Шастирын Дэд

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36


Бүлэг 24

Иоаш хаанаар өргөмжлөгдөхдөө долоон настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд дөчин жил хаанчилжээ. Түүний эхийг Беершебагаас гаралтай Зибиа гэдэг байв.
2 Тахилч Иехоиадагийн бүх өдрийн турш Иоаш ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв.
3 Иехоиада түүнд хоёр эхнэр авч өгсөн бөгөөд тэр хөвгүүд, охидын эцэг болов.
4 Үүний дараа Иоаш ЭЗЭНий өргөөг сэргээн босгохоор шийджээ.
5 Тэрээр тахилч нар болон левичүүдийг цуглуулан, тэдэнд—Иудагийн хотууд уруу явцгаа. Жил бүр өөрсдийн Бурханы өргөөг сэргээн босгоход зориулж бүх Израилиас мөнгө цуглуул. Та нар энэ хэргийг түргэн гүйцэтгэгтүн хэмээв. Гэвч левичүүд хурдан хөдөлсөнгүй.
6 Иймээс тэргүүн тахилч Иехоиадаг хаан дуудан, түүнд хандан—Яагаад та гэрчлэлийн майхны төлөө Израилийн чуулган дээр ЭЗЭНий боол Мосегийн ногдуулсан алба гувчуурыг Иуда, Иерусалимаас авчрахыг левичүүдээс шаардахгүй байна вэ? гэв.
7 Юу гэвэл балмад Аталиагийн хөвгүүд Бурханы өргөөнд цөмрөн орж, ЭЗЭНий өргөөний ариун хэрэглэлийг ч хүртэл Баалд ашигласан байлаа.
8 Ингээд хаан тушаасанд тэд авдрыг хийж, түүнийг гадна талд ЭЗЭНий өргөөний дааман хаалганы дэргэд тавив.
9 Цөлд Бурханы боол Мосегийн Израильд ногдуулсан алба гувчуурыг ЭЗЭНд авчрахыг Иуда, Иерусалимд тэд тунхагласан билээ.
10 Бүх түшмэд болон бүх ард түмэн баясан, өөрсдийн алба гувчуурыг авчирч хайрцаг уруу хийсээр түүнийг дүүргэжээ.
11 Левичүүд хааны түшмэд уруу хайрцгийг авчрах бүрд, мөн тэнд маш их мөнгө байхыг харах үед хааны гүүш болон тэргүүн тахилчийн түшмэл ирж, хайрцгийг хоослон суллаж, буцаан байранд нь тавьдаг байв. Тэд өдөр бүр ийнхүү ажиллаж, маш их мөнгө хураалаа.
12 Хаан, Иехоиада нар уг мөнгийг ЭЗЭНий өргөөний үйлчлэлийн ажлыг хийж байсан хүмүүст өгөв. Тэд ЭЗЭНий өргөөг сэргээн засварлахын тулд чулуучид, мужаанууд болон төмөр, хүрлээр урлах ажилчдыг хөлсөлсөн билээ.
13 Ажилчид хөдөлмөрлөсөөр, сэргээн босголтын ажил ч тэдний гарт урагшилж, тэд Бурханы өргөөг хэлбэр төрхийнх нь дагуу засварлаж, бат бөх болголоо.
14 Тэд ажлаа дуусгаад, үлдсэн мөнгийг хаан, Иехоиада нарын өмнө авчирчээ. Уг мөнгийг ЭЗЭНий өргөөний хэрэглэл буюу үйлчлэл болон шатаалт тахилд зориулах хэрэглэл, алт мөнгөн сав, хэрэглэлийг хийхэд ашигласан билээ. Тэд Иехоиадагийн бүх өдрүүдэд ЭЗЭНий өргөөнд үргэлжлүүлэн шатаалт тахилуудыг өргөсөөр байв.
15 Иехоиада насныхаа тоог гүйцээгээд үхэв. Нас эцэслэхдээ тэрээр зуун гучин настай байлаа.
16 Тэд түүнийг Давидын хотод хаадын дунд оршуулсан билээ. Учир нь тэрээр Израильд болон Бурхан ба Түүний өргөөнд сайныг үйлджээ.
17 Гэвч Иехоиадаг нас барсны дараа Иудагийн түшмэд ирж, хаанд мэхийсэнд хаан тэднийг сонсов.
18 Тэд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг орхин, Ашерагийн модон шон болон шүтээнүүдэд үйлчлэв. Тэдний энэ гэм буруугийн улмаас Иуда болон Иерусалим дээр уур хилэн буун ирэв.
19 Гэсэн ч тэднийг ЭЗЭН уруу буцаан авчрахын тулд Тэрээр тэдэн уруу эш үзүүлэгчдийг илгээв. Эш үзүүлэгчид тэдний эсрэг гэрчилсэн хэдий ч тэд сонссонгүй.
20 Тэгэхэд Бурханы Сүнс тахилч Иехоиадагийн хүү Зехариа дээр буужээ. Тэрээр ардуудын дээр зогсоод, тэдэнд хандан—Бурхан ийн айлджээ. “Та нар яагаад ЭЗЭНий тушаалуудыг зөрчин, амжилт олохгүй байна вэ? Та нар ЭЗЭНийг умартсан учраас Тэр бас та нарыг умартсан билээ” хэмээв гэж хэлжээ.
21 Тиймээс хүмүүс түүний эсрэг хуйвалдаж, хааны тушаалаар ЭЗЭНий өргөөний хашаан дотор түүн уруу үхтэл нь чулуу шидэв.
22 Түүний эцэг Иехоиадагийн өөрт нь үзүүлж байсан энэрлийг Иоаш хаан дурсан саналгүй, харин хүүг нь алжээ. Зехариа үхэхдээ—ЭЗЭН хараад, өшөө авах болтугай хэмээжээ.
23 Дараа жилийн эхэнд арамейчуудын цэрэг Иоашийн эсрэг дайран ирэв. Тэд Иуда болон Иерусалимд хүрч ирээд, ард түмний дундаас хүмүүсийн бүх түшмэдийг алж, бүх олз омгоо Дамаскийн хаан уруу илгээжээ.
24 Үнэндээ арамейчуудын цэрэг цөөхөн тооны дайчидтай байв. Гэтэл иудачууд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг умартсан учраас ЭЗЭН үлэмж их цэргийг нь арамейчуудын гарт оруулж өгчээ. Ингээд тэд Иоашийн дээр шийтгэлийг гүйцэлдүүлжээ.
25 Тэд түүнээс салан явахад (түүнийг хүнд өвчтэйгөөр орхин одов) өөрийн зарц нар нь тахилч Иехоиадагийн хүүгийн цуснаас болж түүний эсрэг хуйвалдаж, орондоо байхад нь түүнийг алжээ. Ингээд Иоаш үхсэн бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулсан боловч, түүнийг хаадын булшнуудад оршуулсангүй.
26 Түүний эсрэг хуйвалдсан хүмүүс гэвэл, аммон эмэгтэй Шимеатын хүү Забад, моаб эмэгтэй Шимритийн хүү Иехозабад нар юм.
27 Иоашын хөвгүүд, түүний авсан хатуу сануулга болон Бурханы өргөөг сэргээн засварласан тухай Хаадын Номын тайлбарт бичигдсэн юм. Дараа нь түүний хүү Амазиа түүний оронд хаан болов.