Дуулал
Psalm 18
Миний хүч болох ЭЗЭН, Би танд хайртай.
2 ЭЗЭН бол миний хад,миний цайз,миний аврагч,миний Бурхан,миний хоргоддог хад минь,миний бамбай,миний авралын эвэр,миний бэхлэлт юм.
3 Магтуулах зохистой ЭЗЭНийг би дуудаад,Өөрийн дайснуудаас би аврагдсан.
4 Үхлийн утас намайг хэрж,Бурханлаг бусын цутгалууд намайг айлгажээ.
5 Үхэгсдийн орны утас намайг хүрээлжээ.Үхлийн урхинууд миний өмнө тулгарчээ.
6 Өөрийн зовлондоо би ЭЗЭНийг дуудаж,Өөрийн Бурхан уруу хандан хашхирсандТэр Өөрийн сүмээс миний дуу хоолойг сонсож,Түүний өмнө буй хашхирах дуу минь Түүний сонорт хүрсэн билээ.
7 Тэгээд газар дэлхий чичрэн доргив.Тэрээр уурласнаас болж уулсын суурь ганхан хөдөлсөн.
8 Түүний хамраас утаа гарч,Түүний амнаас гал манаран шатаажээ.Тэрхүү галд нүүрс ноцсон.
9 Тэрээр тэнгэрийг ч зааглан бууж ирсэнХаранхуй үүл Түүний хөл дор байна
10 Тэрээр херуб хөлөглөн нисэв.Тэрээр салхин жигүүр дээгүүр элин халив.
11 Тэрээр харанхуйг Өөрийн нуугдах газар,Усны харанхуй, огторгуйн өтгөн үүлсийгӨөрийн эргэн тойрон дахь хөшиг болгосон.
12 Түүний өмнөх гэгээнээс Түүний өтгөн үүлс,Мөндөр болон галтай нүүрс нүүжээ.
13 ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж,Хамгийн Дээд Нэгэн Өөрийн дуу, мөндөр ба галтай нүүрсийг буулгасан юм.
14 Тэрээр Өөрийн сумнуудаа нисгэн бутрааж,Аянга цахилгаануудаа үй олноор цахиулж, тэднийг бут ниргэсэн.
15 Тэгээд, ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээдХамрын тань амьсгалын хүчит цохилтоорУсны урсгалууд үзэгдэж,Ертөнцийн сууриуд ил гаргагджээ.
16 Тэрээр дээрээс илгээж, намайг авсан.Их уснаас Тэр намайг татан гаргасан.
17 Тэр намайг хүчит дайснаас минь болон намайг үзэн ядагчдаас аварсан.Учир нь тэд миний хувьд дэндүү хүчтэй байв.
18 Тэд зовлон гамшгийн өдөрт минь надтай тулгарсан,Гэвч ЭЗЭН миний түшиг байв.
19 Мөн Тэр намайг уужим газар уруу аваачсан.Тэр намайг таалсан учир намайг аварсан билээ.
20 ЭЗЭН намайг зөв шударгын минь дагуу шагнасан,Гарын минь цэвэр байдлаар Тэр надад хариулсан.
21 Учир нь би ЭЗЭНий замыг баримталж,Өөрийн Бурханаас хорон муугаар салаагүй.
22 Түүний бүх тогтоолууд миний өмнө байсан бөгөөдБи Түүний зарлигуудыг өөрөөсөө холдуулаагүй.
23 Би бас Түүний өмнө гэм зэмгүй байж,Би өөрийгөө гэм нүглээсээ сахин хамгаалсан.
24 Тиймээс ЭЗЭН надад зөв шударгын минь дагуу,Түүний мэлмийд миний гарын цэвэр байдлаар хариулсан.
25 Энэрэнгүй хүмүүст Та Өөрийн энэрлийг үзүүлдэг.Шулуун шударга хүмүүст Та Өөрийн төгс чанарыг үзүүлдэг.
26 Цэвэр хүмүүст Та Өөрийн цэвэр байдлыг,Хуурамч хүмүүст Та Өөрийн овжин байдлаа харуулдаг.
27 Та зовж зүдэрсэн хүмүүсийг авардаг,Харин ихэмсэг харцыг Та номхтгодог.
28 Та миний дэнлүүг асаадаг.Миний Бурхан ЭЗЭН харанхуйг минь гийгүүлж өгдөг.
29 Танд түшиглэн би их цэргийн эсрэг гүйж чадна.Бурхандаа түшиглэн би хана давж чадна.
30 Бурханы зам төгс төгөлдөр юм.ЭЗЭНий үг шалгагдсан.Өөрийнх нь дотор хоргоддог бүхэнд Тэрээр бамбай юм.
31 ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ?Бидний Бурханаас өөр хэн хад вэ?
32 Бурхан намайг хүч чадлаар зэвсэглэж,Миний замыг шулуун болгодог.
33 Тэр миний хөлийг согооных шиг болгож,Өндөрлөг газруудад минь намайг суулгадаг.
34 Тэр миний гарыг тулалдаанд сургадаг ньМиний гар хүрэл нумыг хөвчилж чадахын тулд юм.
35 Та Өөрийн авралын бамбайг надад мөн өгсөн бөгөөдТаны баруун мутар намайг түшдэг.Таны дөлгөөн байдал намайг агуу болгодог.
36 Та миний алхах замыг өргөсгөдөг,Тиймээс миний хөл бүдрээгүй.
37 Би дайснуудаа нэхэн хөөж, гүйцэж,Тэднийг сөнөхөөс нааш би эргэсэнгүй.
38 Дахин босож чадахгүй болтол би тэднийг бут цохисон.Тэд миний хөл дор унав.
39 Та намайг тулалдаанд бэлтгэн хүч чадлаар зэвсэглэжээ.Миний эсрэг босогчдыг миний дор Та оруулсан билээ.
40 Та надад дайснуудын минь шилийг харуулсан бөгөөдНамайг үзэн ядагчдыг би устгалаа.
41 Тэд хашхирсан боловч аврах хэн ч байгаагүй,ЭЗЭНд хандсан боловч Тэр тэдэнд хариулаагүй юм.
42 Тэгээд салхинд тоос шороо шиг би тэднийг бутаргадаг.Гудамжны шавар шалбааг шиг би тэднийг цацсан юм.
43 Та намайг хүмүүсийн довтлолт халдлагаас аварсан юм.Та намайг үндэстнүүдийн тэргүүн мэт болгосон.Миний мэддэггүй хүмүүс надад зарагддаг.
44 Тэд сонсонгуутаа намайг дагадаг.Харь хүмүүс надад захирагддаг.
45 Харь хүмүүс сульдан доройтож,Бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг.
46 ЭЗЭН амьд.Миний хад магтагдах болтугай.Миний авралын Бурхан өргөмжлөгдөх болтугай.
47 Тэрээр Миний төлөө өшөө авч,Надад үндэстнүүдийг захируулдаг Бурхан юм.
48 Тэр намайг дайснуудаас минь авардаг.Намайг эсэргүүцэгчдийн дээр Та намайг үнэхээр өргөдөг юм.Хүчирхийлэгчээс Та намайг авардаг юм.
49 Тиймээс үндэстнүүдийн дунд би Танд талархаж, ЭЗЭН Таны нэрд би магтаалуудыг дуулна.
50 Тэр Өөрийн хаанд агуу авралыг өгч,Өөрийн тослогдогч болох Давид болон түүний үр удамдМөнхөд хайр энэрлээ үзүүлдэг болой.