Дэд Хууль

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34


Бүлэг 9

Израиль аа, сонс! Тэнгэр тулсан өндөр хана хэрэм бүхий том том хотуудтай, өөрсдөөс чинь илүү хүчирхэг том үндэстнүүдийг эзлэхээр явахын тулд чи өнөөдөр Иордан голыг гатлах гэж байна.
2 Тэндхийн хүмүүс нь аварга том, өндөр, та нарын мэддэг анакчуудын хөвгүүд билээ. “Анакийн хөвгүүдийн өмнө хэн зогсож чадах билээ?” гэж хэлэлцдэгийг та нар бас сонссон.
3 Чи өнөөдөр мэдэж ав. ЭЗЭН Бурхан чинь дүрэлзэж байгаа гал шиг чиний өмнө гатлан явж, тэднийг бут цохиод, чиний өмнө унагана. Ингэснээр чи ЭЗЭНийхээ айлдсан ёсоор тэднийг хөөн гаргаж, даруй устгах юм.
4 ЭЗЭН Бурхан чинь тэднийг чиний өмнөөс хөөн гаргасны дараа “ЭЗЭН миний зөвт байдлаас болж намайг энэ газар нутгийг эзэмшүүлэхээр авчирсан” гэж дотроо бүү бод. Харин эдгээр үндэстний хорон муу байдлаас болж ЭЗЭН тэднийг чиний өмнөөс хөөн гаргаж байгаа юм.
5 Чи тэдний газар нутгийг эзэмшихээр явах гэж байгаа нь чиний зөвт байдлаас болсон юм биш, зүрх сэтгэлийн чинь шулуун шударгаас болсон юм биш, харин ЭЗЭН чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд тангарагласан тангаргаа батлахын тулд ЭЗЭН Бурхан чинь тэднийг чиний өмнөөс хөөн зайлуулж байгаа нь эдгээр үндэстнүүдийн хорон муу байдлаас болсон юм.
6 ЭЗЭН Бурхан чинь чамд энэ сайхан газар нутгийг эзэмшүүлэхээр өгч байгаа нь чиний зөвт байдлаас болсон юм биш гэдгийг мэдэж ав. Учир нь чи бол хөшүүн хүзүүтэй ард түмэн юм.
7 Цөлд чи өөрийн Бурхан ЭЗЭНийг яаж хилэгнүүлж байснаа марталгүй санаж яв. Чи Египетийн нутгийг орхисон өдрөөс хойш энэ газарт иртлээ ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр байсан.
8 Тэр ч байтугай та нар Хореб ууланд ЭЗЭНий уур хилэнг өдөөснөөс болж ЭЗЭН та нарт ихэд хилэгнэж, та нарыг устгах гэсэн билээ.
9 Тэр үед би чулуун хавтангууд буюу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний хавтангуудыг авахаар уул өөд гараад, тэр ууланд дөчин өдөр, дөчин шөнө байхдаа талх ч идээгүй, ус ч уугаагүй.
10 Бурханы хуруугаар бичигдсэн хоёр чулуун хавтанг ЭЗЭН надад өгсөн. Чуулган болсон тэр өдөр уулын орой дээр галын дундаас та нарт хандаж ЭЗЭНий айлдсан бүх үгс тэдгээр хавтан дээр байсан.
11 Тэрхүү дөчин өдөр, дөчин шөнийн эцэст ЭЗЭН надад хоёр чулуун хавтан буюу гэрээний хавтанг өгсөн.
12 Дараа нь ЭЗЭН надад хандан “Чи босож, эндээс даруй буу. Учир нь чиний Египетээс гаргаж авчирсан ард түмэн чинь ялзарч, Миний тэдэнд тушаасан замаас тэд маш түргэн буцаж, өөрсдөдөө зориулан цутгамал хөрөг бүтээсэн байна” гэсэн.
13 ЭЗЭН цааш нь надад “Би энэ ард түмнийг харлаа. Үнэхээр тэд бол хөшүүн хүзүүтэй ард түмэн байна.
14 Надад бүү саад хий. Би тэднийг устгаж, тэдний нэрийг тэнгэрийн доороос арчин хаяж, чамайг тэднээс илүү хүчтэй, илүү агуу үндэстэн болгоно” гэсэн.
15 Намайг уулан дээрээс буцаж буухад ууланд гал дүрэлзэж, гэрээний хоёр хавтан миний хоёр гарт байв.
16 Үнэхээр та нар ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэнийг би харсан. Та нар өөрсдөдөө зориулж, тугалын дүрсийг цутган бүтээжээ. Та нар ЭЗЭНий тушаасан замаас маш түргэн буцсан учир
17 би өнөөх хоёр хавтанг гартаа авч, чулуудан та нарын нүдний өмнө буталсан билээ.
18 Би ЭЗЭНий өмнө урьдынх шигээ дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтэж, талх ч идээгүй, ус ч уугаагүй. Та нарын Түүний уур хилэнг хөдөлгөхөөр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу үйлдэлд холбогдсон бүх нүглээс чинь болж тэгсэн юм.
19 ЭЗЭН та нарт ихэд уурлан хилэгнэж, та нарыг устгах гэсэнд би айсан. Харин ЭЗЭН тэр үед ч мөн намайг сонссон.
20 ЭЗЭН Ааронд ихэд уурлаж, түүнийг хөнөөх гэсэнд би тэр үед ч мөн Аароны төлөө залбирсан.
21 Та нарын нүгэл болох та нарын бүтээсэн тугалыг би авч галд шатаан, нарийн тоос мэт болтол нь бутлаж нунтаглаад, уулаас урсан буух горхины усанд цацсан.
22 Та нар Табера, Масса, Киброт-хаттаавад байхдаа ЭЗЭНийг бас хилэгнүүлсэн.
23 ЭЗЭН та нарыг Кадеш-барнеагаас явуулахдаа “Та нар явж, Миний та нарт өгсөн газрыг эзэмшицгээ” гэж хэлсэн. Харин та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалыг эсэргүүцэн, Түүнд итгэсэн ч үгүй, Түүний үгийг ч сонсоогүй.
24 Би та нарыг мэдэх болсон тэр өдрөөс хойш та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр ирсэн.
25 ЭЗЭН та нарыг устгана хэмээн айлдсанаас болж би Түүний өмнө дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтсэн билээ.
26 Би ЭЗЭНд залбирсан бөгөөд “Эзэн БУРХАН, Та Өөрийнхөө сүр хүчээр зольсон, хүчирхэг мутраараа Египетээс гаргаж авсан Өөрийн ард түмэн Өөрийн өвийг битгий устгаач.
27 Та Өөрийн зарц Абрахам, Исаак, Иаков нарыг санаач. Энэ ард түмний зөрүүд зан, тэдний хорон муу байдал, тэдний нүглийг битгий хараач.
28 Эс бөгөөс Таны биднийг гаргаж авсан тэр нутгийнхан «ЭЗЭН тэдэнд амласан газартаа тэднийг аваачих чадваргүй байсан учраас, мөн тэднийг үзэн ядсан учраас Тэр тэднийг цөлд алахаар авчирсан» гэж хэлэх болно.
29 Тэд бол Таны агуу их хүчээрээ, сунгасан мутраараа гаргаж авчирсан Таны ард түмэн болох Таны өв билээ” гэсэн.