Шастирын Дэд

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36


Бүлэг 27

Иотам хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв.
2 Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. Харин тэрээр ЭЗЭНий сүмд ороогүй. Гэвч ард түмэн завхарсан үйлээ үргэлжлүүлсээр л байв.
3 Тэрээр ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг, мөн Офелын хэрмийн маш урт хэсгийг барьж босгов.
4 Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулархаг нутагт хотууд босгож, модтой толгодууд дээр бэхлэлт, цамхгуудыг барив.
5 Тэр бас аммончуудын хаантай тулалдаж, тэднийг дийлсэн бөгөөд аммончууд тэр жилийн турш түүнд нэг зуун талант мөнгө, арван мянган кор улаан буудай, арван мянган кор арвай өгчээ. Аммончууд бас хоёр, гурав дахь жил яг тийм хэмжээгээр түүнд төлжээ.
6 Иотам өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө зөв замаар явсан учраас хүчирхэгжсэн юм.
7 Иотамын бусад үйлс буюу түүний бүх дайн болон бүх ажлууд, харагтун, тэдгээр нь Израиль, Иудагийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ.
8 Хаан болохдоо тэрээр хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчлав.
9 Иотам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулжээ. Түүний хүү Ахаз түүний оронд хаан болов.