Дуулал
Psalm 119
Явдал үйл нь гэм зэмгүй,ЭЗЭНий хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ!
2 Түүний гэрчлэлүүдийг сахин,Түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ!
3 Тэд бас ямар ч шударга бусыг үйлддэггүй.Тэд Түүний замаар явдаг.
4 Биднээр хичээнгүйлэн сахиулахаарТа Өөрийн тушаалуудыг тогтоосон юм.
5 Таны зарлигуудыг сахихаарЗамууд минь бат тогтоосой!
6 Тэгвэл Таны бүх тушаалуудыг анхаарах цагтБи ичихгүй.
7 Таны зөв шударга шүүхээс сурахдааБи шулуун шударга зүрхээр Танд талархах болно.
8 Би Таны зарлигуудыг сахин биелүүлэх болно.Намайг бүрмөсөн бүү орхиоч!
9 Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ?Таны үгийн дагуу сахиснаар...
10 Би бүхий л зүрхээрээ Таныг эрэн хайсан.Таны тушаалаас холдон тэнүүчлэхийг надад бүү зөвшөөрөөч!
11 Таны эсрэг нүгэл хийхгүйн тулдТаны үгийг би зүрхэндээ хадгалсан.
12 Өө, ЭЗЭН, Та ерөөлтэй еэ!Өөрийн зарлигуудыг надад заагаач.
13 Таны амнаас гарсан бүх тогтоолыгБи уруулаараа тунхагласан юм.
14 Би бүх баялагт баясдагтай адилТаны гэрчлэлүүдийн замд баяссан юм.
15 Би Таны тушаалуудыг бясалгаж,Таны замуудыг эргэцүүлэх болно.
16 Би Таны зарлигуудад баярлана.Би Таны үгийг мартахгүй.
17 Намайг амьд байлгаж, Таны үгийг сахин биелүүлүүлэхийн тулдӨөрийн зарцдаа өгөөмөр хандаач.
18 Таны хуулийн гайхамшигт зүйлсийгНадад харуулахаар нүдийг минь нээгээч.
19 Би газар дэлхийд гаднын хүн билээ.Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач.
20 Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээрСэтгэл минь шаналж байна.
21 Таны тушаалаас салан тэнүүчилдэгБардам хүн буюу хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг юм.
22 Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач.Учир нь би Таны гэрчлэлүүдийг сахидаг билээ.
23 Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэнТаны зарц Таны зарлигуудыг бясалгадаг.
24 Таны гэрчлэлүүд мөн миний баясал,Миний зөвлөгчид юм.
25 Миний сэтгэл тоос шороонд дарагдсан.Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
26 Би өөрийн явдлуудын тухай ярьсан бөгөөд Та надад хариулсан билээ.
27 Өөрийн зарлигуудыг надад заагаач.Өөрийн тушаалуудын замуудыг надад ухааруулаач.Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана.
28 Гашуудлаас болж сэтгэл минь уйлдаг.Өөрийн үгийн дагуу намайг хүчжүүлээч.
29 Худал хуурмаг замыг надаас зайлуулж,Өөрийн хуулийг надад нигүүлсэнгүйгээр хүртээгээч.
30 Би итгэлтэй замыг сонгосон юм.Би Таны тогтоолуудыг өмнөө тавьсан билээ.
31 Би Таны гэрчлэлүүдээс зуурдаг.ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач!
32 Та зүрхийг минь уужруулах учирБи Таны тушаалуудын замаар гүйх болно.
33 Өө, ЭЗЭН, Өөрийн зарлигуудын ёс журмыг надад заагаач.Би түүнийг эцэс хүртэл мөрдөнө.
34 Би Таны хуулийг мөрдөж,Бүхий л зүрхээр түүнийг сахин биелүүлэхийн тулд надад ухаарлыг хайрлаач.
35 Өөрийнхөө тушаалуудын жимээр намайг алхуулаач,Учир нь би түүнд баярладаг билээ.
