Шастирын Дээд

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29


Бүлэг 21

Дараа нь Сатан Израилийн эсрэг босоод, Израилийг тоолуулахаар Давидыг хөдөлгөв.
2 Тиймээс Давид Иоаб болон ард түмний ноёдод хандан—Явж, Бершебаагаас Дан хүртэлх израильчуудыг тоолж, тэдний тоог надад мэдэгдэгтүн хэмээв.
3 Иоаб—ЭЗЭН Өөрийн ард түмнээ одоо байгаагаас нь зуу дахин өсгөх болтугай! Харин хаан эзэн минь, тэд чинь бүгдээрээ эзний минь боолууд биш гэж үү? Юунд миний эзэн энэ зүйлийг хийхээр хүсэмжилнэ вэ? Яагаад тэр Израильд гэм бурууг учруулах ёстой юм бэ? гэв.
4 Гэсэн хэдий ч хааны зарлиг Иоабын үгнээс хүчтэй байв. Тиймээс Иоаб хөдлөн, Израиль даяар явж, Иерусалимд ирэв.
5 Бүх ард түмний тооллогын мэдээг Иоаб Давидад өгчээ. Илд агссан Израилийн эрчүүд бүгд нэг сая нэг зуун мянга байсан ба илд агссан Иудагийн эрчүүд дөрвөн зуун далан мянга байв.
6 Гэхдээ хааны тушаал Иоабын жигшлийг төрүүлсэн тул тэрээр тэдний дунд Леви, Бениаминыг тоолсонгүй.
7 Бурханд энэ зүйл таалагдаагүй бөгөөд Тэр Израилийг цохив.
8 Давид Бурханд—Би үүнийг хийснээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо боолынхоо гэм бурууг өршөөгөөч. Учир нь би маш тэнэг мулгуу зүйл үйлдсэн юм хэмээв.
9 ЭЗЭН Давидын үзмэрч Гадад хандан айлдахдаа—
10 Явж, Давидад хэлэхдээ “ЭЗЭН ийн айлдаж байна «Би чамд гурван зүйл өгнө. Тэдний нэгийг өөртөө сонгож авагтун. Түүнийг Би чамд үйлдэх болно» гэсэн” гэж хэл хэмээв.
11 Гад Давид уруу ирж, түүнд—ЭЗЭН ийн айлдахдаа “Өөртөө
12 гурван жил өлсгөлөн болох, эсвэл чиний өрсөлдөгчдийн илд чиний дээр байх зуур дайснуудынхаа өмнөөс гурван сарын турш зугтаан явах, эсвэл ЭЗЭНий илд болох тахлыг энэ газарт гурван өдрийн турш буулган, ЭЗЭНий тэнгэр элч Израилийн бүх нутаг даяар устган үхүүлэх зэргийн аль нэгийг сонго” хэмээв. Тийм учраас одоо намайг илгээсэн Түүнд би ямар хариутай буцахыг эргэцүүлэн бодогтун гэв.
13 Давид Гадад—Би маш их шаналж байна. ЭЗЭНий өршөөлүүд агуу их учраас намайг Түүний гарт тушаагтун. Харин намайг хүний гарт бүү оруулаач хэмээн хариулав.
14 Ингээд ЭЗЭН Израиль дээр тахал илгээж, Израилийн далан мянган хүн үхэв.
15 Мөн Иерусалимыг сүйтгэхээр Бурхан тэнгэр элчээ тийшээ илгээв. Гэвч тэнгэр элч Иерусалимыг сүйтгэхэд бэлэн байх үед ЭЗЭН хараад, гай гамшиг буулгах гэж байгаадаа харуусаж, сүйрүүлэгч тэнгэр элчид хандан—Хангалттай. Одоо гараа авагтун гэж тушаав. ЭЗЭНий тэнгэр элч иебус хүн Орнаны үтрэмийн хажууд зогсож байв.
16 Давид мэлмийгээ өргөөд, тэнгэр, газрын хооронд зогсож буй ЭЗЭНий тэнгэр элч гартаа илдээ барин Иерусалимын дээгүүр сунгасан байгааг үзэв. Тиймээс Давид болон ахмадууд таар нөмрөн, нүүрээрээ газарт унацгаав.
17 Давид Бурханд—Ард түмнийг тоолох тушаалыг гаргасан хүн нь би биш гэж үү? Үнэхээр нүгэл үйлдэж, маш их бузрыг хийсэн хүн нь би болохоос эдгээр хонин сүрэг юу хийсэн юм бэ? Өө, миний Бурхан ЭЗЭН, Таны мутар миний эсрэг болон миний эцгийн бүлийн эсрэг байг. Харин тахалд нэрвэгдсэн Өөрийн ард түмнээсээ Та мутраа татаач гэв.
18 Ингэхэд дээшээ явж, иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭНд тахилын ширээг босгох ёстойг Давидад хэлэхийг ЭЗЭНий тэнгэр элч Гадад тушаав.
19 ЭЗЭНий нэрээр хэлсэн Гадын үгээр Давид явав.
20 Орнан хойш эргэн, тэнгэр элчийг харсан бөгөөд түүнтэй хамт байсан дөрвөн хүү нь нуугджээ. Орнан буудай цайруулж байв.
21 Давид Орнан уруу дөхөж байхад Орнан Давидыг хараад, үтрэмээсээ гарч ирэн, Давидын өмнө нүүрээрээ газар сунан мөргөв.
22 Тэгээд Давид Орнанд—Би энд ЭЗЭНд тахилын ширээг босгохын тулд энэ үтрэмийн газраа надад өгөөч. Ард түмнээс тахлыг салгахын тулд чи үүнийг надад бүтэн үнээр нь зарах ёстой хэмээв.
23 Орнан Давидад—Үүнийг та өөртөө ав. Миний эзэн хаан өөрийн нүдэнд таалагдсанаа үйлдэгтүн. Хардаа, би шатаалт тахилд зориулан үхрийг, түлээ болгон тариа цайруулагч нүдүүрийг, идээн өргөлд зориулан буудайг өгье. Би энэ бүгдийг өгье гэв.
24 Гэвч Давид Хаан Орнанд—Үгүй, би заавал үүнийг бүтэн үнээр нь худалдан авна. Учир нь би чиний юмыг ЭЗЭНд зориулан авахгүй, мөн үнийг нь төлөөгүй зүйлээр шатаалт тахил өргөхгүй хэмээв.
25 Давид газрын үнэнд зургаан зуун алтан шекелийг Орнанд өгөв.
26 Тэгээд Давид тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгон, шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв. Давид ЭЗЭНийг дуудсанд Тэрээр шатаалт тахилын ширээн дээр тэнгэрээс гал буулган түүнд хариулав.
27 ЭЗЭН тэнгэр элчид тушаасанд тэр нь илдээ хуйнд нь буцаан хийлээ.
28 Тэр үед иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭН өөрт нь хариулахыг Давид хараад, тэнд тахил өргөв.
29 Яагаад гэвэл цөлд Мосегийн босгосон ЭЗЭНий асар болон шатаалт тахилын ширээ тэр үед Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээр байсан болой.
30 Гэвч Давид ЭЗЭНий тэнгэр элчийн илдээс айсан тул Бурханы хүслийг мэдэхээр түүний өмнө очиж чадсангүй.