Египетээс Гарсан Нь
Бүлэг 7
ЭЗЭН Мосед—Үз. Би чамайг Фараонд Бурхан шиг болгосон. Чиний ах Аарон эш үзүүлэгч чинь болно.
2 Миний чамд тушаасан бүхнийг чи хэл. Чиний ах Аарон “Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуул” хэмээн Фараонд хэлэх болно.
3 Гэвч Би Фараоны зүрхийг хатууруулж, Өөрийн тэмдэг ба Өөрийн гайхамшгуудыг Египетэд олон болгоно.
4 Фараон та нарыг сонсохгүй үед Би Өөрийн мутрыг Египет дээр тавьж, агуу шийтгэлүүдээр дамжуулж, Өөрийн цэргүүд болох Өөрийн ард түмэн Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргана.
5 Би Өөрийн мутраа Египет дээр сунгаж, Израилийн хөвгүүдийг тэдний дундаас гаргахад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв.
6 ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан ёсоор Мосе, Аарон нар үүнийг хийв. Тэд тийнхүү хийв.
7 Тэд Фараонд хэлэх үед Мосе наян настай, Аарон наян гурван настай байв.
8 ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин—
9 Фараон та нарыг “ Гайхамшиг үзүүл” гэвэл, чи Ааронд “Таягаа авч, могой болгохоор Фараоны өмнө түүнийг хая” гэж хэл хэмээн айлдав.
10 Мосе, Аарон нар Фараон уруу очиж, ЭЗЭНий тушаасан ёсоор яг тийнхүү үйлдэв. Аарон таягаа Фараон ба түүний зарц нарын өмнө хаяхад тэр нь могой болов.
11 Фараон ч бас мэргэд ба илбэчдийг дуудав. Египетийн илбэчид ч бас өөрсдийн илбээрээ нэгэн адил үйлдэв.
12 Тэд бүгдээрээ өөрсдийн таягуудаа хаяж, тэдгээр нь могой болсон боловч Аароны таяг тэдний таягуудыг залгив.
13 Гэсэн ч Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.
14 ЭЗЭН Мосед—Фараоны зүрх хатуу юм. Тэр ард түмнийг явуулахаас татгалзаж байна.
15 Өглөө Фараон уруу оч. Түүнийг ус уруу ирэхэд, түүнтэй уулзахаар чи Нилийн эрэг дээр зогс. Могой болсон таягаа чи гартаа барь.
16 Чи түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН намайг чам уруу илгээж «Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад үйлчилнэ» гэсэн. Харагтун. Гэтэл чи одоо болтол сонссонгүй.
17 Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Чи үүгээр Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Үзэгтүн, би гартаа байгаа таягаараа Нилийн усыг цохиход тэр нь цус болно.
18 Нилд буй загас үхэж, Нил мөрөн өмхийрч, египетчүүд Нилээс ус уухад хэцүү болно»” гэж хэл хэмээн айлджээ.
19 ЭЗЭН Мосед—Чи Ааронд “Таягаа авч, гараа Египетийн усан дээгүүр, тэдний гол мөрөн, горхи, цөөрөм, бүх усан сангууд дээгүүр сунга. Тэдгээр нь бүгд цус болог. Египетийн бүх нутаг даяар модон, чулуун саванд цус байх болно” гэж хэл хэмээн айлдав.
20 Мосе, Аарон нар ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. Тэр таягаа өргөж, Фараон ба түүний зарц нарын нүдний өмнө Нилийн усыг цохисонд, Нилийн бүх ус нь цус болон хувирав.
21 Нилийн загас үхэж, Нил өмхийрсөнд, египетчүүд Нилийн уснаас ууж чадахгүй болсон. Египетийн бүх газарт цус байв.
22 Гэвч Египетийн илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдсэнд, Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.
23 Фараон буцаж ордондоо оров. Тэр үүнд зүрхээ хандуулсангүй.
24 Египетчүүд бүгдээрээ Нилийн уснаас ууж чадахгүй болсон учир, уух ус олохын тулд Нилийн эргэн тойронд газар ухав.
25 ЭЗЭН Нилийг цохисноос хойш долоо хоног өнгөрөв.