Эхлэл
Бүлэг 19
Хоёр тэнгэр элч Содомд үдшээр иржээ. Лот Содомын дааман хаалган дээр сууж байгаад, тэднийг харж, босон угтаад, толгой гудайлган газарт бөхийн сөгдөв.—
2 Эзэнтнүүд минь ээ! Зарцынхаа гэрээр орж, хөлөө угааж, хоноод, маргааш өглөө эрт босож, аян замдаа гарна уу? гэсэнд тэд—Үгүй, бид гадаа талбайд хононо гэв.
3 Тэгээд Лот тэднээс хүчлэн гуйсанд тэд гэрт нь оржээ. Лот тэдэнд хоол унд бэлтгэн, исгээгүй талх барьж өгсөнд тэд идэцгээв.
4 Тэднийг хэвтэхийн өмнө тэр хотынхон буюу Содомынхон хөгшин залуугүй бүгдээрээ дөрвөн зүгээсээ цугларч, гэрийг нь бүсэлж,
5 Лотыг дуудан—Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна вэ? Тэднийг гаргаж ир, бид тэдэнтэй хурьцацгаая! гэв.
6 Лот тэдэнтэй уулзахаар гарч ирээд, хаалгаа араасаа хааж,—
7 Ах дүү нар минь ээ! Ийм муухай зүйл битгий хийгээрэй!
8 Надад эр хүнтэй хавьтаагүй хоёр охин бий. Би тэднийг та нарт авчиръя. Та нар хүссэнээрээ тэднийг эдэл! Харин энэ хүмүүс миний гэрт ирсэн учир тэдэнтэй юу ч битгий хийгээрэй гэв.
9 Тэд—Зам тавьж өг! гээд,—Манай энд ирсэн энэ цагаач бидний шүүгч болох гэж үү? Одоо бид тэднээс илүү чамайг хорлоно гээд Лотыг хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очив.
10 Нөгөө хүмүүс нь гараа сунган, Лотыг гэрт татан оруулаад, хаалгыг нь хааж,
11 гэрийн гадаа байсан хүмүүсийг хөгшин залуугүй бүгдийг юу ч харахгүй болгосонд, тэд гэрийн хаалгыг олох гэсээр ядрав.
12 Нөгөө хүмүүс Лотод хандаж—Танайхнаас өөр хэн хэн байна вэ? Чи хүргэнүүдээ, хүүхдүүдээ, хотод байгаа харьяатуудаа бүгдийг хотоос гадагш гарга.
13 Тэдний хашхираан ЭЗЭНий өмнө үлэмж их болсноос энэ газрыг устгуулахаар ЭЗЭН биднийг илгээсэн тул бид энэ газрыг устгах гэж байна гэв.
14 Тэгээд Лот гадагш гарч, охидтой нь сүй тавьсан хүргэддээ—ЭЗЭН энэ хотыг устгах гэж байна. Босоцгоо! Эндээс гарцгаа! гэв. Гэвч хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж боджээ.
15 Үүр цайх үеэр элч нар Лотыг ятган,—Түргэл! Энд байгаа эхнэр болон хоёр охиноо авчир. Эс тэгвэл та нар энэ хотын гэм нүглийн дунд хамтдаа устгагдах болно гэжээ.
16 Харин Лотыг тээнэгэлзэхэд тэр хүмүүс түүний гараас болон эхнэрийнх нь, мөн хоёр охиных нь гараас зууран авав. Учир нь ЭЗЭН түүнд өршөөнгүй ханджээ. Тэгээд тэд түүнийг гадагш гарган, хотын гадна аваачив.
17 Нөгөө хүмүүс тэднийг хотоос гадагшаа гаргаад,—Зугтаа, амиа хамгаалагтун! Бүү эргэж хар! Энэ хээр талд бүү үлд! Уул уруу зугт! Эс тэгвэл та нар устгагдах болно гэсэнд
18 Лот тэдэнд—Үгүй, эзэд минь!
19 Таны зарц нүдэн дээр тань нигүүлсэл хүртэж, та энэрэл хайраа надад үзүүлж, амийг минь аварлаа. Гэвч би уул өөд зугтаж чадахгүй. Гай гамшиг намайг нөмөрч, би үхнэ.
20 Та хараач, тэр хот уруу зугтаж очвол ойрхон, бас жижиг ч хот юм. Намайг тийшээ зугтаалгаач. Тэр жижиг хот биш үү? Тэгвэл би аврагдаж магад гэв.
21 Тэрээр түүнд өгүүлрүүн—За, би чиний хүсэлтийг хүлээн авч, чиний хэлж байгаа тэр хотыг устгахгүй.
22 Би чамайг тэнд очтол юу ч хийж болохгүй тул тийшээ түргэн зугт гэв. Тийм учраас тэр хотыг Зоар (жижиг) гэж нэрлэжээ.
23 Лотыг Зоарт орж ирэхэд нар мандсан байжээ.
24 ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр болон галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ.
25 Тэгээд Тэрээр тэдгээр хот, тал хөндийг бүхлээр нь бас хотод амьдарч байсан хамаг амьтан, газрын ургамал бүгдийг хөмрөн сүйрүүлжээ.
26 Лотын эхнэр эргэж харснаас болж давсан багана болжээ.
27 Абрахам өглөө эрт босоод, ЭЗЭНий өмнө зогсож байсан тэр газар уруугаа очив.
28 Тэрээр Содом, Гоморра болон бүх хөндий тал уруу өнгийн хараад, зуухнаас гарч байгаа утаа шиг утаа бургилж байхыг үзэв.
29 Бурхан талын хотыг устгахдаа Абрахамыг дурсан санаж, Лотын сууж байсан хотыг устган сүйрүүлэхдээ Лотыг сүйрлийн дундаас зайлуулжээ.
30 Лот Зоарт амьдрахаас айсан учир хоёр охиныхоо хамт Зоараас гарч, ууланд сууж, хоёр охинтойгоо агуйд амьдрах болов.
31 Нэгэн өдөр том охин нь дүү охиндоо өгүүлрүүн—Аав маань өвгөрлөө. Энэ газарт ертөнцийн жам ёсоор бидэнтэй унтах хүн байхгүй байна.
32 Бид аавдаа архи уулгаад, түүнтэй унтаж, эцгээрээ дамжуулан үр удмаа залгамжлуулан үлдээцгээе гэв.
33 Тэгээд тэд тэр шөнөдөө эцэгтээ архи уулгаж, том охин нь аавтайгаа унтжээ. Харин аав нь охиныхоо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй.
34 Түүний маргааш нь том охин нь охин дүүдээ өгүүлрүүн—Өнгөрсөн шөнө би эцэгтэйгээ унтсан, өнөө шөнө бид түүнд архи уулгаж, чи түүнтэй унтаж, бид эцгээрээ дамжуулан үр удмаа залгамжлуулан үлдээцгээе гэв.
35 Тэгээд тэд тэр шөнө эцэгтээ бас архи уулгаж, бага охин нь босож очоод, эцэгтэйгээ унтжээ. Эцэг нь охиноо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй.
36 Ингэж Лотын хоёр охин нь эцгээсээ хүүхэдтэй болов.
37 Том охин нь хүү төрүүлж, хүүгээ Моаб гэж нэрлэжээ. Тэр нь өдгөөгийн моабчуудын өвөг болой.
38 Бага охин нь бас хүү төрүүлж, хүүгээ Бен-амми гэж нэрлэсэн нь одоогийн аммончуудын өвөг болой.