Шастирын Дээд
Бүлэг 16
Тэд Бурханы авдрыг Давидын түүнд зориулан босгосон майханд оруулан тавьж, Бурханы өмнө шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөв.
2 Давид шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөж дууссаны дараа ЭЗЭНий нэрээр ард олныг ерөөв.
3 Бүх израилийн эрэгтэй, эмэгтэй ялгалгүй, хүн бүрд нэг ширхэг талх, зүсэм мах, үзмээр хийсэн боовыг тэр тараав.
4 Тэрээр левичүүдийн заримыг Израилийн Бурхан ЭЗЭНийг магтан, талархан, баярлан тэмдэглэж байхаар буюу ЭЗЭНий авдрын өмнө үйлчлэгчдээр томилов.
5 Тэргүүлэгч нь Асаф, удаах нь Зехариа, тэгээд Иеиел, Шемирамот, Иехиел, Маттитиа, Елиаб, Бенаиа, Обед-едом, Иеиел нар байв. Тэд босоо ятга, ятга, хөгжмийн зэмсгүүдтэй байв. Бас Асаф чанга дуутай цан хөгжмийг цохиж,
6 тахилч нар болох Бенаиа, Иахазиел нар Бурханы гэрээний авдрын өмнө үргэлж бүрээ үлээж байв.
7 Тэгээд ЭЗЭНд талархал өргүүлэхээр Асаф болон түүний төрөл садангуудыг тэр өдөр Давид анх удаа томилов.
8 Өө, ЭЗЭНд талархал өргөн,Түүний нэрийг дуудагтун.Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн.
9 Түүнд дуулж, Түүнд магтаалыг дуулагтун.Түүний бүх гайхамшгуудыг яригтун.
10 Түүний ариун нэрд алдар байг.ЭЗЭНийг хайж буй хүний зүрх баяр баясгалантай байх болтугай.
11 ЭЗЭНийг болон Түүний хүчийг эрэгтүн.Үргэлж Түүний нүүрийг хайгтун.
12 ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг,Түүний ер бусын зүйлс болонТүүний амнаас гарах шүүлтүүдийг дурсан санагтун.
13 Түүний боол Израилийн үр ээ,Түүний сонгосон нэгэн болох Иаковын хөвгүүд ээ!
14 Тэр бол бидний Бурхан ЭЗЭН.Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна.
15 Түүний гэрээг буюу мянган үеийнхэнд Түүний тушаасан үгийг мөнхөд санагтун.
16 Абрахамтай тогтоосон Түүний гэрээ,Исаакт өгсөн Түүний амлалтыг санагтун.
17 Тэр мөн үүнийгээ Иаковд тогтоол болгон,Израильд мөнхийн гэрээ болгон баталж өгөөд,
18 “Би та нарт Канааны газрыг та нарын өвийн хэсэг болгон өгнө” гэж айлдсан билээ.
19 Тэд тоогоор цөөн, маш цөөхөн бөгөөдтэр газарт харь хүмүүс байсан үед,
20 тэд нэг үндэстнээс нөгөө үндэстэн уруу,нэг хаанчлалаас өөр ард түмэн уруу тэнүүчлэн явах үед нь
21 тэднийг дарлахыг ЭЗЭН хэнд ч зөвшөөрөлгүй,тэдний төлөө хаадыг зэмлэн,
22 “Миний тослогдсон хүмүүст бүү хүрч,Миний эш үзүүлэгчдэд хор хөнөөл бүү учруулагтун” хэмээн айлдсан билээ.
23 Бүх газар дэлхий, ЭЗЭНд дуулагтун.Түүний авралын сайн мэдээг өдрөөс өдөрт тунхаглагтун.
24 Түүний яруу алдрын талаар үндэстнүүдийн дунд хэлж,Түүний гайхамшигт үйлсийн талаар бүх ард түмнүүдийн дунд яригтун.
25 Учир нь ЭЗЭН бол агуу бөгөөд агуугаар магтагдах Нэгэн.Мөн бүх бурхдаас дээгүүр Түүнээс эмээгтүн.
26 Учир нь хүмүүсийн бүх бурхад бол шүтээнүүд юм.Харин ЭЗЭН тэнгэрүүдийг бүтээсэн билээ.
27 Түүний өмнө сүр жавхлан, яруу алдар бий.Түүний газарт хүч чадал, баяр баясгалан бий.
28 ЭЗЭНд өргөгтүн, ард түмнүүдийн ургууд аа,ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн.
29 Нэрд нь зохих яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн.Өргөлөө авчран Түүний өмнө ир.Ариун хувцастайгаар ЭЗЭНд мөргөгтүн.
30 Бүх дэлхий, Түүний өмнө чичрэгтүн.Үнэхээр газар дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй.
31 Тэнгэрүүд баярлан, газар дэлхий баясаг.Тэд үндэстнүүдийн дунд “ЭЗЭН хаанчилдаг” гэж өгүүлэг.
32 Далай болон түүнийг бүрдүүлэгч бүх юмс нүргэлэгтүн.Тал болон тэнд байгаа бүх юмс баярлагтун.
33 Тэгээд ойн модод ЭЗЭНий өмнө баярлан дуулах болно.Учир нь ЭЗЭН дэлхийг шүүхээр ирж байна.
34 ЭЗЭН сайн учир Түүнд талархал өргөгтүн.Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх.
35 Тэгээд “Бидний авралын Бурхан аа, биднийг авраач.Таны ариун нэрэнд талархлыг,Таны магтаал дотор алдрыг өргөхөөр биднийг цуглуулж,үндэстнүүдээс чөлөөлж өгөөч” гэж хэлэгтүн.
36 Израилийн Бурхан ЭЗЭН өнө мөнхөөс үүрд мөнх хүртэл магтагдах болтугай.Дараа нь бүх ард түмэн—Амен хэмээгээд, ЭЗЭНийг магтав.
37 Ингээд өдөр тутмын ажил мэт авдрын өмнө үргэлжлүүлэн үйлчлэхийн тулд Асаф болон түүний төрөл садангуудыг Давид тэнд, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө үлдээсэн билээ.
38 Обед-едомыг түүний төрөл садангийн жаран найман хүнтэй үлдээв. Иедутуны хүү Обед-едом ба Хоса нар хаалгачид болов.
39 Тахилч Задок болон түүний төрөл садангийн тахилч нарыг тэрээр Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээрх ЭЗЭНий асрын өмнө үлдээсэн нь
40 Израильд тушаасан ЭЗЭНий хуульд бичигдсэн бүгдийн дагуу ЭЗЭНд шатаалт тахилуудыг шатаалт тахилын ширээн дээр өглөө оройгүй үргэлжлүүлэн өргүүлэхийн тулд байв.
41 Тэдний хамт Хеман, Иедутун нар болон ЭЗЭНд талархал өргөж байхаар нэрс нь тогтоогдож, сонгогдсон, үлдсэн хүмүүс байв. Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх юм.
42 Чангаар дуугарагчдад зориулсан бүрээ, цантай, мөн Бурханы дуунуудад зориулсан хөгжмийн зэмсгүүдтэй Хеман, Иедутун нар тэдэнтэй хамт байлаа. Иедутуны хөвгүүд нь хаалгачид болов.
43 Түүний дараа бүх ард түмэн өөр өөрийн гэр уруу явцгааж, Давид ч өөрийн гэр бүлийнхнийг ерөөхөөр буцав.