Шастирын Дэд

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36


Бүлэг 34

Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав.
2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэн, өөрийн өвөг эцэг Давидын замаар замнасан бөгөөд зүүн, баруун тийш хазайсангүй.
3 Хаанчлалынхаа найм дахь жилд, залуухан байхдаа тэрээр өвөг эцэг Давидынхаа Бурханыг эрэлхийлж эхлэв. Арван хоёр дахь жилд тэрээр Иуда болон Иерусалимыг мөргөлийн өндөрлөгүүд, Ашерагийн модон шон болон сийлмэл, цутгамал хөргүүдээс цэвэрлэж эхэлсэн юм.
4 Тэд түүний өмнө Баалуудын тахилын ширээнүүдийг нурааж, өндөрт байрлуулсан утлагын тахилын ширээнүүдийг тэр цавчин унагав. Бас Ашерагийн модон шон, сийлмэл болон цутгамал хөргүүдийг тэрээр хэсэглэн бутлаад, нунтаг болтол үйрүүлэн, тэдгээрт тахил өргөж байсан хүмүүсийн булшнууд дээгүүр тараав.
5 Тэгээд тэрээр тахилч нарын ясыг тахилын ширээнүүд дээр нь шатааж, Иуда болон Иерусалимыг цэвэршүүлэв.
6 Манассе, Ефраим, Симеоны хотуудад болон Нафталийг хүртэл, эргэн тойрных нь балгаснуудад ч гэсэн
7 тэр тахилын ширээнүүдийг нурааж, Ашерагийн модон шон болон сийлмэл шүтээнүүдийг нунтаглан бутлаад, Израиль газар нутаг даяар утлагын тахилын ширээнүүдийг цавчин хаяв. Тэгээд тэрээр Иерусалим уруу буцав.
8 Тэрээр газар нутаг болон өргөөг цэвэрлэсэн байх үед буюу хаанчлалынхаа арван найм дахь жилд өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг засварлуулахаар тэрээр Азалиагийн хүү Шафан, хотын түшмэл Маасеиа, хэрэг хөтлөгч Иоахазын хүү Иоа нарыг илгээв.
9 Тэд тэргүүн тахилч Хилкиа уруу очоод, Бурханы өргөө уруу авчирсан мөнгийг тушаажээ. Уг мөнгийг левичүүд болох хаалганы сахиулууд Манассе, Ефраим болон Израилийн бүх үлдэгсдээс, мөн бүх Иуда, Бениамин болон Иерусалимын оршин суугчдаас цуглуулсан байв.
10 Тэд уг мөнгийг ЭЗЭНий өргөөг хариуцан ажиллаж буй хүмүүсийн гарт өгсөн бөгөөд ЭЗЭНий өргөөнд ажиллаж байсан ажилчид өргөөг сэргээн барьж, засварлахад хэрэглэсэн юм.
11 Тэр мөнгийг тэд зассан чулуу, залгахад ашиглах гуалинг худалдаж авахад, мөн Иудагийн хаадын сүйрэлд хүргэсэн барилгуудад дүнзнүүд хийхэд зориулж мужаанууд, барилгачдад эргүүлэн өгчээ.
12 Хүмүүс нь ажлаа итгэлтэйгээр хийв. Тэднийг хянаж байсан даамлууд нь Мерарийн хөвгүүдээс гаралтай левичүүд болох Иахат, Обадиа нар, Кохатын хөвгүүдээс гаралтай Зехариа, Мешуллам нар болон бүгдээрээ хөгжмийн зэмсэгт гарамгай хүмүүс болох левичүүд байв.
13 Тэд бас хүнд юм зөөгчдийг хариуцаж, мэргэжил бүрийн бүх ажилчдыг хянаж байв. Левичүүдээс зарим нь гүүш, түшмэд болон дааман хаалганы сахиулуудын үүргийг гүйцэтгэж байв.
14 ЭЗЭНий өргөөн дотор хийсэн байсан мөнгийг тэд авчирч байх үед Мосегээр дамжуулан өгсөн ЭЗЭНий хуулийн номыг тахилч Хилкиа олжээ.
15 Хилкиа хариулан гүүш Шафанд—Би ЭЗЭНий өргөөнд хуулийн ном оллоо гэв. Хилкиа тэр номыг Шафанд өгчээ.
16 Тэгээд Шафан номыг хаанд авчран, түүнд цаашлуулан мэдээлэхдээ—Таны зарц нарт даалгагдсан бүхнийг тэд гүйцэтгэж байгаа.
17 Тэд бас ЭЗЭНий өргөөнөөс олдсон мөнгийг хоослон гаргаж, түүнийг хянагчид болон ажилчдын гарт даатгав гэв.
