Шастирын Дэд
Бүлэг 9
Шебагийн хатан хаан Соломоны алдар сууг сонсоод, бэрх хүнд асуултаар Соломоныг сорьж үзэхийн тулд Иерусалимд иржээ. Түүнд асар олон шивэгчингүүд, амттан болон их хэмжээний алт, эрдэнэсийн чулуунуудыг тэгнүүлсэн тэмээнүүд байв. Тэрээр Соломон уруу ирсэн хойно зүрх сэтгэлдээ байсан бүгдийн тухай түүнтэй ярилцсан юм.
2 Соломон түүний бүх асуултад хариулжээ. Соломоноос нууцлагдсан, хатанд тайлбарлаж өгөөгүй нэг ч зүйл үлдсэнгүй.
3 Шебагийн хатан хаан нь Соломоны мэргэн ухаан, түүний барьсан ордон,
4 хааны ширээн дэх хоол, түшмэдийнх нь сууж буй байдал, сайд нарынх нь ажил, тэдний өмссөн ёслолын хувцас, сөнч нар болон тэдний өмсгөл, ЭЗЭНий өргөөнд ордог шатыг хараад бахдан алмайрчээ.
5 Тэгээд тэрээр хаанд—Таны үгс болон таны мэргэн ухааны талаар өөрийн нутагт байхдаа сонссон мэдээ үнэхээр үнэн байжээ.
6 Гэсэн ч би өөрөө ирж, үүнийг нүдээрээ үзэх хүртлээ тэдний үгэнд итгээгүй юм. Харагтун, миний сонссон зүйл бол таны мэргэн ухааны хагас хугас нь л байж. Таны тухай миний сонссон мэдээнээс энэ нь илүү ажээ.
7 Таны ард түмэн, таны өмнө үргэлж зогсож, мэргэн ухааныг тань сонордох таны түшмэд ямар ерөөлтэй хүмүүс вэ!
8 Таны Бурхан ЭЗЭНий төлөө таныг Өөрийн сэнтийд залснаараа таныг таалсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Таны Бурхан израильчуудыг мөнхөд тогтоон, хайрласан учир цэх шулуун, зөв шударга байдлыг засаглуулахын тулд таныг хаан болгосон ажээ гэж хэлэв.
9 Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний амтлагч болон эрдэнийн чулуунуудыг бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их амтлагч хэзээ ч байгаагүй билээ.
10 Офироос алт тээн авчирсан Хурамын зарц нар болон Соломоны зарц нар мөн улаан мод, эрдэнэсийн чулуунуудыг авч ирэв.
11 Хаан улаан модоор ЭЗЭНий өргөө болон хааны ордны шатнуудыг, мөн дуучдад зориулан ятга ба босоо ятгуудыг хийв. Тэдгээртэй адил зүйлсийг урд өмнө Иуда нутагт хараагүй билээ.
12 Соломон хаан Шебагийн хатан хаанд түүний авчирсан бэлгийн хариуд бэлэг бэлдсэнээс гадна түүний хүссэн бүхнийг өгчээ. Тэгээд хатан хаан эргэж, өөрийн зарц нарын хамт төрөлх нутаг уруугаа буцлаа.
13 Нэг жилд Соломоны хүлээн авдаг байсан алтны жин нь зургаан зуун жаран зургаан талант байв.
14 Дээрх алт нь худалдаачид, наймаачдын авчирч байсан алтнаас гадна байв. Мөн Арабын бүх хаад болон орон нутгийн захирагчид Соломонд алт мөнгө авчирдаг байв.
15 Соломон хаан давтмал алтаар хоёр зуун том бамбай хийсэн бөгөөд том бамбай бүрд зургаан зуун шекел давтмал алт оржээ.
16 Тэрээр давтмал алтаар гурван зуун бамбай хийж, бамбай бүрд гурван зуун шекел алт ашигласан бөгөөд хаан эдгээрийг Ливаны ойн гэртээ хадгалав.
17 Үүнээс гадна хаан зааны ясаар асар том сэнтий урлан, түүнийг шижир алтаар бүрэв.
18 Сэнтий нь зургаан гишгүүртэй, түүнд залгаа алтадсан хөлийн тавиуртай, мөн суудлын хоёр талд түшлэгтэй бөгөөд түшлэг бүрийн хажууд тус тус арслангийн баримал байв.
19 Зургаан гишгүүрийн хоёр захад хоёр арслангийн барималтай буюу нийт арван хоёр арслангийн баримал тавиастай байжээ. Өөр ямар ч хаант улсад үүний адил зүйл урлаж байсангүй.
20 Соломон хааны жүнз болон хундаганууд бүгд алтан бөгөөд Ливаны ойн ордны бүх сав суулга шижир алтаар хийгдсэн байв. Соломоны өдрүүдэд мөнгө үнэ цэнэтэйд тооцогддоггүй байв.
21 Хурамын зарц нарын хамт Таршиш уруу аялдаг хөлөг онгоцнууд хаанд байв. Гурван жилд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, сармагчин, тогос тээн авчирдаг байжээ.
22 Ийнхүү Соломон хаан эд баялаг, мэргэн ухаанаараа дэлхийн бүх хаанаас үлэмж агуу болов.
23 Бурхан түүний зүрхэнд өгсөн билиг ухааныг нь сонсох гэж дэлхийн бүх хаад Соломонд бараалхахыг хүсэмжилдэг байлаа.
24 Ирж буй хүн бүр өөрийн бэлэг болох алт, мөнгөн эдлэл, хувцас, зэвсэг, амтлагч, морьд, луусыг авчирч байсан бөгөөд энэ нь жилээс жилд нэмэгдсээр байлаа.
25 Соломон морьд, тэрэгнүүдэд зориулсан дөрвөн мянган жүчээтэй, мөн арван хоёр мянган морьтонтой байв. Тэрээр тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны хамт Иерусалим хотод хуваарилан байрлуулжээ.
26 Евфрат мөрнөөс филистчүүдийн нутаг хүртэл, цаашилбал Египетийн хил хүртэлх бүх хаадыг Соломон захирдаг байв.
27 Хаан мөнгийг Иерусалимд чулуу шиг ердийн зүйл болгож, хуш модыг нам доор газрын инжрийн мод шиг элбэг болгосон билээ.
28 Египет болон бүх орнуудаас тэд Соломонд морьд авчирдаг байлаа.
29 Соломоны бусад үйлсийг, эхнээс нь дуустал нь эш үзүүлэгч Натаны тэмдэглэлд, шилон хүн Ахиагийн эш үзүүллэгт болон Небатын хүү Иеробоамын талаар үзмэрч Иддогийн харсан үзэгдлүүдэд бичээгүй гэж үү?
30 Соломон дөчин жил Иерусалимд бүх Израилийг захирлаа.
31 Соломон эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өөрийн эцэг Давидын хотод оршуулагджээ. Түүний хүү Рехобоам түүний оронд хаанчлав.