Шастирын Дээд
Бүлэг 24
Аароны үр удмын бүлгүүд гэвэл, Аароны хөвгүүд нь Надаб, Абиху, Елеазар, Итамар нар байв.
2 Гэвч Надаб, Абиху нар эцгээсээ өмнө нас барж үр хүүхэдгүй байв. Елеазар, Итамар нар тахилч нар болон үйлчлэв.
3 Давид Елеазарын удмын Задок, Итамарын удмын Ахимелех нартай хамт тэднийг үйлчлэлийн дагуу ажлуудад нь хуваажээ.
4 Елезарын удмынханд Итамарын удмынхнаас илүү олон тэргүүлэгч эрс байсан тул тэднийг хуваарилахдаа тэд Елеазарын удмынхны эцгүүдийн бүлүүдэд арван зургаан тэргүүн, Итамарын удмынхны эцгүүдийн бүлүүдийн дагуу найман тэргүүн оноов.
5 Тэд Итамарын үр удам болон Елеазарын үр удамд хоёуланд нь Бурханы түшмэд ба ариун газрын түшмэд байсан учир эн тэнцүү шодож хуваав.
6 Левичүүдээс гаралтай, гүүш Нетанелын хүү Шемаиа тэднийг хаан, жононгууд, тахилч Задок, Абиатарын хүү Ахимелех, тахилч нар болон левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн өмнө тэмдэглэсэн билээ. Елеазарынхаас нэг эцгийн бүл, Итамарынхаас нэг эцгийн бүлийг авчээ.
7 Анхны шавга Иехоиариб дээр ирж, хоёрдугаарх нь Иедаиа,
8 гуравдугаарх нь Харим, дөрөвдүгээрх нь Сеорим,
9 тавдугаарх нь Малхийа, зургадугаарх нь Миамин,
10 долдугаарх нь Хаккоз, наймдугаарх нь Абиа,
11 есдүгээрх нь Иешуа, аравдугаарх нь Шеканиа,
12 арван нэгдүгээрх нь Елиашиб, арван хоёрдугаарх нь Иаким,
13 арван гуравдугаарх нь Хуппа, арван дөрөвдүгээрх нь Иешебеаб,
14 арван тавдугаарх нь Билга, арван зургадугаарх нь Иммер,
15 арван долдугаарх нь Хезир, арван наймдугаарх нь Хаппиззез,
16 арван есдүгээрх нь Петахиа, хорьдугаарх нь Иехезкел,
17 хорин нэгдүгээрх нь Иакин, хорин хоёрдугаарх нь Гамул,
18 хорин гуравдугаарх нь Делаиа, хорин дөрөвдүгээрх нь Маазиа дээр буув.
19 Эдгээр нь тэднийг ЭЗЭНий өргөө дотор орох үед тэдний үйлчилгээний үүргүүд байсан бөгөөд тэдний өвөг эцэг Ааронд Израилийн Бурхан ЭЗЭНий тушаасны дагуу түүгээр дамжуулан тэдэнд өгөгдсөн зааврын дагуу байв.
20 Левийн хөвгүүдийн бусад нь гэвэл Амрамын хөвгүүдээс гаралтай Шубаел, Шубаелын хөвгүүдээс гаралтай Иедеиа байв.
21 Рехабиагаас, Рехабиагийн хөвгүүдээс ууган нь Исшиа юм.
22 Изхарчуудаас, Шеломот, Шеломотын хөвгүүдээс Иахат байв.
23 Хеброны хөвгүүд гэвэл, ууган нь Иериа, хоёрдугаарх нь Амариа, гуравдугаарх нь Иахазиел, дөрөвдүгээрх нь Иекамеам юм.
24 Уззиелийн хөвгүүдээс Мика, Микагийн хөвгүүдээс Шамир болой.
25 Микагийн дүү Ишшиа, Ишшиагийн хөвгүүдээс Зехариа юм.
26 Мерарийн хөвгүүдээс Махли, Муши нар болой. Иазиагийн хөвгүүдээс Бено юм.
27 Мерарийн хөвгүүдээс, Иазиагаар Бено, Шохам, Заккур, Ибри нар байв.
28 Махлигаар Елеазар бөгөөд тэрээр хөвгүүдгүй байв.
29 Кишээр, Кишийн хөвгүүд, Иерамеел байв.
30 Мушийн хөвгүүдээс Махли, Едер, Иеримот нар байв. Эдгээр нь эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу Левийн хөвгүүд болой.
31 Эд ч бас тэдний төрөл садан болох Аароны хөвгүүдийн адилаар Давид хаан, Задок, Ахимелех, тахилч нар болон левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн өмнө шоджээ. Эцгүүдийн бүлийн тэргүүлэгч ч бай, түүний дүү нараас ч бай бүгд адил шодоцгоов.