Иеремиа

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52


Бүлэг 27

Иудагийн хаан, Иосиагийн хүү Зедекиагийн хаанчилсны эхэнд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж, айлдав.
2 ЭЗЭН надад ингэж айлдаж байна. “Өөртөө дөнгөнүүд болон буулгуудыг хийж, хүзүүндээ өмсөөд,
3 Едомын хаан, Моабын хаан, Аммоны хөвгүүдийн хаан, Тирийн хаан болон Сидоны хаанд Иерусалим уруу Иудагийн хаан Зедекиа уруу ирдэг элч нараар хэл явуул.
4 Тэдэнд өөрсдийн эзэд уруу явахыг тушааж, «Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байгаа бөгөөд та нар өөрсдийн эздэд ингэж хэл.
5 ”Би Өөрийн агуу хүч чадал болон Өөрийн сунгасан мутраар газар дэлхий ба түүний гадаргуу дээрх хүн, араатан амьтдыг бүтээсэн бөгөөд үүнийг Би Миний мэлмийд тааллыг олсон нэгэнд өгнө.
6 Одоо Би эдгээр бүх нутгийг Өөрийн зарц, Вавилоны хаан Небухаднезарын гарт өгсөн бөгөөд Би мөн түүнд үйлчлүүлэхээр талын зэрлэг амьтдыг түүнд өгсөн юм.
7 Өөрийнх нь газар нутгийн цаг иртэл бүх үндэстнүүд түүнд, түүний хөвгүүнд болон түүний ач нарт үйлчлэх болой. Дараа нь олон үндэстнүүд болон их хаад түүнийг өөрсдийн зарц болгоно.
8 Вавилоны хаан Небухаднезарт үйлчлэхгүй, мөн Вавилоны хааны буулган дор хүзүүгээ тавихгүй үндэстэн, эсвэл хаанчлал байвал Би тэр үндэстнийг түүний гараар устгах хүртлээ илд, өлсгөлөн болон тахлаар шийтгэнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
9 “Харин та нарын хувьд, та нартай ярин «Та нар Вавилоны хаанд үйлчлэхгүй» гэж хэлдэг өөрсдийн эш үзүүлэгчид, төлөгчид, зүүд тайлагчид, ид шидтэнүүд, эсвэл илбэчдийг бүү сонс.
10 Учир нь тэд та нарыг газар нутгаас чинь хол зайлуулахын тулд та нарт худлыг эш үзүүлдэг. Би та нарыг хөөн зайлуулах бөгөөд та нар мөхнө.
11 Харин хүзүүгээ Вавилоны хааны буулган доор хийж, түүнд үйлчлэх үндэстнүүдийг Би газар нутагт нь үлдээх бөгөөд тэд газар хагалж, тэнд амьдрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэл”.
12 Би эдгээр бүхэнтэй адил үгсийг Иудагийн хаан Зедекиад ярьж,—Өөрийн хүзүүгээ Вавилоны хааны буулган доор тавьж, түүнд болон түүний ард түмэнд үйлчилж, амьдар!
13 Вавилоны хаанд үйлчлэхгүй үндэстэнд ЭЗЭНий айлдсан шиг чи болон чиний ард түмэн илд, өлсгөлөн болон тахлаар үхэж яах юм бэ?
14 Тиймээс “Та нар Вавилоны хаанд үйлчлэхгүй” гэж чамд хэлдэг эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Учир нь тэд чамд худлыг эш үзүүлдэг.
15 Учир нь Би тэднийг илгээгээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Харин, Би та нарыг зайлуулж, та нар болон та нарт эш үзүүлдэг эш үзүүлэгчид мөхөхийн тулд тэд Миний нэрээр хуурмагаар эш үзүүлдэг” гэж хэлэв.
16 Би тахилчдад болон энэ бүх ард түмэнд хандан—ЭЗЭН ингэж айлдаж байна. Та нарт “Үзэгтүн, ЭЗЭНий өргөөний сав суулгууд удахгүй Вавилоноос авчрагдана” гэж хэлэн эш үзүүлдэг эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Учир нь тэд та нарт худлыг эш үзүүлдэг.
17 Тэднийг бүү сонс. Вавилоны хаанд үйлчилж, амьдар! Энэ хот юунд сүйрэх ёстой юм бэ?
18 Харин тэд эш үзүүлэгчид мөн болоод ЭЗЭНий үг тэдэнтэй хамт байгаа бол, ЭЗЭНий өргөөнд, Иудагийн хааны гэрт болон Иерусалимд үлдсэн сав суулгуудыг Вавилон уруу явуулахгүйн төлөө түмэн цэргийн ЭЗЭНээс тэд одоо гуйг.
19 Учир нь түмэн цэргийн ЭЗЭН багананууд, тэнгис, тавиурууд болон энэ хотод үлдсэн бусад сав суулгуудын талаар буюу
20 Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Иуда, Иерусалимын бүх ноёдыг Иерусалимаас Вавилон уруу цөллөгт авч явахдаа Вавилоны хаан Небухаднезарын аваагүй сав суулгуудын талаар ингэж айлдаж байна.
21 Тийм ээ, ЭЗЭНий өргөөнд, Иудагийн хааны гэрт болон Иерусалимд үлдсэн сав суулгуудын талаар Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
22 “Тэднийг Вавилонд аваачих бөгөөд Би тэдний дээр ирэх өдөр хүртэл тэд тэнд байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Дараа нь Би тэднийг буцаан авчирч, тэднийг энэ газарт сэргээнэ” гэж хэлэв.