18 Үүнээс гадна гүүш Шафан хаанд хэлэхдээ—Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номоос хааны өмнө уншжээ.
19 Хаан тэрхүү хуулийн үгсийг сонсоод өөрийн хувцсаа урав.
20 Дараа нь Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микагийн хүү Абдон, гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт хаан тушаахдаа—
21 Явцгааж, миний төлөө болон Израиль ба Иудад үлдсэн хүмүүсийн төлөө олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Энэ номд бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр ЭЗЭНий үгийг бидний эцэг өвгөд сахиагүй учраас бидний дээр асгарсан ЭЗЭНий уур хилэн агуу ажээ гэв.
22 Тэгээд Хилкиа болон хааны илгээсэн хүмүүс Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда уруу явав. Шаллум нь Хасрагийн ач, Токхатын хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. (Хулда Иерусалимд хоёрдугаар дүүрэгт амьдардаг байв). Тэд мөнөөх зүйлийн талаар түүнтэй ярилцжээ.
23 Тэрээр тэдэнд—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарыг Над уруу илгээсэн хүнд хэлэгтүн.
24 ЭЗЭН айлдахдаа «Үзэгтүн, Би энэ газар болон эндхийн оршин суугчид дээр гай гамшгийг буулгана. Тэр нь Иудагийн хааны өмнө тэдний уншсан тэрхүү номд бичигдсэн бүх хараал юм.
25 Яагаад гэвэл тэд Намайг умартан, өөр бурхдад утлага уугиулж, өөрсдийн гарын бүх ажлаар Намайг уурлуулсан билээ. Тиймээс Миний уур хилэнг энэ газар дээр цутгах бөгөөд унтраахгүй» гэж байна” хэмээв.
26 Харин ЭЗЭНээс асуулгахаар та нарыг илгээсэн Иудагийн хаанд та нар үүнийг хэлэх болно. “Чиний сонссон үгсийг Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.
27 «Чиний зүрх зөөлөн байж, энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг хэлсэн Түүний үгсийг сонсоод Бурханы өмнө чи өөрийгөө даруу болгосон бөгөөд Миний өмнө чи өөрийгөө даруу болгож, хувцсаа уран, Миний өмнө уйлсан учир Би чамайг үнэхээр сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
28 «Үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар болон эндхийн оршин суугчид дээр Миний авчрах бүх гай гамшгийг чиний нүд үзэхгүй» гэсэн” гэх болно гэв. Тэд хариу үгийг хаанд дамжуулав.
29 Хаан дараа нь хүн илгээж, Иуда болон Иерусалимын бүх ахмадуудыг цуглуулав.
30 Хаан ба Иудагийн бүх эрчүүд, Иерусалимын оршин суугчид, тахилч нар, левичүүд болон хамгийн агуугаас хамгийн бага хүртэлх бүх ард түмэн ЭЗЭНий өргөө уруу явав. ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгсийг тэдний сонсголд хаан уншив.
31 Тэгээд хаан өөрийн байрандаа зогсоод, ЭЗЭНий өмнө гэрээ байгуулан, бүх зүрх сэтгэл, бүх оюун санаагаар ЭЗЭНийг дагаж, Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг хэрэгжүүлнэ гэжээ.
32 Тэгээд тэрээр Иерусалимд ба Бениаминд байсан бүх хүнийг өөртэй нь хамт энэ гэрээнд нэгдүүлэв. Тиймээс Иерусалимын оршин суугчид эцэг өвгөдийнхөө Бурхан болох Бурханы гэрээний дагуу үйлджээ.
33 Иосиа Израилийн хөвгүүдэд харьяалагдах бүх газар нутгаас бүх бузрыг зайлуулаад, Израильд буй бүх хүнийг өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчилсэнд түүний амьдралынх нь туршид тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг дагахаас эргээгүй юм.