Иеремиа

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52


Бүлэг 52

Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эх нь Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг нэртэй байв.
2 Тэрээр Иехоиакимын үйлдсэн бүхэн шиг ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ.
3 Учир нь тэднийг Өөрийн оршихуйгаас зайлуултал энэ бүхэн нь ЭЗЭНий уураар дамжуулан Иерусалим болон Иудад тохиолдов. Зедекиа Вавилоны хааны эсрэг тэрслэв.
4 Түүний хаанчлалын ес дэх жилийн аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар болон түүний цэргүүд Иерусалимын эсрэг ирж, түүний харалдаа буудаллан, түүний бүх эргэн тойронд бүслэлтийн хэрэм босгов.
5 Ийнхүү Зедекиа хааны арван нэг дэх жил хүртэл хот бүслэлтэнд байв.
6 Дөрөвдүгээр сарын есөнд хотод өлсгөлөн ширүүссэн бөгөөд газар нутгийн ард түмэнд хоол байхгүй байв.
7 Тэгээд хот цөмлөгдөж, хэдийгээр халдеичууд хотын эргэн тойронд байсан ч гэсэн бүх дайчид зугтаж, хааны цэцэрлэгийн хажуу дахь хоёр хэрмийн хоорондох дааман хаалганы замаар дамжин шөнө хотоос гарч явав. Тэд Арабагийн замаар явжээ.
8 Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэхэд, түүний бүх цэргүүд нь түүнээс тарж сарнив.
9 Тэгээд тэд хааныг олзолж, Хаматын нутаг дахь Риблад Вавилоны хаан уруу аваачсан бөгөөд тэрээр түүнийг яллажээ.
10 Вавилоны хаан Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алсан бөгөөд Иудагийн бүх түшмэдийг Риблад хяджээ.
11 Дараа нь тэрээр Зедекиагийн нүдийг сохлов. Вавилоны хаан түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлж, Вавилонд аваачиж, үхлийн өдөр хүртэл нь түүнийг шоронд хийв.
12 Тавдугаар сарын арванд буюу Вавилоны хаан Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны үйлчлэлд байсан харуулын ахмад Небузарадан Иерусалимд ирэв.
13 Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх гэрүүдийг шатаав. Том байшин бүрийг тэрээр галдан шатаасан юм.
14 Ингээд харуулын ахмадтай хамт халдеичуудын бүх цэргүүд Иерусалимын эргэн тойрон дахь бүх хана хэрмүүдийг нураав.
15 Дараа нь харуулын ахмад Небузарадан ард түмнээс хамгийн ядуу зарим хүмүүсийг, хотод үлдсэн сүүлчийн хүмүүсийг, Вавилоны хаан уруу оргосон оргодлыг болон гарын уртай хүмүүсээс үлдэснийг цөллөгт авч явжээ.
16 Харин харуулын ахмад Небузарадан газрын хамгийн ядуу хүмүүсээс заримыг нь газар хагалагч болон усан үзмийн цэцэрлэгчээр үлдээв.
17 ЭЗЭНий өргөөнд харьяалагдаж байсан хүрэл багананууд, мөн ЭЗЭНий өргөөнд байсан тавиурууд болон хүрэл тэнгисийг халдеичууд хэсэг болгон эвдэлж, бүх хүрлийг нь Вавилон уруу авч явав.
18 Тэд бас тогоонууд, утгуурууд, чимхүүрүүд, угаагуурууд, хайруулууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савнуудыг авч явжээ.
19 Харуулын ахмад бас цэвэр алт болон мөнгөөр хийгдсэн хулнууд, галын хоргууд, угаагуурууд, тогоонууд, дэнлүүний тавиурууд, хайруулууд болон ундаан өргөлийн хулнуудыг авч явсан.
20 ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг тэнгис, тэнгисийн доор байсан арван хоёр хүрэл бухнууд болон тавиурууд зэрэг эдгээр бүх сав суулгуудын хүрэл нь хэмжээлшгүй их байв.
21 Багануудын хувьд, багана нэг бүрийн өндөр нь арван найман тохой бөгөөд тойрог нь арван хоёр тохой, зузаан нь дөрвөн хуруу, хөндий байв.
22 Түүний дээр баганын хүрэл орой байв. Толгой бүрийн өндөр нь таван тохой байсан бөгөөд дээр нь тойруулаад, бүгд хүрлээр хийгдсэн тор болон сэмбэрүү цэцгүүд байв. Хоёр дахь багана ч үүний адил, мөн сэмбэрүү цэцгүүдтэй байв.
23 Ерэн есөн сэмбэрүү цэцэг нь харагдаж байв. Торон дээр тойруулаад бүх сэмбэрүү цэцэг нь зуу байв.
24 Дараа нь харуулын ахмад нь тэргүүн тахилч Сераиа болон дэд тахилч Зефаниаг сүмийн гурван түшмэдийн хамт авч явав.
25 Тэрээр бас дайчдыг хариуцагч нэг түшмэлийг, хотоос олдсон хааны зөвлөхүүдээс долоон хүнийг, газар нутгийн хүмүүсийг зарлан дуудсан цэргийн даргын гүүшийг болон хотын дундаас олдсон тэр нутгийн жаран хүнийг хотоос авч явжээ.
26 Харуулын ахмад Небузарадан тэднийг авч яван, Вавилоны хаан уруу Риблад аваачив.
27 Тэгтэл Вавилоны хаан тэднийг цохиж, Хаматын нутагт Риблад тэднийг алжээ. Ийнхүү Иуда өөрийн нутгаас цөллөгт хөөгдлөө.
28 Эдгээр нь Небухаднезарын цөллөгт авч явсан хүмүүс юм. Долоо дахь жилд гурван мянга хорин гурван иудейчүүд,
29 Небухаднезарын арван найм дахь жилд Иерусалимаас найман зуун гучин хоёр хүн,
30 Небухаднезарын хорин гурав дахь жилд харуулын ахмад Небузарадан долоон зуун дөчин таван иудей хүнийг цөллөгт авч явав. Бүгд дөрвөн мянга зургаан зуун хүн байв.
31 Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долоо дахь жилд, арван хоёрдугаар сарын хорин таванд Вавилоны хаан Евил-меродах хаанчлалынхаа жилд Иудагийн хаан Иехоиахинд ивээлээ үзүүлж, түүнийг гяндангаас гаргав.
32 Дараа нь тэрээр түүнтэй эелдгээр ярин, Вавилонд өөртэй нь хамт байсан бүх хаадын сэнтийнээс дээгүүр түүний сэнтийг тавив.
33 Ийнхүү Иехоиахин гяндангийн хувцсаа сольж, амьдралынхаа бүхий л өдрүүдийн туршид хааны өмнө тогтмол зооглов.
34 Учир нь түүний тэтгэмж буюу тогтмол тэтгэмж түүнд Вавилоны хаанаар үхэх өдрийг нь хүртэл амьдралынх нь бүхий л өдрүүдийн турш өдөр бүрийн хувь болгон өгөгддөг байжээ.