36 Зүрхийг минь олз уруу бус,Өөрийн гэрчлэл уруу хандуулаач.
37 Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн,Өөрийн замд намайг сэргээгээч.
38 Танаас эмээх айдсыг төрүүлдэгӨөрийн үгийг Өөрийн зарцад бататгаач.
39 Миний айдаг буруутгалыг надаас зайлуулаач.Учир нь Таны тогтоолууд бол сайн билээ.
40 Харагтун, би Таны тушаалуудыг хүсэмжилж байна.Өөрийн зөв шударгаар намайг сэргээгээч.
41 Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл,Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай.
42 Тэгвэл намайг буруутгадаг хүнд хариулах үг надад бий болно.Учир нь би Таны үгэнд итгэдэг юм.
43 Үнэний үгийг амнаас минь бүрмөсөн бүү аваач.Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ.
44 Ингэвэл би Таны хуулийг үргэлж,Мөнхийн мөнхөд сахина.
45 Би Таны тушаалуудыг хайдаг учраасЧөлөөтэй алхах болно.
46 Би бас хаадын өмнө Таны гэрчлэлүүдийг ярих бөгөөдИчихгүй байх болно.
47 Би өөрийн хайрладагТаны тушаалуудад баясах болно.
48 Би өөрийн хайрладагТаны тушаалууд уруу гараа өргөх болно.Би Таны зарлигуудыг бясалгана.
49 Таны надад найдварыг өгсөн,Өөрийн зарцад хандуулсан үгийг санаач.
50 Таны үг намайг сэргээсэн ньМиний зовлон зүдгүүрийн дундах миний тайвшрал юм.
51 Бардам хүн намайг ихэд тохуурхдаг,Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.
52 Өө, ЭЗЭН, би Таны эртний тогтоолуудыг санасан бөгөөдӨөрийгөө тайтгаруулдаг.
53 Таны хуулийг огоорсонХорон муу хүнээс болж шатам их зэвүүцэл намайг барин авсан.
54 Миний аян замын өргөөндТаны зарлигууд бол миний дуу юм.
55 Өө, ЭЗЭН, би Таны нэрийг шөнө санаж,Таны хуулийг сахидаг.
56 Би Таны тушаалуудыг биелүүлдэг ньМинийх болсон юм.
57 ЭЗЭН бол миний хувь юм.Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ.
58 Би бүхий л зүрхээр Таны ивээлийг хайсан билээ.Өөрийн үгийн дагуу надад нигүүлсэнгүй байгаач.
59 Би замуудаа тунгаан бодож,Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн.
60 Би Таны тушаалуудыг сахин биелүүлэхээрЯаравчилсан бөгөөд үүнийгээ хойшлуулаагүй юм.
61 Хорон муу хүний уяанууд намайг хэрсэн,Гэвч би Таны хуулийг мартаагүй билээ.
62 Таны зөв шударга тогтоолуудын улмаасБи Танд талархахаар шөнө дунд босох болно.
63 Би Танаас эмээдэг бүх хүмүүс хийгээдТаны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн анд нөхөр юм.
64 Өө, ЭЗЭН, газар дэлхий Таны хайр энэрлээр дүүрэн.Өөрийн зарлигуудыг надад заагаач.
65 Өө, ЭЗЭН, Та Өөрийн үгийн дагууӨөрийн зарцад сайнаар хандсан билээ.
66 Би Таны тушаалуудад итгэдэг учраасНадад ялгах чадвар болон мэдлэгийг заагаач.
67 Зовж шаналахынхаа өмнө би буруу зүг уруу явсан байжээ.Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.
68 Та бол сайн бөгөөд сайныг үйлддэг билээ.Өөрийн зарлигуудыг надад заагаач.
69 Бардам хүн миний эсрэг гүтгэлэг зохиодог.Би бүхий л зүрхээр Таны тушаалуудыг биелүүлнэ.
70 Тэдний зүрх сэтгэл хатуурсан,Харин би Таны хуульд баясдаг.
71 Миний зовон шаналсан нь,Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.
