Дэд Хууль

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34


Бүлэг 20

Чи дайсантайгаа тулалдахаар гараад, өөрийнхөөс чинь илүү олон морьд, тэрэг, хүмүүсийг харвал тэднээс бүү ай. Учир нь чамайг Египет нутгаас авчирсан ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байна.
2 Та нарыг тулалдааны газар ойртох үед тахилч хүрч очоод, ард түмэнд хандан хэлнэ.
3 Тэрээр тэдэнд хандан “Израиль аа, сонс! Өнөөдөр та нар дайсантайгаа тулалдахаар хүрч ирээд байна. Бүү зүрх алд. Та нар тэднээс бүү ай, бүү уймар, бүү чичир!
4 Учир нь та нарын төлөө дайсантай чинь байлдахаар, та нарыг аврахаар та нартай хамт явагч нь чиний Бурхан ЭЗЭН юм” гэж хэл.
5 Түшмэд ард олонд хандан “Шинэ байшин бариад, ёслолоо хийгээгүй байгаа хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэрээр дайнд амиа алдаж, өөр хүн байшингийнх нь ёслолыг хийх вий.
6 Усан үзмийн цэцэрлэг байгуулаад, үр жимсийг нь амсаагүй байгаа хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэрээр дайнд амиа алдаж үр жимсийг нь өөр хүн идэх вий.
7 Бүсгүй хүнд сүй тавьсан боловч түүнийгээ авч амжаагүй хүн хэн байна бэ? Тэр хүн гэртээ буц. Тэр дайнд амиа алдаж, өөр хүн түүнийг нь авах вий” гээд,
8 түшмэд ард олонд цааш нь үргэлжлүүлэн “Аймхай, зүрхгүй хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Ингэснээр тэр ах дүү нараа өөр шигээ зүрх алдуулахгүй юм” гэж хэл.
9 Түшмэд ард олонд хандан ярьж дуусаад, ард олныг тэргүүлэх цэргийн дарга нарыг томилох болно.
10 Чи аль нэг хотыг дайран эзлэхээр очих үедээ, тэр хотынхонд хандан найрамдахыг зарлан тунхагла.
11 Хэрэв тэр хот чамтай найрамдахыг зөвшөөрч, хотынхоо хаалгыг чамд нээж өгвөл чи тэр хотын бүх оршин суугчдыг албадан ажиллуулж, өөртөө үйлчлүүл.
12 Хэрэв тэр хотынхон чамтай найрамдалгүй, чамайг эсэргүүцэн байлдвал, чи тэр хотыг бүслэгтүн.
13 ЭЗЭН Бурхан чинь тэр хотыг чиний гарт тушаах үед чи тэр хотын бүх эрчүүдийг илдний ирээр цавч.
14 Харин эмэгтэйчүүд, хүүхдүүд, мал сүрэг болон хотын дотроос олзолсон бүхэн чинийх учир ав. Чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгсөн, дайснуудаасаа олзолсон эд юмсыг чи эдэлж хэрэглэ.
15 Дэргэдэх эдгээр үндэстнүүдэд хамаарахгүй өөрөөс чинь хол байгаа хотуудад чи үүнийг үйлдэгтүн.
16 Харин ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй эдгээр ард түмнүүдийн хотуудаас амьсгаатай юуг ч бүү үлдээ.
17 ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор чи хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хүйс тэмтэр.
18 Эс тэгвэл тэд бурхаддаа үйлдсэн жигшүүрт бүхнээ та нарт зааж, дагуулан, та нараар ЭЗЭН Бурханд чинь нүгэл үйлдүүлэх болно шүү.
19 Та нар аль нэг хотыг эзлэхээр дайтан, удаан хугацаагаар бүслэх үед, сүхээ далайж тэндхийн моддыг бүү устга. Та нар тэр моддоос идэх учраас тэдгээрийг бүү цавчин унага. Талбайн модод чинь хүн юм уу? Та нар яахин түүнийг бүсэлнэ вэ?
20 Харин та нар жимсний мод биш болохыг нь мэдэж байгаа моддыг устга. Тэгээд цавчин бэхлэлт хийн, та нартай байлдаж байгаа тэр хотынхныг ялагдах хүртэл нь хэрэглэ.