Дэд Хууль

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34


Бүлэг 14

Та нар бол өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНий хөвгүүд юм. Үхэгсдийнхээ төлөө биеэ бүү зүс. Магнайныхаа үсийг бүү хус.
2 Чи бол ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. ЭЗЭН дэлхий дээр байгаа бүх ард түмнүүдийн дотроос чамайг Өөрийнхөө өв, ард түмэн болгохоор сонгосон билээ.
3 Чи жигшмээр муухай юуг ч бүү ид.
4 Та нарын идэж болох амьтад нь үхэр, хонь, ямаа,
5 буга, зээр, улаан буга, зэрлэг ямаа, янгир, урт эвэртэй гөрөөс, аргаль юм.
6 Амьтдын дундаас туурай нь салаатай ац туурайтан, хивдэг ямар ч амьтдыг та нар идэж болно.
7 Харин хивдэг, эсвэл ац туурайтай амьтдын дотроос та нарын идэж болохгүй амьтан бол тэмээ, туулай, хадны дорго. Эдгээр амьтад хивдэг боловч салаа туурайгүй учир та нарт бузар бөгөөд
8 гахай бол ац туурайтан боловч хивдэггүй учир та нарт бузар болно. Та нар эдгээрийн махыг нь идэж болохгүй, хүүрт нь ч хүрч болохгүй.
9 Усан дотор байдаг сэрвээтэй, хайрстай бүхнийг та нар идэж болно.
10 Харин сэрвээгүй, хайрсгүй ямар ч амьтныг бүү ид. Энэ нь та нарт бузар болно.
11 Аливаа цэвэр шувууг та нар идэж болно.
12 Харин идэж болохгүй шувууд гэвэл бүргэд, тас, хар тас,
13 улаан шонхор, элээ, шонхрын төрөл,
14 хэрээний төрөл,
15 тэмээн хяруул, шар шувуу, цахлай, харцагын төрөл,
16 ууль, цагаан хүзүүт тас, цагаан ууль,
17 хотон, хүрэн шувуу, хар галуу,
18 өрөвтас, хөх дэглийн төрөл, өвөөлж, сарьсан багваахай юм.
19 Нисдэг хорхой шавьж бүхэн та нарт бузар болно. Тэдгээрийг бүү ид.
20 Харин аливаа цэвэр шувууг та нар идэж болно.
21 Та нар бол ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. Тиймээс аливаа үхсэн амьтныг бүү ид. Харин та нар түүнийг өөрийнхөө хотод суудаг харийн хүнд өгөөд идүүлэх, эсвэл гаднын хүнд худалдаж болно. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.
22 Чи жил бүр талбайнхаа ургацын аравны нэгийг заавал өргө.
23 ЭЗЭН Бурханаасаа үргэлж айн эмээхийг сурахын тулд ЭЗЭН Бурханыхаа өмнө, ЭЗЭН нэрээ тавихаар сонгож авсан тэр газарт чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэгийг, мал сүргийнхээ ууган төлийг идэх ёстой.
24 Хэрэв чиний Бурхан ЭЗЭН нэрээ тавихаар сонгож авсан газар нь чамаас хэтэрхий хол учраас чиний явах зам бэрхтэй болж ЭЗЭН Бурханыхаа ивээсэн зүйлийг чи аваачиж чадахгүй бол
25 түүнийгээ мөнгөөр солиод, тэр мөнгөө гартаа бариад, ЭЗЭН Бурханыхаа сонгож авсан тэр газар уруу хүрч оч.
26 Тэгээд чи сэтгэлдээ хүссэн зүйлээ мөнгөөрөө худалдаж авч болно. Үхэр, эсвэл хонь, эсвэл дарс, эсвэл хатуу ундаа юм уу, аль сэтгэлдээ хүссэн зүйлээ авч болно. Чи болон чиний гэр бүл тэнд ЭЗЭН Бурханыхаа өмнө хооллож, хөөрөн баясах болно.
27 Танай хотод амьдран суудаг левичүүд бол та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй учир та нар левичүүдийг бүү орхи.
28 Гурван жил тутамд жилийн эцсээр, тэр жилийнхээ ургацын аравны нэгийг бүрэн гаргаж, хот дотроо хадгал.
29 Тэгээд та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй левичүүдийг болон хотын дотор суудаг харийн хүн, өнчин, бэлэвсэн хүмүүсийг ирүүлж, хооллон цатга. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийдэг бүх үйлсэд чамайг ивээх болно.