72 Таны амнаас гарсан хууль нададМянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.
73 Таны мутар намайг урлан бүтээсэн юм.Өөрийн тушаалуудыг надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч.
74 Би Таны үгийг хүлээдэг учраасТанаас эмээгчид намайг хараад, баярлах болтугай.
75 Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөдТа итгэлтэй байдал дотор намайг зовоон шаналгасан гэдгийг би мэднэ.
76 Таны зарцдаа хэлсэн үгийн дагууТаны хайр энэрэл намайг тайтгаруулах болтугай.
77 Намайг амьд байлгахаар Таны өршөөл надад ирэг.Учир нь Таны хууль бол миний баясгалан юм.
78 Намайг худал хуурмагаар завхруулсан учраас бардам хүмүүс ичих болтугай.Харин би Таны тушаалуудыг бясалгана.
79 Танаас эмээдэг,Таны гэрчлэлүүдийг мэддэг хүмүүс над уруу эргэх болтугай.
80 Би ичгүүрт орохгүйн тулдЗүрх минь Таны зарлигууд дотор гэм зэмгүй байх болтугай.
81 Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг.Би Таны үгийг хүлээдэг.
82 Намайг “Та намайг хэзээ тайтгаруулах вэ?” гэж хэлэхэдТаны үгийн төлөө нүд минь гархилдаг.
83 Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэнБи Таны зарлигуудыг мартдаггүй.
84 Таны зарцын өдрүүд хэд вэ?Намайг хавчдаг хүмүүст Та хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ?
85 Таны хуулийг үл дагагчид болохБардам хүмүүс надад нүх ухжээ.
86 Таны бүх тушаалууд итгэлтэй юм.Тэд намайг худал хуурмагаар хавчсан юм. Надад туслаач!
87 Тэд намайг газар дэлхий дээр бараг хороожээ,Гэвч би Таны тушаалуудыг огоороогүй.
88 Надаар Таны амнаас гарах гэрчлэлийг сахиулахын тулдӨөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.
89 Өө, ЭЗЭН, Таны үг тэнгэртМөнхөд бат тогтдог.
90 Таны итгэлтэй байдал бүх үеийн туршид үргэлжилдэг.Та дэлхийг бий болгосон бөгөөд тэр байсаар байна.
91 Тэд энэ өдөр Таны тогтоолуудын дагуу бат зогсдог.Учир нь бүх юмс бол Таны зарц нар билээ.
92 Таны хууль миний баясгалан байгаагүйсэн болТэгвэл би зовлон шаналал дотроо мөхөх байсан.
93 Би Таны тушаалуудыг хэзээ ч мартахгүй.Учир нь тэдгээрээр Та намайг сэргээсэн билээ.
94 Би Таных билээ, намайг авраач.Учир нь би Таны тушаалуудыг эрэн хайсан юм.
95 Хорон санаатнууд намайг устгахаар отон хүлээдэг.Би Таны гэрчлэлүүдийг гүн тунгаана.
96 Би бүх төгс төгөлдөр юманд зах хязгаарыг тавьсан чТаны тушаал бол хэмжээлшгүй өргөн дэлгэр юм.
97 Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ!Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.
98 Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог.Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг.
99 Таны гэрчлэлүүд миний бясалгал учирБи бүх багш нараасаа илүү ухаалаг болсон.
100 Таны тушаалуудыг сахин биелүүлсэн учраасБи настангуудаас ч илүү ойлгон ухаардаг.
101 Би Таны үгийг сахин биелүүлэхийн тулдБүх бузар замаас хөлөө татсан юм.
102 Та Өөрөө надад заасан учирБи Таны тогтоолуудаас гажаагүй.
103 Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ!Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!
104 Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг.Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.
105 Таны үг бол миний хөл дэх дэнлүү,Миний зам дахь гэрэл юм.
106 Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэжБи тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.
107 Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн.Өө, ЭЗЭН, Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
108 Өө, ЭЗЭН, миний амнаас гарах сайн дурын өргөлийг хүлээн авч,Өөрийн тогтоолуудыг надад заагаач.
