Египетээс Гарсан Нь
Бүлэг 17
Дараа нь Израилийн хөвгүүдийн бүх чуулган ЭЗЭНий тушаалаар аялан Син цөлөөс хөдлөн явсаар, Рефидимд буудаллав. Тэнд ард түмэнд уух ус байсангүй.
2 Тиймээс ард түмэн Мосетэй маргалдаж—Бидэнд уух ус өг гэсэнд, Мосе тэдэнд—Та нар яагаад надтай маргалдаж байна вэ? Та нар яагаад ЭЗЭНийг сорьж байна вэ? гэв.
3 Харин ард түмэн тэнд ус хүсэн цангаж, Мосегийн эсрэг гомдоллон—Та юунд биднийг Египетээс авчран, биднийг болон бидний үр хүүхдийг, мал сүргийг минь цангаан алах гэж байна вэ? гэлцэв.
4 Мосе ЭЗЭНд хашхиран,—Би энэ ард түмнийг яах вэ? Жаахан удвал тэд над уруу чулуу шидэх болно гэв.
5 Тэгэхэд ЭЗЭН Мосед—Чи ард түмний өмнө гарч, Израилийн ахмадуудаас заримыг нь дагуулан яв. Тэгэхдээ Нил мөрнийг цохисон таягаа гартаа авч яв.
6 Үзэгтүн, Би Хоребын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг цохь. Тэгвэл тэндээс ус гарч, ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлдэв.
7 Мосе тэр газрыг Масса ба Мериба гэж нэрлэв. Учир нь Израилийн хөвгүүд маргалдсан бөгөөд,—ЭЗЭН бидний дунд байна уу, үгүй юү? хэмээн ЭЗЭНийг сорьсон юм.
8 Дараа нь Амалек ирж, Рефидимд Израилийн эсрэг байлдав.
9 Тиймээс Мосе Иошуад—Өөрсдийнхөө төлөө эрчүүдийг сонгон авч, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би гартаа Бурханы таягийг бариад, толгодын орой дээр зогсоно гэв.
10 Иошуа Мосегийн хэлсэн ёсоор үйлдэж, Амалекийн эсрэг байлдав. Мосе, Аарон, Хур нар толгодын орой дээр гарлаа.
11 Мосе гараа өргөхөд Израиль ялж, буулгахад Амалек ялж байв.
12 Гэвч Мосегийн гар цуцжээ. Тэгэхэд тэд чулуу авч, түүнд тавьж өгөхөд, тэр чулуун дээр суув. Аарон, Хур нар түүний гарыг нэг нь нэг талаас, нөгөө нь нөгөө талаас нь түшив. Тийнхүү нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв.
13 Ингээд Амалек болон түүний ард түмнийг Иошуа илдний ирээр ялав.
14 ЭЗЭН Мосед—Үүнийг дурсгал болгон номд бичиж, Иошуад цээжлүүл. Учир нь Би Амалекийн дурсамжийг тэнгэрийн доороос бүрэн арилгана гэв.
15 Мосе тахилын ширээ барьж, түүнийгээ “ЭЗЭН бол миний туг” гэж нэрлээд,—
16 ЭЗЭНий сэнтий дээр буй гар. ЭЗЭН Амалектай үеийн үед дайтна гэж хэлэв.