэрэл харанхуй хоёр хоёулаа адилхан юм.
13 Учир нь Та миний эрхтнүүдийг хэлбэртэй болгожээ.Та эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ.
14 Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө.Таны үйлс бол гайхалтай бөгөөдМиний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм.
15 Намайг нууц дотор бүрэлдэж,Газрын гүнд урнаар шаглагдаж байхад чМиний биеийн галбир Танаас нууцлагдаагүй юм.
16 Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан.Надад тогтоогдсон өдрүүдийнНэг нь ч болоогүй байхадТэд бүгд Таны номд бичигдсэн байжээ.
17 Өө Бурхан, надад хандсан Таны бодлууд хичнээн нандин бэ!Тэдний нийлбэр хичнээн их вэ!
18 Хэрвээ би тэдгээрийг тоолбол тэд элсний ширхгээс ч даван гарна.Би сэрүүн байхдаа ч Тантай хамт байна.
19 Өө, Бурхан, Та хорон муу хүнийг хядах ч болоосой.Тиймээс цус урсгагчид аа, надаас холдогтун.
20 Учир нь тэд Таны эсрэг муугаар ярьдаг бөгөөдТаны дайснууд Таны нэрийг дэмий хоосноор ашигладаг.
21 Өө, ЭЗЭН, Таныг үзэн ядагчдыг би үзэн яддаггүй гэж үү?Таны эсрэг босогчдыг би жигшдэггүй гэж үү?
22 Би туйлд хүртэл тэднийг үзэн яддаг.Тэд миний дайснууд болсон.
23 Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч.Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч.
24 Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж,Мөнхийн зам уруу намайг залаач.