Шастирын Дэд
Бүлэг 28
Ахаз хаан болох үедээ хорин настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Ахаз өөрийн өвөг эцэг Давид шиг ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэнгүй.
2 Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан юм. Тэр бас Баалуудад зориулан цутгамал хөргүүд хийв.
3 Үүнээс гадна, Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузар заншлын дагуу тэрээр Бен-хинномын хөндийд утлага уугиулж, өөрийн хөвгүүдийг галд шатаав.
4 Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан, тахил өргөв.
5 Тийм учраас түүний Бурхан ЭЗЭН түүнийг Арамын хааны гарт тушаав. Тэд түүнийг ялж, түүнээс үлэмж тооны ардуудыг олзлон авч, Дамаскт аваачив. Түүнд хүнд хохирол учруулсан Израилийн хааны гарт тэр бас орсон юм.
6 Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ.
7 Ефраимын хүчит эр Зихри нь хааны хүү Маасеиаг, гэрийн захирагч Азрикамыг болон хааны удаах хүн Елканаг алжээ.
8 Израилийн хөвгүүд өөрсдийн ах дүүсээс хоёр зуун мянган эмэгтэйчүүд, хөвгүүд, охидыг олзлон явав. Бас тэднээс асар их зүйлсийг дээрэмдэн, түүнийгээ Самарид авчрав.
9 Харин тэнд Одед гэгч ЭЗЭНий эш үзүүлэгч байжээ. Тэрээр Самарид ирсэн цэргүүдийг угтахаар очиж, тэдэнд—Харагтун, та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭН Иудад уурласан учраас тэднийг та нарын гарт оруулсан бөгөөд та нар тэднийг тэнгэрт тулсан харгислалаар хядлаа.
10 Одоо та нар Иуда, Иерусалимын хүмүүсийг өөрсдөдөө эрэгтэй, эмэгтэй боолууд болгон захирахаар төлөвлөж байгаа. Үнэхээр ЭЗЭН Бурханыхаа эсрэг хандсан нүгэл хилэнц та нарт өөрсдөд чинь байхгүй гэж үү?
11 Иймээс одоо, намайг сонсож, ах дүүсээсээ олзлон авчирсан хүмүүсийг буцаацгаа. Юу гэвэл ЭЗЭНий шатаж буй уур хилэн та нарын эсрэг байна гэв.
12 Тэгэхэд Ефраимын хөвгүүдийн тэргүүлэгчдийн зарим нь буюу Иохананы хүү Азариа, Мешиллемотын хүү Берехиа, Шаллумын хүү Иехизкиа, Хадлаин хүү Амаса нар тулалдаанаас буцаж ирж байгаа цэргүүдийн эсрэг босож,
13 тэдэнд—Та нар олзлогдогсдыг энд авчрах ёсгүй. Учир нь та нар бидний нүгэл, гэм буруу дээр нэмэн ЭЗЭНий эсрэг гэм бурууг бидний дээр буулгахыг төлөвлөж байна. Бидний гэм буруу хэдийн үлэмж их байгаа учраас Израилийн эсрэг Түүний дүрэлзсэн уур яаран байна гэцгээв.
14 Ингээд зэвсэглэсэн эрчүүд олзлогдогсдыг ба дээрэмдсэн зүйлсээ түшмэд болон бүх чуулганы өмнө орхив.
15 Тэгээд дээр нэр дурдагдсан хүмүүс босож, олзлогдогсдыг авч, нүцгэн нэгнийг нь олзны хувцсаар хувцаслажээ. Мөн тэдэнд хувцас, шаахай өгч, хооллоод уух юм өгч, тосоор тослон, бүх нялх балчируудыг нь илжгэн дээр суулган хөтөлж, дал модны хот Иериход ах дүүс уруу нь авчрав. Дараа нь тэд Самари уруу буцацгаажээ.
16 Тэр үед Ахаз хаан Ассирийн хаад уруу тусламж хүсэн хүн илгээв.
17 Учир нь едомчууд дахин ирж, Иудаг довтлон, олзлогдогсдыг авч явжээ.
18 Бас филистчүүд нам дор газрын болон Иудагийн Негевийн хотуудыг түрэмгийлж, Бетшемеш, Аиалон, Гедерот, Соког гацаануудынх нь хамт, Тимнаг гацаануудынх нь хамт, Гимзог гацаануудынх нь хамт эзлэн авч, тэнд суурьшжээ.
19 ЭЗЭН Иудаг Израилийн хаан Ахазаас болж дорд болгов. Учир нь тэрээр Иудад хяналтгүй байдлыг гарган, ЭЗЭНд туйлын итгэлгүй байв.
20 Иймээс Ассирийн хаан Тилгат-пилнесер түүний эсрэг довтлон ирж, түүнийг хүчирхэгжүүлэхийн оронд бүр ч дарамтлав.
21 Хэдийгээр Ахаз ЭЗЭНий өргөө, хааны болон ноёдын ордноос хувь авч, түүнийг Ассирийн хаанд өгсөн боловч энэ нь түүнд тус болсонгүй.
22 Өөрийнхөө зовлон шаналлын үед энэхүү Ахаз хаан ЭЗЭНд илүү гэм нүгэл үйлджээ.
23 Учир нь тэрээр өөрийг нь ялсан Дамаскийн бурхдад тахил өргөн,—Арамын хаадын бурхад тэдэнд тусалсан учраас тэднээр өөртөө туслуулахын тулд би тэдгээр бурхдад тахил өргөх болно гэв. Харин тэдгээр нь түүний болон бүх Израилийн бүдрүүлэгч болжээ.
24 Үүнээс гадна, Ахаз Бурханы өргөөний сав суулгыг хаман цуглуулаад, тэдгээрийг хэсэг болгон цавчив. Тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгуудыг хааж, Иерусалимын булан бүрд өөртөө зориулан тахилын ширээнүүдийг босгов.
25 Иудагийн хот бүрд тэрээр өөр бурхдад утлага уугиулахаар мөргөлийн өндөрлөгүүдийг байгуулж, эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг уурлахад хүргэсэн юм.
26 Түүний бусад үйлс болон бүх замнал нь эхнээсээ төгстөл хүртэл, харагтун, тэдгээр нь Иуда болон Израилийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ.
27 Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Иерусалим хотод оршуулжээ. Тэд түүнийг Израилийн хаадын булшинд хийгээгүй юм. Түүний хүү Хезекиа түүний оронд хаанчлав.