Шастирын Дэд
Бүлэг 10
Ингээд бүх израильчууд Рехобоамыг хаан болгох гэж Шехемд цугларсан учраас Рехобоам ч Шехемд очив.
2 Небатын хүү Иеробоам үүнийг сонсоод (учир нь тэрээр Соломон хааны өмнөөс зугтан Египетдээ байв), Египетээс буцаж ирэв.
3 Ингээд тэд хүн илгээж Иеробоамыг дуудуулжээ. Иеробоам ба бүх Израиль ирээд Рехобоамд бараалхахдаа—
4 Таны эцэг бидний буулгыг хүнд болгосон. Тийм учраас одоо бидний дээр тохсон хүнд буулга болон эцгийнхээ бэрх алба, татварыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилнэ гэв.
5 Рехобоам тэдэнд—Гурван өдрийн дараа над уруу дахин ирэгтүн гэж тушаав. Ингээд ард түмэн явцгаав.
6 Амьд байх үед нь эцэг Соломонд нь үйлчилж байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн,—Энэ ард түмэнд ямар хариу өгөхийг та нар надад зөвлөх вэ? гэж асуув.
7 Тэд Рехобоамд хариулан—Хэрэв та энэ ард түмэнд сайнаар хандан, тэдний сэтгэлд нийцүүлж, тэдэнд эелдэг үгсийг хэлбэл энэ ард түмэн үүрд таны боол болох юм гэж зөвлөв.
8 Гэвч түүнд өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхран, өөртэй нь хамт өсөж, өөрт нь үйлчилж ирсэн залуучуудтай зөвлөлдөв.
9 Тэрээр тэдэнд—Энэ ард түмэн “Бидний дээр тохсон эцгийнхээ буулгыг хөнгөлж өгөөч” гэж хэлж байхад тэдэнд ямар хариулт өгөхийг та нар надад зөвлөхсөн бол? гэв.
10 Түүнтэй хамт өссөн залуус түүнд—Чамд хандан “Таны эцэг бидний буулгыг хүнд хүчир болгосон, харин та үүнийг хөнгөлж өг” гэж шаардаж буй энэ ард түмэнд хариулахдаа “Миний чигчий хуруу эцгийн минь ууцнаас ч бүдүүн юм.
11 Миний эцэг та нарт хүнд буулга үүрүүлсэн бол, би түүнийг чинь илүү хүнд болгоно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно” гэж хэлээрэй гэв.
12 Хаан—Гурав дахь өдөр над уруу буцаж ир гэж тушаасны дагуу Иеробоам ба бүх ард түмэн гурав дахь өдөр Рехобоамд бараалхав.
13 Рехобоам хаан ахмадуудын зөвлөгөөг үл хайхран, ард түмэнд хатуу ширүүнээр хариуллаа.
14 Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд хариулан—Миний эцэг та нарын буулгыг хүнд болгосон бол, би дээр нь нэмэх болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол, би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хэлэв.
15 Хаан ард түмнийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН шилон хүн Ахиагаар дамжуулан, Небатын хүү Иеробоамд хэлсэн үгээ тогтоохын тулд Бурхан бүх зүйлийг эргүүлсэн юм.
16 Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг бүх израильчууд хараад, ард түмэн хаанд хариулан—Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ?Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй.Израиль аа, хүн бүр өөр өөрсдийн майхан уруу буцацгаа.Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж хандгэцгээв. Ингээд бүх израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.
17 Гэвч Иудагийн хотуудад амьдарч байсан Израилийн хөвгүүд Рехобоамын захиргаан дор үлджээ.
18 Дараа нь албадлагын хөдөлмөрийн захирагч Хадорамыг Рехобоам хаан илгээсэн боловч Израилийн хөвгүүд түүн уруу чулуу шидлэн алжээ. Рехобоам хаан ч шалавхан тэргэндээ суун, Иерусалим уруу зугтлаа.
19 Израильчууд энэ өдрийг хүртэл Давидын гэрийнхэнтэй тэрсэлсээр байгаа юм.