109 Амь насанд минь аюул нүүрлэсээр байнаГэсэн ч би Таны хуулийг мартдаггүй юм.
110 Хорон санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан,Гэвч би Таны тушаалуудаас гажаагүй билээ.
111 Би Таны гэрчлэлүүдийг мөнхөд өв болгон авсан.Учир нь тэд зүрхний минь баясгалан юм.
112 Би Таны зарлигуудыг гүйцэлдүүлэхээр зүрхээМөнхөд, эцэс хүртэл зориулсан.
113 Би хоёр санаатай хүмүүсийг үзэн яддаг,Харин Таны хуульд би хайртай.
114 Та бол миний хоргодох газар ба миний бамбай.Би Таны үгийг хүлээдэг.
115 Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлэхийн тулдБузар мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун.
116 Намайг амьд байлгахын тулд Өөрийн үгийн дагуу намайг дэмжин тэтгээч.Намайг найдвараас минь болж ичгүүрт бүү оруулаач.
117 Би аюулгүй байж,Таны зарлигуудыг үргэлж анхаарахын тулд намайг тэтгээч.
118 Та зарлигуудаас тань холдон одогчдыг бүгдийг голсон билээ.Учир нь тэдний ов мэх дэмий хоосон юм.
119 Та дэлхийн бүх хорон санаатнуудыг нүүрсний хог шиг хөсөр хаясан.Тиймээс би Таны гэрчлэлүүдэд хайртай.
120 Махан бие минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөдБи Таны шүүлтүүдээс айдаг юм.
121 Би шударга ёс ба үнэн зөвийг үйлдсэн билээ.Намайг дарлагчдад минь бүү тушаагаач.
122 Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч.Бардамнагчдад намайг бүү дарлуулаач.
123 Миний нүд Таны авралын төлөө хийгээдТаны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг.
124 Өөрийн хайр энэрлийн дагуу зарцдаа хандаж,Өөрийн зарлигуудыг надад заагаач.
125 Би Таны зарц билээ.Би Таны гэрчлэлүүдийг мэддэг байхын тулд надад ухаарлыг өгөөч.
126 Тэд Таны хуулийг зөрчсөн тулЭЗЭНий ажиллах цаг ирчихээд байна.
127 Тиймээс би Таны тушаалуудадАлтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм.
128 Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөдБи аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.
129 Таны гэрчлэлүүд бол гайхамшигтай.Тиймээс сэтгэл минь тэдгээрийг сахидаг.
130 Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг.Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг.
131 Би Таны тушаалуудад тэмүүлсэн учирАмаа том ангайн аахилсан.
132 Таны нэрийг хайрлагсдад үйлддэг шигээНад уруу эргэж, намайг нигүүлсээч.
133 Миний алхмуудыг Өөрийн үгэн дээр тогтоож,Ямар ч гэм бурууд намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч.
134 Би Таны тушаалуудыг сахихын тулдХүний дарлалаас намайг золиоч.
135 Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж,Өөрийн зарлигуудыг надад заагаач.
136 Таны хуулийг сахин биелүүлдэггүй учирНүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.
137 Өө ЭЗЭН, Та бол шударга бөгөөдТаны шүүлтүүд шулуун шударга юм.
138 Та зөв шударга баХэмжээлшгүй итгэлтэй байдалд Өөрийн гэрчлэлүүдийг тушаасан билээ.
139 Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраасМиний хичээл зүтгэл намайг үгүй болгожээ.
140 Таны үг бол маш цэвэр тунгалаг билээ.Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.
141 Би дорд ба үзэн ядагдсан,Гэсэн ч би Таны тушаалуудыг мартдаггүй.
142 Таны зөв шударга байдал бол мөнхийнх бөгөөдТаны хууль бол үнэн юм.
143 Бэрхшээл ба зовлон надад тохиолдсон,Гэвч Таны тушаалууд бол миний баясал юм.
