Египетээс Гарсан Нь
Бүлэг 20
Бурхан энэ бүх үгсийг айлдсан нь—
2 Би бол чамайг боолчлолын гэрээс, Египетийн нутгаас гаргасан чиний Бурхан ЭЗЭН байна.
3 Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй.
4 Чи өөртөө зориулан шүтээн эсвэл дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан доторх юмны ямар нэг дүрсийг бүү хий.
5 Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг.
6 Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрлээ үзүүлдэг.
7 Чи өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийг дэмий бүү дурд. Учир нь ЭЗЭН Өөрийнх нь нэрийг дэмий дурдагчийг шийтгэлгүй орхихгүй.
8 Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун.
9 Зургаан өдөр чи хөдөлмөрлөж, бүх ажлаа хий.
10 Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний мал, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй.
11 Учир нь ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг зургаан өдөрт бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс ЭЗЭН Амралтын өдрийг ерөөн, тэр өдрийг ариун болгосон юм.
12 Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан ЭЗЭНий чамд өгсөн газар дээр чи урт наслах болно.
13 Чи хүн бүү ал.
14 Чи бүү завхайр.
15 Чи бүү хулгайл.
16 Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил.
17 Чи хөршийнхөө гэр оронд бүү шунахайр. Чи хөршийнхөө эхнэр болон түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шунахайр гэв.
18 Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, бүрээн дуу, утаа багширсан уулыг харангуутаа айн дагжиж, холдон зогсоод,
19 Мосед—Та бидэнтэй яриач. Бид сонсоно. Харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эс тэгвэл бид үхэх нь гэв.
20 Мосе ард түмэнд—Бүү айцгаа. Учир нь Бурхан та нарыг шалгахын тулд, мөн та нарыг нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ Түүнээс эмээхүйг та нарт байлгахын тулд ирсэн юм гэв.
21 Бурханы байгаа түнэр харанхуй уруу Мосе ойртон очих үед ард түмэн хол зогсож байв.
22 ЭЗЭН Мосед—Чи Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би тэнгэрээс та нартай ярихыг та нар өөрсдөө харлаа.
23 Та нар Надаас өөр бурхдыг бүү хий. Мөнгөн бурхад, эсвэл алтан бурхдыг өөрсдөдөө зориулж бүү хий.
24 Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь өөрсдийн шатаалт тахил, эвийн тахилыг, өөрсдийн хонь ба үхрүүдийг өргө. Би Өөрийн нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.
25 Хэрэв та нар Надад зориулан чулуугаар тахилын ширээ хийх гэвэл цавчсан чулуугаар бүү өр. Учир нь та нар чулууг багажаар засвал түүнийг бузарлах болно.
26 Та нар Миний тахилын ширээ уруу шатаар бүү гар. Энэ нь та нарын нүцгэн бие түүн дээр үзэгдэхгүй байхын тулд юм.