Дэд Хууль
Бүлэг 22
Хэрэв чи ах дүүгийн чинь үхэр, хонь төөрч явааг харвал хайхралгүй бүү өнгөрөө. Харин чи түүнийг ах дүүдээ заавал буцаан хүргэж өг.
2 Хэрвээ ах дүү чинь чамаас хол, эсвэл чи түүнийг мэдэхгүй байвал чи тэр малыг гэртээ авчраад, ах дүү чинь хайж иртэл нь өөртөө байлгаж байгаад, түүнд буцааж өг.
3 Илжиг ч байсан буцааж өг, хувцас хунар ч байсан буцааж өг. Ах дүүгийнхээ аливаа алдагдсан зүйлийг олбол чи тийнхүү буцаан өгч бай. Хайхралгүй бүү өнгөрөө.
4 Ах дүүгийн чинь илжиг, эсвэл үхэр замд унасан байхыг харвал хайхралгүй бүү өнгөр. Ах дүүдээ түүнийг түшиж босгоход нь заавал тусал.
5 Эмэгтэй нь эрэгтэй хүний хувцсыг бүү өмс. Эрэгтэй нь ч эмэгтэй хүний хувцсыг бүү өмс. Тэгсэн хэн бүхэн ЭЗЭН Бурханыхаа жигшлийг төрүүлэх болно.
6 Хэрэв явах замд чинь модон дээр, эсвэл газарт ангаахай юм уу өндөгтэй үүр байж, ангаахай эсвэл өндгөө дарсан эх шувуу дайралдвал эх болон ангаахайг хамтад нь бүү ав!
7 Чи эхийг нь заавал явуул. Харин ангаахайг нь өөртөө авч болно. Тэгвэл чи сайн сайхан байж, урт насална.
8 Чи шинэ байшин барихдаа дээвэр дээрээ хашлага хий. Хэн нэгэн хүн чиний байшин дээрээс унаж, цус урссан гэм нь гэрт чинь оногдуузай.
9 Усан үзмийн цэцэрлэгтээ хоёр өөр төрлийн үр бүү тарь. Хэрэв тэгвэл чиний тарьсан үрээс ургасан жимс, усан үзмийн цэцэрлэгийн ургац бүгд бохирдоно.
10 Чи газар хагалахдаа үхэр, илжиг хоёрыг нэг анжсанд бүү хөллө.
11 Ноос маалинга хоёрыг хольж нэхсэн хувцас бүү өмс.
12 Өмсдөг гадуур хувцасныхаа дөрвөн өнцөгт нь бүч хий.
13 Хэрэв хэн нэгэн хүн эхнэр авч, түүнтэйгээ унтаад, түүнд дургүй болж,
14 “Би энэ хүүхнийг авсан. Харин түүнтэй унтаад би түүний онгоны шинж тэмдгийг олж мэдсэнгүй” хэмээн гүтгэн, нэрийг нь гутаавал,
15 тэр бүсгүйн эцэг эх нь бүсгүйн онгон байсны тэмдгийг авч гараад, хотын дааман хаалганы дэргэдэх ахмадууд дээр очиж,
16 бүсгүйн эцэг нь ахмадуудад хандан “Би охиноо энэ хүнд эхнэр болгон өгсөн билээ. Гэтэл тэр дургүйцэн,
17 «Би чиний охины онгоны шинж тэмдгийг олж мэдсэнгүй» хэмээн түүнийг гүтгэсэн. Гэтэл хар! Миний охины онгоны шинж тэмдэг энэ байна” гэж хэлээд эцэг эх нь хотын ахмадуудын өмнө хувцсыг нь дэлгэн үзүүлнэ.
18 Хотын ахмадууд тэр хүнийг барьж авч цээрлүүлнэ.
19 Тэр хүн Израилийн онгон бүсгүйн нэрийг гутаасан учир тэд түүнийг зуун мөнгөн шекелээр торгон, мөнгийг бүсгүйн эцэгт өгнө. Тэгээд мөнөөх бүсгүй түүний эхнэр нь хэвээрээ үлдэх болно. Тэр хүн насан туршдаа түүнээс салж болохгүй.
20 Харин тэр бүсгүйг онгон байгаагүй гэсэн түүний мэдүүлэг нь үнэн байвал,
21 бүсгүйг эцгийнх нь гэрийн үүдэн дээр аваачиж, хотынхон нь түүн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй эцгийнхээ гэрт садарлан самуурч Израильд шившигт хэрэг хийсэн. Чи өөрсдийнхөө дундаас бузар мууг ингэж зайлуул.
22 Хэрвээ хэн нэгэн эр гэрлэсэн эмэгтэйтэй унтаж байгаад баригдвал эмэгтэйтэй унтсан эр болон мөнөөх эмэгтэй хоёулаа үхвэл зохино. Та нар бузар мууг ингэж Израилиас зайлуулах ёстой.
23 Хэрэв хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйтэй өөр эрэгтэй хүн хотын дотор учраад, унтвал
24 та нар тэр хоёрыг хотын хаалганы гадна гаргаж, тэдэн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй хотын дотор байсан ч хашхираагүй. Тэр эр хөршийнхөө эхнэрийг хүчирхийлсэн. Чи өөрсдийнхөө дундаас бузар мууг ингэж зайлуул.
25 Хэрвээ хүнтэй сүй тавьсан бүсгүйтэй хэн нэгэн эр хөдөө хээр тааралдаад хүчиндсэн байвал зөвхөн тэр хүчиндсэн эрийг л алах ёстой.
26 Тэр бүсгүй алуулбал зохих нүгэлгүй учир түүнийг зүгээр орхи. Энэ нь хэн нэг хүн хөрш уруугаа дайран амийг нь хороосонтой адил хэрэг юм.
27 Учир нь тэр эр бүсгүйтэй хөдөө хээр тааралдах үед тэр сүйт бүсгүй хашхирсан ч гэсэн түүнийг аврах хэн ч байхгүй байсан.
28 Хэрвээ хэн нэгэн эр сүй тавиагүй, онгон бүсгүйтэй тааралдаж, түүнийг барьж аваад, унтаж байгаад баригдвал
29 түүнтэй унтсан тэр эр бүсгүйн эцэгт тавин мөнгөн шекел өгч, тэр бүсгүйг эхнэр болгон авах ёстой. Учир нь тэрээр бүсгүйг хүчирхийлсэн юм. Тэр насан туршдаа түүнээс салж болохгүй.
30 Хэн нэгэн хүн эцгийнхээ эхнэрийг авч, эцгийнхээ хормойг сөхөж болохгүй.