144 Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу.Намайг амьд байлгахын тулд надад ухаарлыг хайрлаач.
145 Би бүхий л зүрхээрээ хашхирсан билээ. Өө, ЭЗЭН, надад хариулаач!Би Таны зарлигуудыг сахин биелүүлнэ.
146 Би Танд хандан хашхирсан. Намайг авраач.Тэгвэл би Таны гэрчлэлүүдийг биелүүлэх болно.
147 Би үүр цайхын өмнө босож, тусламж гуйн хашхирдаг.Би Таны үгсийг хүлээдэг.
148 Таны үгийг тунгаан бодохын тулдБи шөнийн манааны өмнө нүдээ нээдэг.
149 Өөрийн хайр энэрлийн дагуу миний дуу хоолойг сонсооч.Өө, ЭЗЭН, Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.
150 Хорон мууг дагагчид ойртон ирж байна.Тэд Таны хуулиас хол билээ.
151 Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөдТаны бүх тушаалууд ч үнэн билээ.
152 Эрт үеэс Би Таны гэрчлэлүүдээсТа тэднийг мөнхөд бий болгосныг мэдсэн билээ.
153 Миний зовлонг харж, намайг авраач.Учир нь би Таны хуулийг мартдаггүй.
154 Миний хэргийг өмгөөлж, намайг золиоч.Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
155 Аврал хорон муу хүмүүсээс хол байдаг.Учир нь тэд Таны зарлигуудыг эрж хайдаггүй билээ.
156 Өө, ЭЗЭН, Таны өршөөлүүд агуу их юм.Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.
157 Намайг хавчигчид болон миний өстнүүд олон боловчБи Таны гэрчлэлүүдээс гаждаггүй.
158 Би ов мэхтнүүдийг хараад, жигшдэг.Учир нь тэд Таны үгийг сахин биелүүлдэггүй.
159 Таны тушаалуудыг хэрхэн хайрлаж буйг минь хараач.Өө, ЭЗЭН, Өөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.
160 Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөдТаны зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм.
161 Ноёд намайг шалтгаангүйгээр хавчдаг,Харин зүрх минь Таны үгнээс л сүрддэг.
162 Их олз олсон хүн шигБи Таны үгэнд баясдаг.
163 Би худал хуурмагийг үзэн ядан, жигшдэг,Харин Таны хуулийг би хайрладаг.
164 Таны зөв шударга тогтоолуудын улмаасБи өдөрт долоон удаа Таныг магтдаг.
165 Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөдТэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй.
166 Өө, ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөдТаны тушаалуудыг биелүүлдэг.
167 Сэтгэл минь Таны гэрчлэлүүдийг сахидаг бөгөөдБи тэдэнд хэмжээлшгүй их хайртай.
168 Би Таны тушаалууд ба гэрчлэлүүдийг сахьдаг,Учир нь миний бүх явдал Таны өмнө байдаг билээ.
169 Өө, ЭЗЭН, миний хашхирах дуу Таны өмнө хүрэг.Өөрийн үгийн дагуу надад ухаарлыг хайрлаач.
170 Миний гуйлтыг Өөрийн өмнө ирүүлээч.Өөрийн үгийн дагуу намайг авраач.
171 Та надад зарлигуудаа заадаг учраасУруул минь магтаалыг гаргаг.
172 Таны бүх тушаалууд зөв шударга учраасХэл минь Таны үгийн талаар дуулаг.
173 Би Таны тушаалуудыг сонгосон учирТаны мутар надад туслахад бэлэн болог.
174 Өө, ЭЗЭН, би Таны авралыг хүсэн тэмүүлдэг бөгөөдТаны хууль бол миний баясал юм.
175 Таныг магтахын тулд сэтгэлийг минь амьд байлгаач.Өөрийн тогтоолуудыг надад туслуулаач.
176 Би төөрсөн хонь шиг замаас гажин явсан билээ. Өөрийн зарцыг хайн олооч.Учир нь би Таны тушаалуудыг мартдаггүй билээ.