Дэд Хууль
Бүлэг 21
ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшүүлэхээр өгч буй газар дээр хэн нэгэн хүний хүүр хээр талд хэвтэж байх нь олдоод, хэнд алагдсан нь мэдэгдэхгүй байвал
2 танай ахмадууд, шүүгчид гарч очоод, тэр алагдсан хүнээс эргэн тойрных нь хотууд хүртэлх зайг хэмж.
3 Тэр алагдсан хүнд хамгийн ойр байгаа хотын ахмадууд нь эдэлгээ, буулганд ороогүй байгаа охин бярууг авна.
4 Тэгээд тэр хотын ахмадууд охин бярууг урсгал ус бүхий хагалаагүй, тариалаагүй атар хөндий уруу хөтөлж аваачаад, хүзүүг нь хуга мушгина.
5 Левийн хөвгүүд болох тахилч нар бас тийшээ очно. Тэднийг Өөртөө үйлчлүүлж, ЭЗЭНий нэрээр ерөөл тавиулахаар ЭЗЭН Бурхан чинь сонгосон юм. Аливаа маргаан, тэмцлийг тэдний үгээр шийднэ.
6 Мөнөөх алагдсан хүнд хамгийн ойрхон байгаа хотын ахмадууд бүгдээрээ тэр хөндийд хүзүүгээ хуга мушгиулсан охин бяруун дээр гараа угааж,
7 “Бид өөрсдийн гараар энэ цусыг урсгаагүй, өөрсдийн нүдээр түүнийг хараа ч үгүй.
8 Өө, ЭЗЭН! Та Өөрийн зольсон ард түмэн, Израилийг уучилж өршөө. Гэмгүй хүний цусыг урсгасан гэм бурууг Өөрийн ард түмэн Израилийн дунд бүү байлгаач” гэж хэлбэл цус урсгасан тэр гэм уучлагдах болно.
9 Чи тийнхүү ЭЗЭНий мэлмийд зөв үйлийг хийхдээ гэмгүй хүний цусыг урсгасан гэмийг өөрсдийнхөө дундаас зайлуулна.
10 Чамайг дайсантайгаа тулалдахаар явахад чиний Бурхан ЭЗЭН тэднийг гарт чинь тушааж, чи тэднийг олзлон авах үед,
11 олзлогдогсдын дунд үзэсгэлэнтэй бүсгүйг чи хараад, түүнийг хүсэмжлэн, эхнэрээ болгож авъя гэвэл
12 түүнийг гэртээ өөрийн байшинд аваач. Тэгээд тэр бүсгүй үсээ хусаж, хумсаа авч,
13 олзлогдогчийн хувцсаа сольж, гэрт чинь суугаад, эцэг эхийгээ үгүйлэн бүтэн сар гашуудсаны дараа чи түүн дээр орж, нөхөр нь болж, тэр чиний эхнэр болно.
14 Тэгээд тэр бүсгүй хэрэв чамд таалагдахгүй байвал түүнийг дуртай зүгт нь явуул. Харин чи түүнийг мөнгөөр худалдаж хэрхэвч болохгүй. Чи түүнийг эзэгнэж байсан учраас түүнд боол шиг бүү ханд.
15 Хэрэв хоёр эхнэртэй хүн нэгэнд нь хайртай, нөгөөд нь хайргүй атал хайртай, хайргүй хоёр эхнэр нь хоёулаа түүнд хөвгүүн төрүүлэн өгч, ууган хүү нь хайргүй эхнэрээс нь гарсан байвал,
16 хөвгүүддээ өмчөө өвлүүлэх өдөр тэр хүн хайртай эхнэрээсээ гарсан хүүг хайргүй эхнэрээсээ гарсан жинхэнэ ууган хүүгийн өмнүүр ууган хүү болгож болохгүй.
17 Харин хайргүй эхнэрээс гарсан хүүгээ ууган хүү гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх өмч хөрөнгөнөөсөө түүнд хоёр дахин илүү хувийг өг. Учир нь тэрээр чиний эр чадлын охь болсныхоо хувьд ууган хүүгийн эрх түүнд бий.
18 Хэрвээ эцэг эхийнхээ үгийг дагадаггүй, зөрүүд, тэрслүү хүүтэй хэн нэгэн хүн хүүгээ зодож занчсан ч дуулгаваргүй байвал
19 эцэг эх нь түүнийг барьж аваад, хотынхоо хаалга уруу хотын ахмадуудад хүргэж өгөөд,
20 хотынхоо ахмадуудад хандан “Манай энэ хүү зөрүүд, тэрслүү хүүхэд, бидний үгэнд ордоггүй танхай балмад, архичин” хэмээвээс
21 хотынхон бүгдээрээ түүн уруу чулуу шидэн алах ёстой. Тийнхүү чи өөрсдийнхөө дундаас бузар мууг зайлуул. Тэгвэл түүнийг бүх Израиль сонсоод, айж эмээнэ.
22 Үхвэл зохих нүгэл үйлдсэн хүнийг алж, түүнийг модонд өлгөвөл
23 хүүрийг нь модон дээр шөнөжин байлгаж болохгүй. Түүнийг тэр өдөрт нь булшил. ЭЗЭН Бурханаас чинь та нарт өв болгон өгч буй тэр газрыг бүү бузарла. Модон дээр өлгөгдсөн хүн бол Бурханаар хараагдсан болой.