Эхлэл

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50


Бүлэг 27

Исаак хөгширч, хараа нь муудан, харж чадахаа больсон үедээ ууган хүү Есаваа—Хүү минь! гэж дуудсанд хүү нь—Би энд байна гэхэд
2 Исаак—Би хөгширч, үхэх өдрөө мэдэхгүй байна.
3 Тийм болохоор чи одоо зэвсэг, нум саадгаа авч, хээр талд гараад, миний төлөө ан хийж,
4 миний дуртай амтат хоолыг хийж, надад авчирч идүүлэн, үхэхээс минь өмнө зүрх сэтгэлээр минь өөрийгөө ерөөлгө гэв.
5 Исаакийг хүү Есавдаа үг хэлж байхад нь Ребека түүнийг нь сонсож байжээ. Есав ан хийхээр хээр тал уруу одов.
6 Ребека өөрийн хүү Иаковт—Чиний ах Есавд аавын чинь хэлсэн үгийг би сонслоо.
7 Надад ангийн мах авчирч, амттай хоол хийж, надад идүүлэн, үхэхээс минь урд ЭЗЭНий өмнө өөрийгөө ерөөлгө гэж байна.
8 Тиймээс хүү минь, одоо миний чамд тушааж хэлэх үгийг сонс!
9 Чи мал дээрээ очоод хоёр сайн ишиг надад авчирвал би түүгээр аавын чинь дуртай сайхан хоолыг хийж өгье.
10 Чи түүнийг аавдаа аваачиж өгөөд идүүлэн, үхэхийнх нь өмнө түүгээр ерөөлгө гэв.
11 Иаков эх Ребекадаа—Миний ах Есав бол үсэрхэг хүн, би гөлгөр арьстай хүн.
12 Аав минь намайг тэмтэрч үзвэл би түүний нүдэнд мэхлэгч гэж үзэгдэн, ерөөгдөх нь байтугай хараагдах болно гэв.
13 Эх нь түүнд—Хүү минь, чамд ирэх чиний хараалыг надад оноог. Харин чи зөвхөн миний үгэнд орж, яваад ишигнүүдийг надад авчирч өг гэсэнд,
14 Тэр одож, түүнийг авч, ээждээ авчирч өгөв. Тэгээд ээж нь эцгийнх нь дуртай сайхан хоолыг хийжээ.
15 Ребека гэртээ байсан ууган хүү Есавынхаа хамгийн сайхан хувцсыг авч, бага хүү Иаковтаа өмсгөж,
16 ишигний арьсаар гар болон хүзүүний нь гөлгөр хэсгийг ороожээ.
17 Өөрийн хийсэн амтат хоол, талхыг хүү Иаковт өгөв.
18 Иаков эцэг дээрээ очиж,—Аав минь ээ! гэж дуудсанд аав нь—Би энд байна. Хүү минь чи хэн бэ? гэж хэлэхэд
19 Иаков эцэгтээ хандан—Би таны ууган хүү Есав байна. Би таны надад хэлсэн ёсоор хийлээ. Та өндийж суугаад, миний агнасан ангийн махнаас зооглож, зүрх сэтгэлээсээ намайг ерөөж өгнө үү? гэсэнд
20 Исаак өөрийн хүүдээ—Хүү минь, чи яасан хурдан агнасан юм бэ? гэхэд тэр—Учир нь таны Бурхан ЭЗЭН түүнийг надтай саадгүй учруулсан юм гэж хариулав.
21 Исаак Иаковт хандаж—Хүү минь, наашаа ойртож ир! Үнэхээр чи миний ууган хүү Есав мөн үү, биш үү гэдгийг чинь би тэмтэрч үзье гэжээ.
22 Иаков эцэг Исаактаа ойртон очиход Исаак түүнийг тэмтэрч—Дуу чинь Иаковын дуу атал, гар чинь Есавын гар байна гээд,
23 түүний гар нь ах Есавынх шиг үсэрхэг байсан учир түүнийг ялгаж таньсангүй ерөөжээ.
24 Тэгээд Исаак—Чи үнэхээр миний хүү Есав мөн үү? гэсэнд Иаков—Тийм ээ гэжээ.
25 Исаак—Надад агнасан ангийн махаа авчир! Би хүүгийнхээ агнасан ангийн махнаас идээд, зүрх сэтгэлээрээ чамайг ерөөн адислая! гэхэд Иаков түүнд авчирч, тэр идэв. Тэгээд тэр бас түүнд дарс авчирч өгсөнд, тэрээр уужээ.
26 Тэгээд эцэг Исаак нь—Хүү минь, наашаа дөхөж ирээд, намайг үнс гэхэд
