Эхлэл

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50


Бүлэг 7

ЭЗЭН Ноад хандаж—Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөв шударга байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ хөвөгч авдарт ор.
2 Чи бүх цэвэр амьтны төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь, бузар амьтны төрөл бүрээс хоёр хоёрыг эр эмээр нь өөртөө ав.
3 Бас бүх газар дэлхий дээр үр удмыг нь амьд үлдээхийн тулд тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудын төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь ав.
4 Одоогоос долоо хоногийн дараа Би дөчин өдөр, дөчин шөнийн турш бороо оруулж, өөрийнхөө бүтээсэн амьтай бүхнийг газрын хөрснөөс арчина гэв.
5 Ноа өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор бүхнийг хийжээ.
6 Дэлхий дээр үер болоход Ноа зургаан зуун настай байлаа.
7 Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдтэйгээ хамт үерийн усны улмаас хөвөгч авдартаа оржээ.
8 Цэвэр амьтад, бузар амьтад, шувууд болон газраар мөлхөгч бүхэн
9 Бурханы Ноад тушаасан ёсоор эр эм, хос хосоороо Ноад очиж, хөвөгч авдарт нь оржээ.
10 Тэгээд долоо хоногийн дараа дэлхийд үерийн ус буув.
11 Ноаг зургаан зуун нас хүрсэн тэр жилийн хоёр дахь сарын арван долооны өдөр газрын гүний бүх булаг асар ихээр оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ.
12 Дөчин өдөр, дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарав.
13 Яг тэр өдөртөө Ноа, түүний хөвгүүд Шем, Хам, Иафет, Ноагийн эхнэр болон гурван бэр нь хөвөгч авдартаа оров.
14 Мөн тэд болон бүх араатан амьтад төрөл төрлөөрөө, бүх мал адгуус төрөл төрлөөрөө, бүх газраар мөлхөгч төрөл төрлөөрөө, бүх жигүүртэн шувууд төрөл төрлөөрөө,
15 амин амьсгаатай хамаг биетэн хос хосоороо Ноад очиж, хөвөгч авдарт нь оржээ.
16 Орсон болгон нь бүх махан биетний эр эм байв. Бурханы Ноад тушаасан ёсоор хөвөгч авдарт орсонд ЭЗЭН түүний араас хаажээ.
17 Газар дэлхий дээр дөчин хоног үер бууж, ус нэмэгдэхэд, хөвөгч авдар газраас дээш хөвөн гарч ирэв.
18 Ус улам ихсэн, газар дээгүүр бялхан хальж, хөвөгч авдар усны мандал дээр хөвж байв.
19 Газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж, тэнгэрийн доорх өндөр уулс бүгд усаар бүрхэгджээ.
20 Ус арван таван тохой дээш өргөгдөж, уулс усаар бүрхэгджээ.
21 Газар дэлхий дээрх хөдлөгч хамаг амьтан: жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ.
22 Хуурай газар дээрх хамартаа амийн сүнсний амьсгаатай бүхэн үхэв.
23 Ингээд Тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байгсад л үлджээ.
24 Ус зуун тавин хоногийн турш дэлхий дээр хальж байв.