Египетээс Гарсан Нь
Бүлэг 32
Мосег уулаас бууж ирэлгүй саатсныг ард түмэн харахдаа, Аароныг тойрон цугларч, түүнд—Бос. Бидний өмнө явах бурхныг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египетийн нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв.
2 Аарон тэдэнд—Эхнэр, хөвгүүд, охидынхоо чихэнд байгаа алтан ээмгүүдийг тайлж, надад авчир гэв.
3 Бүх ард түмэн чихнээсээ алтан ээмгүүдээ тайлж, Ааронд авчрав.
4 Аарон тэдний гараас тэдгээрийг нь авч, сийлбэрийн багажаар урлан цутгамал тугалын дүр бүтээв. Тэд—Израильчууд аа, энэ бол та нарыг Египетийн нутгаас гаргасан та нарын бурхан юм гэцгээв.
5 Аарон үүнийг үзээд, тугалын өмнө тахилын ширээ босгож,—Маргааш ЭЗЭНд зориулсан баяр наадам болно гэв.
6 Тиймээс дараа өдөр нь тэд эртлэн босож, шатаалт тахилууд өргөж, эвийн тахилуудыг авчрав. Ард түмэн идэж уухаар сууцгааж, тоглож наадахаар босоцгоов.
7 ЭЗЭН Мосед—Доошоо буу. Учир нь Египет газраас чиний гаргасан ард түмэн чинь өөрсдийгөө завхруулжээ.
8 Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ. Тэд өөрсдөдөө цутгамал тугал бүтээж, түүнд мөргөж, түүнд тахил өргөөд, “Израильчууд аа, энэ бол та нарыг Египетийн нутгаас гаргасан та нарын бурхан юм” гэцгээж байна гэв.
9 ЭЗЭН Мосед—Би энэ ард түмнийг харлаа. Үзэгтүн, тэд зөрүүд ард түмэн байна.
10 Одоо Миний уур хилэн тэдний эсрэг шатаж, Би тэднийг устгах учраас Намайг орхи. Би чамайг агуу үндэстэн болгоно гэж айлдав.
11 Тэгэхэд Мосе өөрийн Бурхан ЭЗЭНээс гуйж—ЭЗЭН, агуу хүч, хүчирхэг мутраар Египетийн нутгаас гаргасан Өөрийнхөө ард түмний эсрэг Таны уур хилэн яагаад шатна вэ?
12 “Тэднийг ууланд алж, газрын хөрснөөс устгахын тулд Тэр тэднийг хорон муу санаагаар гаргасан юм” гэж египетчүүд яагаад ярих ёстой билээ? Шатаж буй хилэнгээсээ эргэж, Өөрийн ард түмэнд хөнөөлт үйл учруулах санаагаа өөрчлөөч.
13 Өөрийн зарц Абрахам, Исаак, Израилийг санаач. Та тэдэнд Өөрөөрөө тангараглан “Би чиний үр удмыг тэнгэрийн од шиг олон болгож, амласан бүх газраа чиний үр удамд өгч, тэд үүнийг үүрд өвлөх болно” гэж айлдсан шүү дээ гэв.
14 Тиймээс ЭЗЭН Өөрийн ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа өөрчлөв.
15 Тэгээд Мосе буцаж уулаас буув. Гэрчлэлийн хоёр хавтан түүний гарт байсан бөгөөд тэдгээр нь хоёулаа ар өвөргүй бичигдсэн байв.
16 Уг хавтангууд нь Бурханы бүтээл бөгөөд бичээс нь хавтангууд дээр сийлсэн Бурханы бичээс байжээ.
17 Иошуа ард түмний хашхиралдах шуугианыг сонсоод, Мосед—Хуаранд тулалдах чимээ гарч байна гэсэнд
18 Мосе—Энэ бол ялалтын уухайлах дуу биш,ялагдлын хашхирах дуу ч бишээ.Харин дуулалдаж буй чимээг би сонсож байнагэв.
