Шастирын Дэд
Бүлэг 13
Иеробоам хааны арван наймдугаар жилд Абиа Иудагийн хаан болжээ.
2 Тэрээр Иерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх нь Гибеагийн Уриелийн охин Микаиа байв. Абиа, Иеробоам нарын хооронд дайн болж байв.
3 Абиа дөрвөн зуун мянган шилмэл эрс болох зоригт дайчидтай тулааныг эхлүүлж байхад, Иеробоам түүний эсрэг найман зуун мянган шилмэл эрэлхэг дайчидтайгаар тулааны байрлалаа эзэлж байв.
4 Тэгээд Ефраимын уулархаг нутагт оршдог Земараим уулан дээр Абиа зогсоод,—Иеробоам болон бүх Израиль аа, намайг сонсогтун.
5 Израилийн Бурхан ЭЗЭН, Израилийг захирах эрхийг давсан гэрээгээр Давид болон түүний хөвгүүдэд мөнхөд өгснийг та нар мэдэхгүй гэж үү?
6 Гэвч Давидын хүү Соломоны зарц болох Небатын хөвгүүн Иеробоам босож, эзнийхээ эсрэг тэрслэв.
7 Түүн уруу хамгийн олиггүй, үл бүтэх хүмүүс ирж нийлжээ. Соломоны хүү Рехобоам балчир, туршлагагүй, өөрийгөө хамгаалж чадахааргүй байхад түүний хувьд тэд хэтэрхий хүчтэй байлаа.
8 Одоо та нар Давидын хөвгүүдээр удирдуулдаг ЭЗЭНий хаанчлалыг эсэргүүцэх санаатай байна. Та нар үй олноороо ирж, өөрсдөд чинь зориулан бурхад болгон Иеробоамын бүтээсэн алтан тугалуудаа авчирч байна.
9 Та нар ЭЗЭНий тахилч нар болох Аароны хөвгүүд болон левичүүдийг хөөн зайлуулж, өөр газруудын ард түмнүүдийн адилаар өөрсдөдөө зориулан тахилч нарыг томилсон бус уу? Өөрийгөө ариусгахаар нэг залуу бух, долоон хуцыг авчран ирэх хэн ч гэсэн бурхад бус хоосон зүйлийн тахилч болж болдог гэнэ.
10 Харин бидний хувьд гэвэл, ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд бид Түүнийг умартаагүй. Аароны хөвгүүд ЭЗЭНд тахилч нарын үүргийг гүйцэтгэн, левичүүд тэдний ажилд тусалдаг.
11 Өглөө, орой бүр тэд ЭЗЭНд шатаалт тахилуудыг өргөн, анхилуун утлагыг уугиулж, ил тавих талхыг цэвэрхэн ширээн дээр тавьдаг бөгөөд алтан дэнлүүний суурийг дэнлүүнүүдийнх нь хамт үдэш бүр асаахад бэлэн байдаг. Учир нь бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий хариуцлагыг сахидаг, харин та нар Түүнийг умартсан билээ.
12 Одоо харагтун, Бурхан бидний тэргүүн дээр залран, бидэнтэй хамт байгаа бөгөөд та нарын эсрэг түгшүүрийн дохио өгөхөөр Түүний тахилч нар ч дохионы бүрээнүүдтэйгээ энд байна. Өө Израилийн хөвгүүд ээ, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНий эсрэг бүү дайтагтун. Учир нь та нар амжилтад хүрэхгүй шүү дээ хэмээв.
13 Харин Иеробоам тэднийг араас нь цохихын тулд нуувч бэлтгэжээ. Ингээд Иудагийн урд талд Израиль, ар талд нь нуувч байв.
14 Иудачууд эргэмэгц, харагтун, урд, араасаа зэрэг довтлуулжээ. Иймээс иудачууд ЭЗЭНд хашхиран, тахилч нар бүрээнүүдээ үлээв.
15 Тэгээд Иудагийн эрчүүд дайны уухай хадаав. Тэднийг дайны уухай хадаамагц Бурхан Иеробоам болон бүх израильчуудыг Абиа болон иудачуудын өмнө бут цохижээ.
16 Израилийн хөвгүүд Иудагийн өмнө зугтсанд, Бурхан тэднийг иудачуудын гарт өгөв.
17 Абиа болон түүний хүмүүс тэднийг үй олноор нь хядан устгаж, Израилийн таван зуун мянган шилдэг дайчдыг алав.
18 Тэр үед Израилийн хөвгүүд ялагдсан бөгөөд Иудагийн хөвгүүд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд итгэсэн учраас ялжээ.
19 Абиа Иеробоамыг нэхэн хөөж, түүнээс зарим хотууд болох Бетелийг гацаануудынх нь хамт, Иешанаг гацаануудынх нь хамт болон Ефроныг гацаануудынх нь хамт булаан авав.
20 Абиагийн өдрүүдэд Иеробоам хүчээ сэргээж чадсангүй. ЭЗЭН түүнийг цохисонд тэрээр үхэв.
21 Харин Абиа хүчирхэгжсэн билээ. Тэр өөртөө арван дөрвөн эхнэр авч, хорин хоёр хүү, арван зургаан охины эцэг болов.
22 Абиагийн бусад үйлс буюу түүний үгс, түүний замууд эш үзүүлэгч Иддогийн тайлбарт бичигдсэн билээ.