Шастирын Дэд
Бүлэг 18
Иехошафат асар их эд баялаг, нэр хүндтэй байв. Тэрээр Ахабтай ураг холбосноороо түүнтэй нэгдэв.
2 Хэдэн жилийн дараа тэрээр Самарид Ахабтай уулзахаар явав. Ахаб түүнд болон түүнтэй хамт ирсэн хүмүүст зориулан маш олон хонь, үхрийг алж, Рамот-гилеадын эсрэг явж дайтахаар түүнийг ятгав.
3 Израилийн хаан Ахаб Иудагийн хаан Иехошафатад хандан—Чи надтай хамт Рамот-гилеадын эсрэг байлдахаар явах уу? гэхэд Иехошафат түүнд—Би бол чи, миний хүмүүс бол чиний хүмүүс бөгөөд бид тулаанд тантай хамт байх болно гэв.
4 Үүнээс гадна, Иехошафат Израилийн хаанд—Эхлээд ЭЗЭНий үгийг мэдэхийн тулд асууж өгөөч гэж хэлэв.
5 Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуун эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс—Бид Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу, эсвэл би түдгэлзэх үү? хэмээн асуусанд тэд—Явагтун. Учир нь Бурхан тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.
6 Гэвч Иехошафат—Бидэнд асуучихаар ЭЗЭНий өөр нэг эш үзүүлэгч энд алга уу? хэмээн асуулаа.
7 Израилийн хаан Иехошафатад—ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин үргэлж бузар мууг хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлагийн хүү Микаиа юм хэмээн өгүүлжээ. Харин Иехошафат түүнд—Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.
8 Тэгэхэд Израилийн хаан түшмэлээ дуудан,—Имлагийн хүү Микаиаг хурдан авч ирэгтүн хэмээн тушаав.
9 Тэр үед Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөн, Самари хотын хаалганы үүдэнд, үтрэмд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа.
10 Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүдийг хийж,—ЭЗЭН ийн айлдаж байна. “Эдгээрээр та арамейчуудыг устаж дуустал нь нэвт сүлбэгтүн” хэмээв гэжээ.
11 Бүх эш үзүүлэгч—Рамот-гилеад уруу явж, ялагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа.
12 Микаиаг дуудахаар явсан элч түүнд хандан—Харагтун, эш үзүүлэгчдийн үгс хааны таалалд ижил нийцэж байна. Таны үгс ч гэсэн тэдний үгтэй адил байж, хааны таалалд нийцүүлэгтүн гэв.
13 Харин Микаиа—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Миний Бурхан юу хэлснийг би ярих болно гэлээ.
14 Тэрээр хааны өмнө ирэхэд, хаан түүнээс—Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү, эсвэл би татгалзах уу? гэж асуусанд Микаиа түүнд—Явж, ялагтун. Учир нь тэд таны гарт өгөгдөх болно гэжээ
15 Хаан түүнд—ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамаас хичнээн гуйх юм бэ? хэмээв.
16 Микаиа хариуд нь—Бүх Израиль хоньчингүй хоньд мэт уулсын оройгоор тархан явахыг би харсан билээ.ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй.Тэд бүгд өөр өөрсдийн гэр уруу амар тайван харьцгааг” гэвхэмээн өчлөө.
17 Тэгэхэд Израилийн хаан Иехошафатад—Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин бузар мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв.
18 Микаиа—Тийм учраас ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.
19 ЭЗЭН “Хэн Израилийн хаан Ахабыг явуулж, Рамот-гилеадад унагахаар уруу татах вэ?” хэмээн асуулаа. Нэг нь “Би тэгье” гэхэд нөгөө нь өөр юм хэлж байлаа.
20 Тэгтэл нэг сүнс урагш гарч ирэн, ЭЗЭНий өмнө зогсоод, “Би түүнийг уруу татъя” гэсэнд ЭЗЭН түүнээс “Яаж?” хэмээн асуув.
21 Тэрээр хариуд нь “Би явж, түүний бүх эш үзүүлэгчийн аманд хуурдаг сүнс болно” гэв. ЭЗЭН түүнд “Чи түүнийг уруу татаж, ятгагтун. Явж, үүнийгээ хийгтүн” хэмээлээ.
22 Тиймээс одоо үзэгтүн, ЭЗЭН эдгээр эш үзүүлэгчдийн тань аманд хуурдаг сүнсийг хийсэн билээ. Учир нь ЭЗЭН таны эсрэг гай гамшгийг тунхаглажээ гэв.
23 Тэгэхэд Хенаанагийн хүү Зедекиа дөхөн ирж, Микаиагийн хацрыг алгадаад—ЭЗЭНий Сүнс чамд ярихаар надаас яаж ирсэн бэ? гэв.
24 Микаиа—Үзэгтүн, дотоод өрөө уруу нуугдахаар орох тэр өдөр чи ойлгоно гэв.
25 Израилийн хаан—Микаиаг аваад, хотын захирагч Амон болон хааны хүү Иоаш уруу буцаагтун.
26 Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцан иртэл энэ хүнийг шоронд байлган, зөвхөн талх усаар хомсхон тэжээ» гэж байна” гэж хэл гэв.
27 Микаиа—Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд,—Бүх ард түмэн, сонсогтун гэв.
28 Ингээд Израилийн хаан, Иудагийн хаан Иехошафат нар Рамот-гилеадын эсрэг хөдлөв.
29 Израилийн хаан Иехошафатад хандан—Би зүсээ хувиргаад, тулалдаанд орно, харин та өөрийн нөмрөгүүдээ өмсөгтүн гэв. Израилийн хаан зүсээ хувиргаад, тэд тулалдаанд орлоо.
30 Арамын хаан морин тэрэгнүүдийнхээ ахмадуудад тушаан,—Та нар бага томтой нь бүү тулалд, харин зөвхөн Израилийн хаантай л тулалдагтун гэв.
31 Морин тэрэгний ахмадууд Иехошафатыг хараад,—Тэр хүн Израилийн хаан байна гээд, түүнтэй тулалдахаар эргэлээ. Харин Иехошафат хашхирсанд ЭЗЭН түүнд тусалж, Бурхан тэднийг түүнээс холдуулав.
32 Морин тэргийн ахмадууд түүнийг Израилийн хаан биш болохыг мэдэнгүүтээ түүнийг хөөхөө болин эргэв.
33 Нэгэн цэрэг нум сумаараа харваад орхитол, Израилийн хааныг хуягных нь завсраар оножээ. Хаан морин тэрэгний хөтчид—Эргээрэй, намайг тулалдааны талбараас авч гар. Би хүнд шархадлаа гэж хэлэв.
34 Тэр өдрийн тулаан ширүүсэж, Израилийн хаан арамейчуудын өмнө тэргэн дотроо орой болтол тэргээ налж байгаад, нар жаргахад нас барлаа.