Египетээс Гарсан Нь

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40


Бүлэг 29

Надад тахилч болгон үйлчлүүлэхийн тулд тэднийг ариусгахаар чи үүнийг тэдэнд үйлд. Нэг залуу бух, өө сэвгүй хоёр хуц,
2 улаан буудайн дээд гурилаар хийсэн исгээгүй талх, тостой бялуу болон тосонд багсарсан боов авагтун.
3 Эдгээрийг чи нэг сагсанд хийж, бух ба хоёр хуцын хамт авч ирэгтүн.
4 Дараа нь чи Аарон болон түүний хөвгүүдийг хурлын майхны үүдэнд авчирч, усаар угаа.
5 Чи хувцаснуудыг авч, Ааронд дотуур дээл, ефодын нөмрөг, ефод, цээживчийг өмсгөн, ефодын уран нэхсэн бүсээр бүслэгтүн.
6 Түүний толгойд малгай өмсгөж, дээр нь ариун титмийг тавигтун.
7 Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган, түүнийг тосол.
8 Чи хөвгүүдийг нь авчран, тэдэнд дотуур дээл өмсгө.
9 Аарон болон түүний хөвгүүдэд чи бүс бүслүүлж, толгойн өмсгөл өмсгөгтүн. Тэд мөнхийн тогтоолоор тахилчийн үйлчлэлтэй байх ёстой. Тийнхүү чи Аарон болон түүний хөвгүүдэд сахил хүртээ.
10 Тэгээд чи хурлын майхны өмнө бухыг авчран, Аарон хийгээд түүний хөвгүүд бухын толгой дээр гараа тавина.
11 Тэгээд хурлын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө чи бухыг нядлагтун.
12 Чи бухын цуснаас авч, тахилын ширээний эврүүдэд хуруугаараа түрх. Бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгагтун.
13 Бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр болон тэдгээрийн дээрх өөхийг авч, тахилын ширээн дээр шатаан уугиулагтун.
14 Харин бухын мах, арьс, сэвсийг хуарангийн гадна талд галд шатаагтун. Энэ бол нүглийн тахил юм.
15 Чи бас нэг хуцыг авч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавина.
16 Чи хуцыг төхөөрч, цусыг нь аваад, тахилын ширээн дээр тойруулан цацагтун.
17 Дараа нь чи өнөөх хуцыг эвдэн, түүний гэдэс дотор болон гуяыг нь угааж, мөчнүүдийг толгойтой нь хамт тавигтун.
18 Хуцыг бүхэлд нь тахилын ширээн дээр шатаан уугиулагтун. Энэ бол ЭЗЭНд өргөх шатаалт тахил юм. Энэ бол тайвшруулах тааламжит үнэр буюу ЭЗЭНд галаар өргөх тахил юм.
19 Дараа нь чи хоёр дахь хуцыг авч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавина.
20 Чи хуцыг төхөөрч, цуснаас нь авч, Аарон болон түүний хөвгүүдийн баруун чихний омог, баруун гарынх нь эрхий хуруу болон баруун хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэж, үлдсэн цусыг тахилын ширээн дээр тойруулан цацагтун.
21 Дараа нь чи тахилын ширээн дээрх цус болон тослох тосноос авч, Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба хувцаснууд дээр нь цац. Ингэснээр тэр ба түүний хувцас, түүний хөвгүүд ба хувцаснууд нь ариусгагдана.
22 Чи бас хуцын өөх, сүүл, дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр ба тэдгээрийн дээрх өөх, баруун гуяыг авч (Учир нь энэ бол сахил хүртээх ёсны хуц юм),
23 ЭЗЭНий өмнө тавигдсан исгээгүй талхны сагснаас нэг бин, тостой хольсон нэг бин, нэг боовыг авч,
24 эдгээрийг бүгдийг нь Аарон хийгээд түүний хөвгүүдийн гарт тавьж ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла.