27 Иаков ойртон очиж, түүнийг үнссэнд эцэг нь хувцсыг нь үнэртээд, түүнийг ерөөн адислаж,—Миний хүүгийн үнэр нь ЭЗЭНий ерөөсөн хээрийн үнэр байна.
28 Бурхан чамд тэнгэрийн шүүдэр,Газрын баялаг,Арвин их үр тариа,Дарс хайрлах болтугай!
29 Ард олон чамд зарагдаж,Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай!Чи ах дүү нарынхаа эзэн болж,Эхийн чинь хөвгүүд чамд мөргөн сөгдөж,Чамайг хараасан нь хараалд идэгдэж,Чамайг ерөөсөн нь ерөөгдөх болтугай! хэмээв.
30 Исаак Иаковыг ивээн адислаж дуусмагц, Иаков эцэг Исаакийн өмнөөс босоод гарч явсны дараа, түүний ах Есав ангаасаа буцаж ирээд,
31 амтат хоол хийж, түүнийгээ эцэгтээ аваачаад,—Эцэг минь ээ, өндийж суугаад, хүүгийнхээ агнасан ангийн махнаас идэж, зүрх сэтгэлээрээ намайг ерөөн адислана уу? гэжээ.
32 Эцэг Исаак нь—Чи хэн бэ? гэж түүнээс асуухад—Би таны хүү, таны ууган хүү Есав байна гэжээ.
33 Исаак ихэд цочирдон—Тэгвэл надад ангийн мах авчирч өгсөн тэр хүн хэн бэ? Би чамайг ирэхээс өмнө бүгдийг нь идээд, түүнийг ерөөсөн билээ. Тэр л гарцаагүй ерөөгдөх болно гэв.
34 Есав эцгийнхээ үгийг сонсоод, бархиран уйлж, эцэгтээ—Эцэг минь, намайг ерөөн адислаач! Намайг ч бас тэгээч! гэсэнд
35 Исаак—Чиний дүү залилан ирж, чиний ерөөлийг авчихжээ гэж хэлсэнд
36 Есав—Түүнийг Иаков гэж нэрлэдэг нь оносон бус уу? Түүний намайг мэхэлсэн нь хоёр дахь удаагаа боллоо. Тэрээр ууган хүү байх миний эрхийг авчихаад, одоо бас надад оногдох ерөөлийг авчихлаа гэж хэлээд—Надад хүртээх ерөөл адис танд үлдээгүй гэж үү? гэсэнд
37 Исаак Есавд хариулж,—Би түүнийг чиний эзэн болгож, бүх ах дүү нарыг чинь түүнд зарцаар өгч, бас үр тариа, дарсаар түүнийг хангасан учир хүү минь би чамдаа юу хийж өгч чадах билээ гэв.
38 Есав эцэгтээ хандаж—Эцэг минь ээ! Танд ганцхан л ерөөл адис байдаг юм уу? Эцэг минь ээ, намайг ерөөн адислаач. Намайг ч бас тэгээч! гэж хэлээд чангаар уйлав.
39 Түүний эцэг Исаак түүнд хандаж—Чиний суух газар бол газрын баялгаас хол,Тэнгэрийн шүүдрээс хол юм.
40 Чи сэлмээрээ амьдарч,дүүдээ зарагдана.Хэзээ чи уяанаасаа тайлагдана,Тэр цагт чи түүний буулгыг хүзүүн дээрээсээ авч хаяна гэжээ.
41 Эцэг нь Иаковыг ерөөсөн тэр ерөөлөөс болж, Есав Иаковыг үзэн ядаж, өөрөө өөртөө “Эцгийнхээ төлөө эмгэнэх өдөр ойрхон ирж байгаа учир би дүү Иаковаа ална” гэж хэлжээ.
42 Ууган хүү Есавын нь энэ үг Ребекад хүрэхэд бага хүү Иаковтаа хэл явуулж, дуудан ирүүлээд,—Есав ах чинь чамайг ална гэж төлөвлөн өөрийгөө тайтгаруулж байна.
43 Тийм учраас одоо хүү минь, чи миний үгийг даган босож, Харанд байгаа миний ах Лабан уруу зугтан очоод,
44 ахынхаа уурыг гартал, хэдэн өдөр түүнтэй хамт бай.
45 Ахын чинь уур гарч, өөрт нь хийсэн зүйлийг чинь мартвал би чамд хэл явуулж дуудан, чамайг тэндээс авчиръя. Яалаа гэж би та хоёрыг нэг өдөр алдах билээ гэв.
46 Ребека Исаакт хандан—Би хитчүүдийн охидоос болж амьдрах дургүй боллоо. Хэрэв Иаков түүн шиг энэ нутгийн охидоос, хитчүүдийн охидоос эхнэр авбал миний амьдрал юу болохсон билээ? гэв.