Шастирын Дэд
Бүлэг 6
Дараа нь Соломон—ЭЗЭН Өөрийгөө өтгөн үүлэн дотор оршино гэж айлдсан билээ.
2 Танд сүрлэг сайхан өргөөг болонТаны үүрд мөнхөд орших газрыг би барьлаахэмээв.
3 Дараа нь хаан эргэн харж, Израилийн бүх чуулганыг зогсож байхад нь ерөөлөө.
4 Тэр хэлэхдээ—Миний эцэг Давидад Өөрийн амаар айлдсан бүхнээ Өөрийн мутраар биелүүлж өгсөн Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэр айлдахдаа
5 “Би Өөрийн ард түмнээ Египетийн газраас удирдан гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулахын тулд Израилийн бүх овгоос нэг ч хотыг Би сонгоогүй, мөн Миний ард түмэн болох Израилийг удирдах ямар ч хүнийг Би сонгоогүй юм.
6 Харин Би Өөрийн нэрийг тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахын тулд Давидыг сонгосон билээ” хэмээсэн юм.
7 Израилийн Бурхан болох ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих гэсэн сэтгэл миний эцэг Давидын зүрхэнд байсан.
8 Харин ЭЗЭН миний эцэг Давидад хэлэхдээ “Миний нэр алдрын төлөө өргөө барих сэтгэл чиний зүрхэнд байсан учир маш сайн байна.
9 Гэсэн ч тэр өргөөг чи босгохгүй, харин чамд төрөх чиний хүү Миний нэр алдрын төлөө уг өргөөг барих болно” гэсэн билээ.
10 Өөрийн хэлсэн үгээ ЭЗЭН сая биелүүллээ. Учир нь ЭЗЭН амласны дагуу би өөрийн эцэг Давидын оронд өсөн гарч, Израилийн хаан ширээнд заларч, мөн Израилийн Бурхан болох ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барьлаа.
11 Израилийн хөвгүүдтэй ЭЗЭНий байгуулсан гэрээг хадгалсан авдрыг би энд залав хэмээв.
12 Дараа нь Соломон Израилийн бүх чуулганы өмнө, ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, гараа сунгав.
13 Соломон таван тохой урт, таван тохой өргөн, гурван тохой өндөр хүрэл тавцан хийгээд, хашааны голд байрлуулсан байжээ. Тэрээр тавцангийн дээр гарч, Израилийн бүх чуулганы өмнө өвдөг сөгдөн, тэнгэр өөд гараа сунгав.
14 Тэрээр—Израилийн Бурхан болох ЭЗЭН, бүх зүрх сэтгэлээрээ Таны өмнө алхдаг Өөрийн боолууддаа хайр энэрлээ үзүүлэн, гэрээгээ сахин хадгалдаг Тантай адил бурхан тэнгэрт ба газар дээр үгүй билээ.
15 Та Өөрийн боол миний эцэг Давидад амласнаа сахисан. Үнэхээр Та Өөрийн амаараа хэлснээ энэ өдөр Өөрийнхөө мутраар биелүүлэв.
16 Тиймээс одоо, Израилийн Бурхан болох ЭЗЭН Өөрийн боол миний эцэг Давидад “Хэрэв чиний хөвгүүд өөрсдийн замууддаа анхаарч, Миний өмнө чиний амьдарсан шиг Миний хууль дотор замнах аваас, Израилийн хаан ширээнд суух хүн чамд тасрахгүй байх болно” гэж амласнаа сахина уу.
17 Тиймээс одоо Израилийн Бурхан болох ЭЗЭН, Та Өөрийн боол Давидад хэлсэн үгээ баталж өгөөч.
18 Гэвч Бурхан газар дээр хүн төрөлхтөнтэй хамт оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон хамгийн өндөр тэнгэр ч Таныг багтааж чадахгүй. Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ!
19 Гэсэн ч миний Бурхан ЭЗЭН, Та боолынхоо залбирал, гуйлтыг болгоон соёрхооч. Таны өмнө боолынхоо уйлан залбирах залбирлыг сонсоорой.
20 Таны боол энэ газар уруу харан залбирах залбирлыг сонсохын тулд энэ өргөө буюу Өөрийн нэрээ тэнд тавина гэж Таны хэлсэн тэр газар уруу Таны мэлмий өдөр ч, шөнө ч нээлттэй байх болтугай.
21 Таны боол болон Таны ард түмэн Израиль энэ газар уруу залбирах үед тэдний гуйлтыг сонсооч. Өөрийн орших газар болох тэнгэрээс сонсооч. Сонсоод, өршөөгөөч.
22 Хэрэв хүн хөршийнхээ эсрэг нүгэл үйлдээд, тангараг тавихаар болоод, ирж, энэ өргөөнд Таны тахилын ширээний өмнө тангараглавал,
23 Та тэнгэрээс сонсон, үйлдэл хийж, Өөрийн боолуудаа шүүгээч. Бузар хүнийг өөрийнх нь толгой дээр өөрийнх нь үйлдлийг буулгаснаар шийтгэж, зөв шударга хүнд өөрийнх нь зөв шударга байдлын дагуу өгснөөр түүнийг зөвтгөнө үү.
