Шастирын Дээд

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29


Бүлэг 22

Тэгээд Давид—Энэ бол Бурхан ЭЗЭНий өргөө, энэ бол Израилийн төлөөх шатаалт тахилын ширээ юм хэмээв.
2 Ингээд Давид Израилийн нутагт байсан харийнхныг цуглуулах тушаалыг гаргаж, Бурханы өргөөний барилгын чулуунуудыг цавчих хүмүүсийг тогтоов.
3 Давид дааман хаалганууд болон тоноглолуудын хадааснуудыг хийх үлэмж хэмжээний төмрийг, мөн жинлэн хэмжиж чадахааргүй хүрлийг бэлтгэв.
4 Сидончууд ба тирчүүд Давидад үлэмж хэмжээний хушин гуалин авчирч өгсөн тул хушин гуалин тоймгүй олныг бэлтгэв.
5 Давид—Миний хүү Соломон балчир, туршлагагүй байна. ЭЗЭНд зориулан баригдах өргөө ч маш сүрлэг, бүх дэлхий дахинд алдаршсан, цог жавхлантай байх юм. Тийм учраас одоо би үүнийг барих бэлтгэлийг хангана гэв. Ингээд Давид өөд болохоосоо өмнө хангалттай бэлтгэлийг базаав.
6 Түүний дараа Давид өөрийн хүү Соломоныг дуудаж, Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан өргөө барихыг түүнд захиж хэлэв.
7 Давид Соломонд хандан—Хүү минь ээ, би өөрийн Бурхан ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих бодолтой байсан билээ.
8 Гэвч ЭЗЭНий үг надад ирж, “Чи их цус урсган, олон дайныг өдөөсөн. Чи Миний өмнө дэлхий дээр их цус урсгасан тул Миний нэр алдрын төлөө өргөө барьж болохгүй.
9 Харагтун, чамд нэгэн хүү төрөх бөгөөд тэрээр амар амгалангийн хүн байх болно. Би түүнд эргэн тойрны бүх дайснуудаас нь хамгаалалт, амар тайвныг өгөх болно. Түүний нэр Соломон байх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израильд амар амгалан, аниргүй байдлыг өгнө.
10 Тэр Миний нэр алдрын төлөө өргөө барих бөгөөд Тэр Миний хүү болж, Би түүний эцэг болно. Би түүний хаанчлалын сэнтийг Израилийн дээр үүрд мөнхөд суурилуулах болно” гэсэн юм.
11 Миний хүү, ЭЗЭН чамтай хамт байх болтугай. Чи амжилттай явж, чиний тухайд ЭЗЭНий айлдсан ёсоор чи өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг барих болтугай.
12 ЭЗЭН чамд хэрсүү байдал ба ухаарлыг өгч, чамаар Израилийг захируулан, чи өөрийн Бурхан ЭЗЭНий хуулийг сахих болтугай.
13 Израилийн талаар Мосед ЭЗЭНий тушаасан тогтоол, зарлигуудыг чи сахихдаа хянамгай хандах аваас, чи амжилт олох болно. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү ай, бүү шантар.
14 Одоо харагтун, би ЭЗЭНий өргөөнд зориулан зуун мянган талант алт, нэг сая талант мөнгө, жигнэн хэмжиж барахааргүй маш их хэмжээний хүрэл ба төмөр, мөн дүнз болон чулуунуудыг зовлонтойгоор бэлтгэн тавьсан билээ. Чи дээр нь нэмэрлээрэй.
15 Түүнээс гадна, чамтай хамт маш олон ажилчид буюу чулуу цавчигчид, чулуу өнгөлөгчид, мужаанууд болон бүх төрлийн ажилд авъяас чадвартай бүх хүн байна.
16 Алт, мөнгө, хүрэл, төмрийн хувьд хэмжээлшгүй ихээр байна. Босоод, ажиллагтун. ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэв.
17 Мөн Давид Израилийн бүх удирдагчдад өөрийн хүү Соломонд туслахыг тушаан,—
18 Та нарын Бурхан ЭЗЭН та нартай хамт байдаг юм бус уу? Эргэн тойронд амар тайвныг Тэр та нарт өгөөгүй гэж үү? Тэрээр энэ газрын иргэдийг миний гарт тушааж, энэ газар ч ЭЗЭН болон Түүний ард түмний өмнө сөхөрсөн юм.
19 Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭНийг хайхаар өөрсдийн зүрх сэтгэл, санаа бодлоо чиглүүлэгтүн. Тийм учраас ЭЗЭНий нэр алдрын төлөө баригдах өргөөнд ЭЗЭНий гэрээний авдар болон Бурханы ариун зүйлсийг оруулан тавихын тулд босож, ЭЗЭН Бурханы ариун газрыг барьж босгогтун хэмээв.