19 Мосе хуаранд ойртмогц тугал ба бүжиглэж байгаа хүмүүсийг харав. Мосегийн уур дүрэлзэн, гараасаа хавтангуудыг хаяж, уулын бэлд тэдгээрийг бутлав.
20 Тэр тэдний хийсэн тугалыг авч, галд шатааж, нунтаглаж бутлаад, усны мандал уруу цацан тарааж, тэр усыг Израилийн хөвгүүдэд уулгав.
21 Мосе Ааронд—Энэ ард түмэн чамайг яаснаас болж чи энэ ард түмний дээр ийм агуу нүгэл авчрав? гэхэд
22 Аарон—Миний эзний уур хилэн бүү дүрэлзэг. Энэ ард түмэн бузар мууд өртөмтгий гэдгийг та мэднэ.
23 Тэд надад “Бидэнд зориулж бидний өмнө явах бурхныг бүтээ. Учир нь биднийг Египетийн нутгаас гаргасан хүн болох Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна” гэж хэлсэн.
24 Би тэдэнд “Алттай хүмүүс нь түүнийгээ тайлж өг” гэж хэлсэн. Тиймээс тэд алтнуудаа надад өгсөнд, би тэдгээрийг нь галд хаясан бөгөөд энэ тугал гарч ирсэн юм гэж хариулав.
25 Ард түмэн эмх замбараагүй болсныг Мосе харав. Учир нь Аарон тэднийг замбараагүй болгож, дайснуудынх нь дунд ичгүүртэй болгожээ.
26 Мосе хуарангийн хаалган дээр зогсож—ЭЗЭНий төлөө байгч хэн боловч над уруу ир! гэж хэлсэнд, Левийн бүх хөвгүүд цугларч, түүн дээр ирэв.
27 Мосе тэдэнд—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нараас хүн бүхэн илдээ ташаандаа зүүж, хуарангийн нэг хаалганаас нөгөө хаалганы хооронд нааш цааш явж, хүн бүр ах дүүгээ, найз нөхрөө, хөршөө ал!” гэж хэлэв.
28 Левийн хөвгүүд Мосегийн зааварласнаар үйлдсэнд, тэр өдөр ард түмнээс гурван мянга орчим хүн алагджээ.
29 Тэгээд Мосе—Тэр өнөөдөр та нарт ерөөлийг соёрхохын тулд өнөөдөр өөрсдийгөө ЭЗЭНд зориул. Учир нь хүн бүр өөрийн хүү ба ах дүүгийнхээ эсрэг байсан гэв.
30 Дараагийн өдөр Мосе ард түмэнд—Та нар өөрсдөө аймшигт нүгэл үйлдсэн. Одоо би ЭЗЭН өөд очъё. Би та нарын нүглийн төлөөх эвлэрүүллийг хийж чадаж магадгүй гэж хэлэв.
31 Тэгээд Мосе ЭЗЭНд буцаж очин—Аяа, энэ ард түмэн аймшигт нүгэл үйлджээ. Тэд өөрсдөдөө алтан бурхан бүтээжээ.
32 Хэрвээ одоо Та хүсвэл тэдний нүглийг уучлаач. Хэрвээ үгүй бол Та Өөрийнхөө бичсэн номоос намайг арилгаач! гэж гуйв.
33 ЭЗЭН Мосед—Миний эсрэг нүгэл үйлдсэн хэнийг боловч Би Өөрийнхөө номоос арилгана.
34 Харин одоо явж, Миний чамд айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэр элч чиний өмнө явна. Гэвч Би Өөрийн шийтгэх өдөрт тэднийг нүглийнх нь төлөө шийтгэнэ гэв.
35 Тэгээд Аароны бүтээсэн тугалд тэдний үйлдсэн үйлээс болж ЭЗЭН ард түмнийг цохив.