25 Чи тэдгээрийг тэдний гараас авч, ЭЗЭНий өмнө тайвшруулах тааламжит үнэрт зориулан шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаан уугиул. Энэ бол ЭЗЭНд галаар өргөх тахил юм.
26 Дараа нь чи Аароны сахил хүртээх ёслолд авчирсан хуцын өвчүүг авч, түүнийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла. Энэ нь чиний хувь байх болно.
27 Ааронд зориулсан болон түүний хөвгүүдэд зориулсан сахил хүртээх ёслолын хуцаас даллах өргөлийн даллагдсан өвчүү ба хандивын өргөгдсөн гуяыг ариусга.
28 Энэ нь Израилийн хөвгүүдээс Аарон болон түүний хөвгүүдэд зориулсан тэдний мөнхийн хувь болно. Учир нь энэ бол хандив юм. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн тахилын өргөлөөс авах хандив байх бөгөөд ЭЗЭНд өргөх тэдний хандив юм.
29 Аароны ариун хувцаснууд нь түүний хойч хөвгүүдэд шилжих ба тэд эдгээрээр тослогдон, сахил хүртэх болно.
30 Түүний оронд тахилч болж байгаа хөвгүүдийнх нь нэг ариун газарт үйлчлэхээр хурлын майханд орохдоо эдгээр хувцсыг долоо хоногийн турш өмсөх ёстой.
31 Чи сахил хүртээх ёслолын хуцыг авч, махыг нь ариун газарт чанагтун.
32 Аарон болон түүний хөвгүүд хуцын мах, сагсан дахь талхыг хурлын майхны үүдэнд иднэ.
33 Тийнхүү тэдний сахил хүртэх ба ариусах ёслол дээр эвлэрүүллийг хийсэн тэдгээр юмсыг тэд идэх ёстой. Харин тэдгээр нь ариун учраас гаднын хүмүүс идэж болохгүй.
34 Хэрэв сахил хүртээх ёслолын махнаас, эсвэл талхнаас өглөө болтол үлдвэл чи үлдэгдлийг нь галд шатаагтун. Тэр нь ариун учраас идэж болохгүй.
35 Тийнхүү Миний чамд тушаасан бүхний дагуу чи Аарон болон түүний хөвгүүдэд үйлд. Чи долоо хоногийн турш тэдэнд сахил хүртээ.
36 Өдөр бүр чи эвлэрүүлэлд зориулан нүглийн төлөөх тахил болгон нэг бух өргө. Түүний төлөө эвлэрүүллийг хийх үед тахилын ширээг цэвэршүүл. Чи түүнийг ариусгахаар тослогтун.
37 Долоон хоногийн турш чи тахилын ширээнд зориулан эвлэрүүллийг хийж, түүнийг ариусга. Тэгээд тахилын ширээ нь хамгийн ариун болох бөгөөд тахилын ширээнд хүрсэн аливаа юмс ариун болно.
38 Тахилын ширээн дээр үргэлжлүүлэн өдөр бүр өргөх зүйл бол хоёр хурга болно.
39 Нэг хургыг чи өглөө өргөж, нөгөө хургыг үдшийн бүрийгээр өргөгтүн.
40 Тэнд нэг хурганы хамт шахсан тосны хинийн дөрөвний нэгтэй хольсон ефагийн аравны нэгэн сайн гурил болон ундаан өргөлд зориулан хинийн дөрөвний нэгэн дарс байх ёстой.
41 Нөгөө хургыг чи үдшийн бүрийгээр өргөх бөгөөд түүнтэй хамт өглөөнийх шиг идээн өргөл, ундаан өргөлийг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр ба галаар өргөх тахил болгон өргөгтүн.
42 Энэ нь ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд үеийн үед үргэлжлэх шатаалт тахил байх болно. Тэнд Би чамтай уулзаж ярилцах юм.
43 Би тэнд Израилийн хөвгүүдтэй уулзах бөгөөд энэ газар Миний цог жавхлангаар ариусгагдана.
44 Би хурлын майхан хийгээд тахилын ширээг ариусгана. Надад тахилч нар болж үйлчлэх Аарон хийгээд түүний хөвгүүдийг Би ариусгана.
45 Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, тэдний Бурхан болно.
46 Би бол тэдний дунд оршихын тулд Египетийн газраас тэднийг авчирсан, тэдний Бурхан ЭЗЭН мөн гэдгийг тэд мэдэх болно. Би бол тэдний Бурхан ЭЗЭН юм.