Эхлэл
Бүлэг 50
Иосеф эцгийнхээ толгойн дээр бөхийн уйлж, үнсээд,
2 үйлчлэгч эмч нартаа эцгийнхээ биенд гүгэл хийлгэхээр тушаасанд эмч нар нь Израильд тэр ёсоор үйлдэв.
3 Түүнийг бүтэн дөчин хоногийн турш хийв. Энэ нь гүглийг хийж дуусахад шаардагдах хугацаа юм. Египетчүүд түүний хойноос далан хоног гашууджээ.
4 Гашуудлын хугацаа өнгөрмөгц Фараоны ордныхонд хандаж, Иосеф хэлсэн нь—Хэрэв би одоо та нарын таалалд нийцсэн бол та нар миний энэ үгийг Фараонд сонордуулж өгнө үү?
5 Эцэг минь надаар тангараглуулж хэлэхдээ “Үхэх цаг минь боллоо. Канаан нутагт өөртөө ухаж бэлтгэсэн оршуулгын газарт минь намайг оршуулаарай!” гэсэн билээ. Тиймээс намайг явуулж, эцгээ оршуулахыг болгооно уу? Би тэгээд эргэж ирье гэв.
6 Фараон—Эцэгтээ тангарагласан ёсоор, чи яваад эцгээ оршуул гэв.
7 Иосефыг эцгээ оршуулахаар явахад Фараоны бүх түшмэл, түүний ордны ихэс дээдэс, Египетийн бүх ихэс дээдэс,
8 мөн Иосефын бүх гэрийнхэн, түүний ах дүү нар, түүний эцгийн гэр бүлийнхэн түүнтэй хамт явжээ. Зөвхөн тэдний хүүхэд багачууд болон мал сүрэг нь Гошенд үлджээ.
9 Цэргийнхний тэрэг, морьтон бас Иосефыг дагалджээ. Тэр хэсэг нь маш олон хүн байжээ.
10 Тэд Иордан голын нөгөө эрэг дээр, Атадын үтрэм дээр хүрч ирэнгүүтээ чангаар уйлалдан, гүнээр эмгэнэцгээв. Иосеф тэнд эцгийнхээ хойноос долоо хоногийн турш гашууджээ.
11 Тэнд оршин суугч канаанчууд Атадын үтрэм дээр болсон гашуудлыг хараад—Египетчүүдийн маш том гашуудал болж байна хэмээн ярилцацгаав. Тийм учраас Иордан голын нөгөө эргийн тэр газрыг Абел-мизраим хэмээн нэрлэх болжээ.
12 Иаковын хөвгүүд эцгийнхээ тушаасан ёсоор бүгдийг гүйцэлдүүлэв.
13 Иаковын хөвгүүд эцгээ Канаан нутаг уруу авчраад, Мамрегийн өмнө орших Махпелагийн талбай дахь агуйд оршуулав. Тэр газрыг Абрахам хитчүүдийн Ефроноос талбайтай нь хамт худалдаж аваад, оршуулгын газар болгосон байв.
14 Иосеф эцгээ оршуулаад, хамт явсан ах дүү нар болон эцгийг нь оршуулахад явсан бусад бүх хүмүүстэй хамт Египетдээ буцаж иржээ.
15 Иосефын ах дүү нар эцгийнхээ нас барсныг хараад—Хэрэв Иосеф бидний эсрэг өс санаж, өөрт нь бидний хийсэн бүх гэм хорыг бидэнд эргүүлж хийх гэвэл яах вэ? хэмээн ярилцацгаав.
16 Тэгээд тэд Иосефт хэл дамжуулж—Эцэг чинь нас барахынхаа өмнө
17 “Ах нар чинь чамд гэм хорыг хийсэн боловч тэдний буруу нүглийг чи одоо уучлаарай гэж та нар Иосефт хэл” гэсэн учир та эцгийнхээ Бурханы зарц бидний гэм нүглийг одоо уучилна уу? гэж хэлсэнд тэдний үгийг сонсоод Иосеф уйлав.
18 Ах нар нь түүний өмнө очиж сөгдөн—Бид бол таны зарц нар гэсэнд
19 Иосеф тэдэнд хандаж—Битгий айцгаа. Би яахин Бурханыг орлож болох билээ?
20 Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм.
21 Та нар одоо битгий айцгаа. Би та нарыг болон хүүхдүүдийг чинь тэтгэн тэжээе гэж хэлээд, тэднийг тайвшруулж, нинжин сэтгэлээр ярилцав.
22 Иосеф эцгийнхээ гэр бүлийнхэнтэй хамт Египетэд суугаад зуун арван жил наслан,
23 Ефраимын хөвгүүдийн гурван үеийг үзэж, бас Манассегийн хүү Махирын хөвгүүд ч Иосефын өвөр дээр өсжээ.
24 Иосеф ах дүү нартаа хандаж—Би үхэвч Бурхан та нарт туслахаар хүрч очиж, та нарыг энэ газраас дагуулан гаргаад, Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт аваачна гээд,
25 Иосеф бас Израилийн хүүхдүүдээр тангараглуулаад, хэлсэн нь—Бурхан та нарт заавал туслахаар ирнэ. Тэгээд та нар миний ясыг эндээс авч яваарай гэв.
26 Тэгээд Иосефыг зуун арван насандаа үхсэнд тэд түүний биенд гүгэл хийгээд, Египетэд авсалжээ.