Шастирын Дээд
Бүлэг 29
Тэгээд Давид хаан бүх чуулганд хандан—Бурханы сонгосон миний хүү Соломон нас бага, туршлагагүй бөгөөд ажил ч маш агуу байна. Учир нь энэ сүм хүнд зориулагдаагүй, харин ЭЗЭН Бурханд зориулагдсан билээ.
2 Өөрийн бүхий л чадлаараа би Өөрийн Бурханы өргөөнд зориулан алтан эдлэлүүдийг хийх алт, мөнгөн эдлэлүүдийг хийх мөнгө, хүрэл эдлэлүүдийг хийх хүрэл, төмөр эдлэлүүдийг хийх төмөр, модон эдлэлүүдийг хийх мод, оникс чулуу, шигтгэх чулуу, чимэглэх чулуу, олон өнгийн чулуу, бүх төрлийн эрдэнэсийн чулуу болон шохойн чулууг маш ихээр бэлдсэн.
3 Ариун сүмийн төлөө хэдийн бэлтгэсэн бүх зүйлээс гадна, миний Бурханы өргөөнд би баярласандаа өөрийн алт, мөнгийг ч миний Бурханы өргөөнд өргөсөн юм.
4 Үүнд Офирын алтнаас гурван мянган талант алт, барилгын ханыг бүрэхэд долоон мянган талант цэвэршүүлсэн мөнгө,
5 алтаар хийх эдлэлд алт, мөнгөөр хийх эдлэлд мөнгө буюу урчуудын гараар бүтэх бүх ажилд хэрэглэх зүйлс юм. Тиймээс энэ өдөр ЭЗЭНд зориулан өөрийгөө ариусгахыг хэн хүсэж байна вэ? гэв.
6 Тэгэхэд эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, Израилийн овгуудын ноёд, мянгатын болон зуутын дарга нар, хааны ажлын харгалзагчдын хамт сайн дураараа өргөл өргөв.
7 Бурханы өргөөний үйлчлэлд зориулан тэд таван мянган талант ба арван мянган дарик алт, арван мянган талант мөнгө, арван найман мянган талант зэс, зуун мянган талант төмрийг өргөв.
8 Үнэт чулуу эзэмшигч хүн бүр тэдгээрийгээ ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд авчирч, гершон хүн Иехиелд хариуцуулж өгөв.
9 Хүмүүс бүхий л зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд өргөлөө өргөсөн учраас ийнхүү сайн дураараа үйлдсэндээ баярлацгаав. Давид хаан ч бас маш ихээр баярлав.
10 Ингээд Давид бүх чуулганы нүдний өмнө ЭЗЭНийг магтахдаа—Бидний эцэг өвөг Израилийн Бурхан ЭЗЭН, Та мөнхийн мөнхөд магтагдах болтугай.
11 Өө, ЭЗЭН минь, агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан бөгөөд үнэхээр тэнгэр, газар дахь бүх юмс Таных билээ. Өө, ЭЗЭН минь, ноёрхол ч Таных бөгөөд Та Өөрийгөө бүхний тэргүүнээр өргөмжилдөг билээ.
12 Эд баялаг, хүндлэл нь хоёулаа Танаас ирдэг, Та бүхнийг захирдаг ба Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг. Хэн нэгэн хүнийг агуу болгож хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг.
13 Иймээс одоо, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны цог жавхлант нэрийг магтъя.
14 Би хэн болоод, миний ард түмэн хэн болоод ийнхүү харамгүйгээр өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас ирдэг бөгөөд Таны мутраас авснаа бид Танд өргөсөн юм.
15 Учир нь бид Таны өмнө түр оршин суух хүмүүс бөгөөд өөрсдийн бүх эцэг өвгөдийнхөө адил хөлслөн суугчид билээ. Дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэртэй адил бөгөөд ямар ч найдвар алга.
16 Өө, бидний Бурхан ЭЗЭН, Таны ариун нэрийн төлөө Танд өргөө барихаар бидний бэлтгэсэн энэ үлэмж их юмс бүгдээрээ Таны мутраас ирсэн бөгөөд эд бүгд Таных болой.
17 Өө, Бурхан минь, Та хүний зүрхийг тандан мэдэж, цэх шулуун байдлыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэддэг учир би чин үнэнч зүрхээрээ эдгээр бүх зүйлийг сайн дураараа өргөсөн юм. Тиймээс одоо энд байгаа Таны ард түмэн Танд сайн дураараа өргөлүүдээ өргөж байгааг хараад би баярлаж байна.
18 Бидний эцэг өвгөд болох Абрахам, Исаак, Израилийн Бурхан, ЭЗЭН, Өөрийн ард түмний зүрх сэтгэлийг үүрд иймээр нь хадгалан, тэдний сэтгэлийг Өөр уруугаа хандуулаач.
19 Миний хүү Соломонд бүрэн төгс зүрх сэтгэлийг өгч, Таны тушаалууд, гэрчлэлүүд болон зарлигуудыг сахиулан, тэр бүгдийг үйлдүүлж, миний бэлтгэсэн зүйлсээр сүмийг бариулаач хэмээв.
20 Тэгээд Давид бүх чуулганд—Өөрсдийн Бурхан ЭЗЭНийг одоо магтагтун хэмээсэнд бүх чуулган нь эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг магтан, сөгдөн мөргөж, ЭЗЭНд болон хаанд хүндлэл үзүүлэв.
21 Дараа өдөр нь тэд ЭЗЭНд тахил өргөж, мянган бух, мянган хуц, мянган хургыг дарсных нь өргөл болон тахилуудтай нь хамт бүх Израилийн төлөө хангалттайгаар шатаалт тахил болгон өргөлөө.
22 Ийнхүү тэд тэр өдөртөө ЭЗЭНий өмнө баяртайгаар идэж, ууцгаав. Тэд Давидын хүү Соломоныг хоёр дахь удаагаа хаанаар өргөмжлөн, түүнийг ЭЗЭНий өмнө удирдагч болгон, Задокийг тахилчаар томилжээ.
23 Дараа нь Соломон өөрийн эцэг Давидын оронд хаан болж, ЭЗЭНий өгсөн сэнтийд залрав. Тэрээр хөгжин дэвшсэн бөгөөд бүх Израиль түүнийг дуулгавартай дагав.
24 Бүх түшмэд, хүчирхэг эрс, мөн Давид Хааны бүх хөвгүүд ч Соломон Хаанд үнэнч байхаа тангараглалаа.
25 ЭЗЭН Соломоныг бүх Израилийн нүдэнд өндөрт өргөмжилж, түүний өмнө Израильд ямар ч хааны эдэлж байгаагүй сүр жавхланг түүн дээр цутгав.
26 Иессийн хүү Давид бүх Израилийг захирав.
27 Түүний Израилийг захирсан хугацаа дөчин жил болой. Тэр Хебронд долоон жил, Иерусалимд гучин гурван жил захирчээ.
28 Тэгээд тэр баялаг, хүндэтгэлээр дүүрэн өдрүүдээ эцэслэн, өндөр насыг наслаад үхэв. Түүний хүү Соломон түүний оронд хаанчлав.
29 Давид хааны үйлс нь эхнийхээсээ эцсийнх хүртэл үзмэрч Самуелын шастир, эш үзүүлэгч Натаны шастир болон үзмэрч Гадын шастирт бичигдсэн бөгөөд
30 түүний бүх хаанчлал, түүний хүч чадал, мөн түүнд, Израильд болон дэлхийн бүх хаанчлалд тохиолдсон үйл явдлууд тэнд бичигдсэн юм.