Дэд Хууль

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34


Бүлэг 15

Долоон жил тутамд жилийн эцсээр чи авлагаа цуцла.
2 Цуцлалтыг ингэж хийнэ. Зээлдүүлэгч хүн бүр хөршөөсөө авах авлагаа цуцлах ёстой. Тэр хөршөөсөө, эсвэл ах дүүсээсээ өрөө бүү нэх. Учир нь ЭЗЭНий өршөөлийн жил тунхаглагдсан билээ.
3 Харийн хүнээс өрөө нэхэж болно. Харин ах дүүсээсээ авах бүх өрийг цуцал.
4 Өнөөдөр миний чамд өгч байгаа энэ бүх тушаалыг сахин мөрдөхийн тулд чи зөвхөн ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дуулгавартай сонсох аваас,
5 чиний Бурхан ЭЗЭНий чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй газар дээр ЭЗЭН чамайг үнэнхүү ивээх учир та нарын дунд ядуу хүн байхгүй болно.
6 ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо чамайг ивээх болно. Чи олон үндэстнүүдэд зээлдүүлнэ. Харин чи зээлж авахгүй. Чи олон үндэстнүүдийг захирна. Харин чи тэдэнд захирагдахгүй.
7 Хэрэв ЭЗЭН Бурхан чинь чамд өгч буй газар нутаг дээрх аль нэгэн хотод чиний ах дүүсийн дотор ядуу хүн байвал чи тэр ядуу ах дүүдээ хатуу зүрх сэтгэл бүү гарга. Түүнээс гараа бүү тат.
8 Харин чи түүнд заавал гараа сунгаж, түүний хэрэгтэй бүхнийг нь өгөөмрөөр хангаж, зээлүүл.
9 Чи болгоомжтой байж, дотроо хорон муу санаа бүү хадгал. “Өрөө цуцлах долоо дахь жил ойртлоо” гээд ядуу ах дүүгээ муухай харж, түүнд юу ч өгөхгүй байвал тэрээр ЭЗЭНд чиний эсрэг мэдүүлж, тэр нь чамд нүгэл болно.
10 Чи түүнд өгөөмрөөр өгөх ёстой. Түүнд өглөг өгөхдөө харам сэтгэл бүү гарга. Ингэвэл ЭЗЭН Бурхан чинь чиний бүх ажил үйлс болон гардан хийх бүхний чинь төлөө чамайг ивээх болно.
11 Газар дэлхий дээр ядуу зүдүү хүн хэзээ ч тасрахгүй. Тийм учраас би чамд “Өөрийнхөө газар нутаг дээрх үгээгүй, ядуу зүдүү ах дүүстээ чи гараа сунгаж бай” гэж тушааж байна.
12 Хэрэв чамтай угсаа нэг еврей эр, эсвэл еврей эм чамд худалдагдаад, зургаан жил чамд зарцлагдсан бол чи түүнийг долоо дахь жилд нь чөлөөлж явуул.
13 Түүнийг чи чөлөөлөхдөө гар хоосон бүү явуул.
14 Түүнд мал сүргээсээ, үтрэмээсээ, усан үзэм шахах торхноосоо харамгүй өг. ЭЗЭН Бурхан чинь чамайг ивээсэн шиг түүнд өг.
15 Чи Египетийн нутагт боол байснаа, чиний Бурхан ЭЗЭН чамайг зольсныг санаж яв. Тийм учраас би өнөөдөр чамд үүнийг тушааж байна.
16 Хэрэв зарц чинь чамд болон чиний гэр бүлийнхэнд хайртай учир чамтай хамт байх нь илүү сайн гэж үзээд, чамд хандан ‘’Би танайхаас явахгүй’’ гэвэл
17 чи шөвөг аваад, түүний чихийг хаалганд нааж байгаад цоол. Тэгвэл тэр үүрд чиний зарц болно. Чи шивэгчинд ч мөн үүнчлэн үйлд.
18 Зарц чинь чамд зургаан жилийн турш хөлсний зарцаас хоёр дахин илүүгээр зарцлагдсан учраас чи түүнийг чөлөөлөхийг хэцүү гэж бүү бод. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний үйлдэх аливаа үйлсэд чамайг ивээнэ.
19 Чи өөрийнхөө үхэр, хонины ууган эр төл бүрийг өөрийн Бурхан ЭЗЭНд тусгаарлагтун. Чи үхрийнхээ ууган тугалыг бүү эдэл. Чи хониныхоо ууган хургыг бүү хярга.
20 Чи болон гэр бүлийнхэн чинь ЭЗЭНийхээ сонгож авах газарт жил бүр ЭЗЭН Бурханыхаа өмнө түүнийгээ ид.
21 Харин тэдгээр нь доголон юм уу, сохор, эсвэл өөр ямар нэгэн согогтой байвал түүнийг ЭЗЭН Бурхандаа зориулан тахил болгон өргөж болохгүй.
22 Чи түүнийг хотынхоо дотор ид. Бузартсан ба цэвэр хүний аль нь ч түүнийг зээр, бугын мах мэтээр ид.
23 Харин чи цусыг нь бүү ид, түүнийг газарт ус шиг асга.