24 Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа ялагдаад, Тан уруу эргэж, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, залбирч, энэ өргөөнд Таны өмнө гуйх аваас,
25 Та тэнгэрээс сонсож, Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдэнд болон эцэг өвгөдөд нь өгсөн газар уруу тэднийг буцаан ирүүлээрэй.
26 Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдан, хур бороогүй болоход тэд энэ газар уруу залбирч, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, Та тэднийг зовоох үед нүглээсээ эргэвэл
27 Та тэнгэрт сонсон, Өөрийн боолуудын болон Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдний явбал зохих сайн замыг тэдэнд заан өгөөч. Та Өөрийн ард түмэнд өв болгон өгсөн газартаа хур бороог буулгаарай.
28 Хэрэв энэ нутагт өлсгөлөн, тахал, гангийн салхи, эсвэл хөгц, царцаа, эсвэл дэвхрэг байж, тэдний дайснууд тэднийг хотуудынх нь нутагт бүслэн авч, ямар ч гай гамшиг, ямар ч өвчин зовлон нөмрөх үед,
29 хүн бүр өөрийн зовлон шаналал, өвчингөө ойлгоод, энэ өргөө уруу гараа сунгасан хэн нэгэн хүн, эсвэл Таны ард түмэн Израилийн ямар ч залбирал гуйлтыг
30 Та Өөрийн орших газар болох тэнгэрээс сонсон, уучлахдаа, хүний хөвгүүдийн зүрх сэтгэлийг мэддэг учир Та хүн бүрд өөрийнх нь үйлдлийн дагуу хариулаарай. Зөвхөн Та л хүний хөвгүүдийн зүрх сэтгэлийг мэддэг шүү дээ.
31 Ингэснээр бидний эцэг өвгөдөд Таны өгсөн энэ газарт тэд амьдрах бүх хугацаанд Таны замуудаар алхалж байхын тулд тэд Танаас эмээх болно.
32 Түүнчлэн Таны ард түмэн Израильд үл харьяалагдах харь хүний хувьд гэвэл, тэр Таны аугаа нэр алдар, Таны хүчит гар, Таны сунгасан мутрын төлөө хол газраас ирээд, тэд ирж, энэ өргөө уруу залбирвал,
33 Та Өөрийн орших газар болох тэнгэрээс сонсож, тэр харь хүний Таныг дуудсан бүхний дагуу үйлдэж болгоогоорой. Ингэснээр дэлхийн бүх хүмүүс Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн Израиль шиг Танаас эмээн, миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан болохыг тэд мэдэх болно.
34 Таны ард түмэн өөрсдийн дайснуудын эсрэг тулалдахаар явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн ч, тэд Таны сонгосон энэ хот уруу болон Таны нэрд зориулан миний босгосон өргөө уруу хандан залбирах үед
35 Та тэнгэрээс тэдний залбирал, гуйлтыг сонсож, тэдний хэргийг шийдвэрлэж өгөөрэй.
36 Тэд Таны эсрэг нүгэл үйлдэж (учир нь нүгэл үйлддэггүй нэг ч хүн байдаггүй), Та тэдэнд уурлан, тэднийг дайсанд тушаан, хол ойрын нутагт тэдэнд олзлуулан явуулах үед,
37 тэд олзлуулан аваачигдсан нутагтаа ухааран, гэмшин, олзлолынхоо газарт Танд хандан “Бид нүгэл үйлдэж, гэм бурууг хийж, бузар зүйл үйлдлээ” гэж гуйх аваас,
38 тэд өөрсдийг нь олзолсон дайсныхаа нутагт буюу олзлолынхоо газарт бүх зүрх сэтгэл, санаа бодлоороо Тан уруу эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар, Таны сонгосон хот болон Таны нэрд зориулан миний барьсан өргөө уруу залбирвал,
39 Та Өөрийн орших газар болох тэнгэрээс тэдний залбирал, гуйлтыг сонсож, тэдний хэргийг шийдвэрлэж, Таны эсрэг нүгэл үйлдсэн Өөрийн ард түмнээ уучилж өгөөч.
40 Өө, Бурхан минь, энэ газарт өргөсөн залбиралд Таны мэлмий тунгалаг байж, таны чих сонор анхаараасай гэж би залбирч байна.
41 Тийм учраас, Өө, ЭЗЭН Бурхан, Та одоо босоод, Өөрийн хүч чадлын авдартай хамт Өөрийн амрах газарт залраач. Өө, ЭЗЭН Бурхан минь, Өөрийн тахилч нарыг авралаар хувцаслаж, Өөрийн бурханлаг хүмүүсийг сайн зүйлсэд баясгаач.
42 Өө, ЭЗЭН Бурхан минь, Таны тослогдсон нэгний нүүрийг бүү эргүүлээч. Өөрийн боол Давидад үзүүлсэн хайр энэрлээ дурсан санаач гэв.