Дэд Хууль
Бүлэг 29
Хореб ууланд Израилийн хөвгүүдтэй байгуулсан гэрээнээс нь гадна ЭЗЭНий Мосед тушааж, Моабын нутагт израильчуудтай байгуулсан гэрээний үгс нь энэ болой.
2 Мосе бүх Израилийг дуудан тэдэнд хэлсэн нь—Египетийн нутагт Фараонд болон түүний бүх түшмэдэд, түүний бүх газар нутагт ЭЗЭНий үйлдсэн бүхнийг та нар нүдээрээ үзсэн.
3 Та нар их сорилт, агуу тэмдэг, гайхамшгийг нүдээрээ үзсэн билээ.
4 Харин ЭЗЭН өнөөдрийг хүртэл та нарт ойлгох ухаан, харах нүд, сонсох чихийг өгөөгүй.
5 Би цөлд та нарыг дөчин жил удирдсан. Та нарын өмссөн хувцас чинь элэгдээгүй, хөлийн чинь гутал ч урагдаагүй билээ.
6 Би бол чиний Бурхан ЭЗЭН гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд та нарт талх ч идүүлээгүй, дарс, хатуу ундаа ч уулгаагүй.
7 Та нарыг энд хүрч ирэхэд Хешбоны хаан Сихон, Башаны хаан Ог бидэнтэй байлдахаар ирсэн боловч бид тэднийг бут цохисон.
8 Бид тэдний газар нутгийг аваад, Реубен, Гад, Манассе овгийнхны хагаст өв болгон өгсөн билээ.
9 Тиймээс та нар энэ гэрээний үгийг сахин мөрд! Тэгвэл та нарын хийсэн бүхэн сайн сайхан болно.
10 Өнөөдөр та бүхэн, танай тэргүүнүүд, танай овгууд, танай ахмадууд, танай түшмэд, Израилийн бүх эрчүүд,
11 та нарын балчир хүүхдүүд, та нарын эхнэрүүд, танай хуаранд суудаг харийн хүмүүс, модыг чинь хагалдаг хүнээс аваад, усыг чинь зөөдөг хүн хүртэл бүгд
12 Чиний Бурхан ЭЗЭНий гэрээнд нэгдэж, ЭЗЭН Бурханы чинь өнөөдөр чамд хандан өргөж байгаа тангарагт оролцохоор ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байна.
13 ЭЗЭН чамд айлдсан ёсоороо мөн чиний өвөг дээдэс Абрахам, Исаак болон Иаковд тангарагласан ёсоороо, өнөөдөр чамайг Өөрийн ард түмэн болгон, Өөрөө чиний Бурхан болох гэсэн юм.
14 Би энэ гэрээг болон энэ тангаргийг зөвхөн та нартай хийгээгүй
15 бөгөөд өнөөдөр энд бидний Бурхан ЭЗЭНий өмнө бидэнтэй хамт зогсож байгаа хүн бүхэнтэй, мөн өнөөдөр энд бидэнтэй хамт байхгүй байгаа хүн бүхэнтэй хийж байна.
16 Египет газарт бидний хэрхэн амьдарч байсан, мөн та нарын туулсан үндэстнүүдийн дундуур бидний хэрхэн гарч ирснийг та нар мэдэх билээ.
17 Та нар мөн тэдэнд байгаа жигшүүртэй зүйлс, мод, чулуу, мөнгө, алтан шүтээнийг харсан.
18 Өнөөдөр та нарын дотор байгаа нэг ч эр юм уу, эм хүн эсвэл гэр бүл юм уу, овог бидний Бурхан ЭЗЭНээс сэтгэл урваж, тэдгээр үндэстний бурхдад очиж зарагдах болуузай. Та нарын дотор хорт үр, гашуун үндэс бий болуузай.
19 Энэ хараалын үгийг сонсогч нь зүрхэндээ өөрийгөө тайвшруулж, “Би сэтгэлээ хатууруулж, устай газар, хуурай газрыг устгасан ч би амар тайван байна” гэж бодох болуузай.
20 ЭЗЭН түүнийг хэзээ ч өршөөхгүй. Харин ч ЭЗЭНий уур хилэн, хар хор нь түүний эсрэг шатаж, энэ номд бичигдсэн хараал бүхэн түүн дээр бууж, ЭЗЭН түүний нэрийг тэнгэрийн доороос арчина.
21 ЭЗЭН энэхүү хуулийн номд бичигдсэн гэрээний бүх хараалын дагуу түүнийг муу ёр болгон Израилийн бүх овгуудаас тусгаарлан салгана.
22 Та нарын хойч үе удам чинь хийгээд алс газраас хүрч ирэх харийн хүмүүс тэр газрын гай гамшиг болон ЭЗЭНий тэр газарт дэлгэрүүлсэн өвчнийг хараад,
23 “Энд тэндгүй хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ” гэж хэлнэ.
24 Бүх үндэстнүүд “ЭЗЭН энэ газарт яагаад ийм зүйлийг хийв ээ? Яагаад ийнхүү уур хилэнгээр шатав аа?” гэж хэлбэл
25 хүмүүс “Тэдний өвөг дээдсийн Бурхан ЭЗЭН Египетийн нутгаас тэднийг гаргахдаа байгуулсан гэрээг тэд хаяж,
26 өөрсдөө ч мэдэхгүй, ЭЗЭН ч тэдэнд өгөөгүй өөр бурхдад очиж зарагдан, мөргөснөөс тийм болжээ.
27 Тийм учраас ЭЗЭН энэ газарт хилэгнэж, энэ номд бичигдсэн бүх хараалыг түүн дээр буулган,
28 ЭЗЭН бас уур хилэн, зэвүүцлээрээ тэднийг тэр газраас хуу татан өөр газар уруу тарааж шидсэн нь өнөөдрийнхтэй адил болжээ” гэж хэлэх болно.
29 Нууц зүйлс нь бидний Бурхан ЭЗЭНд хамаарах бөгөөд харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд, бидний хөвгүүдэд үүрд хамаарна. Биднээр энэ хуулийн бүх үгсийг мөрдүүлэхийн тулд тэр болой.