Дэд Хууль
Бүлэг 10
Тэгэхэд ЭЗЭН надад “Чи түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлаад, уулан дээр Над уруу хүрч ир. Бас нэгэн модон авдар хий.
2 Чиний буталсан түрүүчийн хавтангууд дээр байсан үгсийг Би тэр хавтан дээр бичье. Чи түүнийг тэр авдартаа хий” гэв.
3 Би хуайс модоор нэг авдар хийж, түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлан, түүнийгээ гартаа бариад уул уруу гарсан.
4 Чуулган болсон тэр өдөр ЭЗЭН уулан дээр галын дундаас та нарт хандаж айлдсан Арван Хуулиа түрүүчийн адил хавтангууд дээр бичээд, түүнийгээ надад өгсөн билээ.
5 Тэгээд би буцаж, уулаас буугаад, ЭЗЭНий надад тушаасан ёсоор нөгөөх хавтангуудаа өөрийнхөө хийсэн авдарт хийсэн бөгөөд хавтангууд одоо ч тэндээ байгаа.
6 (Израилийн хөвгүүд Беерот Бене-Иааканаас, Мосера уруу хөдөлсөн билээ. Аарон тэнд үхэж, түүнийг тэнд оршуулсан. Түүний хүү Елеазар оронд нь тахилч болж үйлчилсэн.
7 Тэд тэндээсээ Гудгода уруу хөдөлж, мөн цааш Гудгодагаас хөдөлж, горхи элбэгтэй Иотбатад хүрч ирсэн билээ.
8 Тэр үед ЭЗЭН Леви овгийнхныг ЭЗЭНий гэрээний авдрыг зөөлгөхийн тулд, Түүнд зарагдаж, Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхээр ЭЗЭНий өмнө зогсоохын тулд тусгаарласан.
9 Тиймээс левичүүд ах дүүсийнхээ дунд хувь ч үгүй, өв ч үгүй. Чиний Бурхан ЭЗЭН тэдэнд айлдсан ёсоор ЭЗЭН тэдний өв юм.)
10 Би урьдын адил уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байсан. ЭЗЭН тэр үед ч бас намайг сонссон бөгөөд чамайг устгах хүсэлгүй байсан.
11 Тэгээд ЭЗЭН надад хандан “Чи бос. Миний тэдэнд өгөхөөр өвөг дээдэст нь тангарагласан газар уруу тэднийг аваачиж, эзэмшүүлэхийн тулд энэ ард түмнийг тэргүүлэн аян замаа цааш үргэлжлүүл” гэж айлдсан билээ.
12 Израиль аа! Чиний Бурхан ЭЗЭН чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан, бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг болон
13 чиний сайн сайхны төлөө өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг, тушаалыг дагаж мөрдөхийг шаарддаг бус уу?
14 Тэнгэр хийгээд хамгийн дээд тэнгэр, бас газар дэлхий, түүн дээр байгаа бүхэн чиний Бурхан ЭЗЭНийх юм.
15 Гэсэн ч ЭЗЭН зөвхөн чиний өвөг дээдсийг хайрлахаар таашаан соёрхож, тэдний үр удмынхан болох та нарыг өнөөдрийнхтэй адил бүх ард түмнүүдийн дээгүүр сонгож авсан.
16 Тиймээс та нар зүрхэндээ хөвч хөндүүлж, цаашид хөшүүн хүзүү бүү гарга.
17 Та нарын Бурхан ЭЗЭН бол бурхдын Бурхан, эздийн Эзэн, агуу их, хүчирхэг, аймшигт Бурхан. Тэрээр хүнийг алагчилдаг ч үгүй, хээл хахууль авдаг ч үгүй.
18 Тэрээр өнчин, бэлэвсэн эмэгтэйн төлөө шударга ёсыг тогтоон, харийн хүнд хоол хүнс, хувцас хунар өгч Өөрийн хайраа харуулдаг.
19 Та нар Египетэд харийн хүн байсан. Тийм учраас та нар харийн хүнийг хайрла.
20 ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдан, Түүнээс зууран, Түүний нэрээр тангарагла.
21 Тэр бол чиний магтаал, Тэр бол чиний Бурхан. Тэрээр чиний нүдээрээ үзсэн тийм агуу их, сүрдмээр зүйлсийг чиний төлөө үйлдсэн.
22 Египетэд хүрч очсон чиний өвөг дээдэс ердөө далуулаа байсан бол ЭЗЭН Бурхан чинь одоо чамайг тэнгэрийн одод мэт олон болгожээ.