Эхлэл

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50


Бүлэг 31

Лабаны хөвгүүд—Бидний эцгийн бүх хөрөнгийг Иаков авчээ. Тэрээр манай аавын бүхий л хөрөнгөөр ийм баян чинээлэг болжээ гэж хэлэлцэхийг Иаков сонсов.
2 Иаков Лабаны царайг хараад, тэрээр өөрт нь урьдынхтай адилгүй хандаж байгааг ажиглав.
3 ЭЗЭН Иаковт—Чи өвөг дээдсийнхээ нутаг уруу, төрөл садан уруугаа буцаж яв. Би чамтай хамт байна гэлээ.
4 Иаков хэл явуулж, Рахел Леа хоёрыг сүргийнхээ бэлчээрт дуудуулж ирүүлээд
5 тэдэнд өгүүлрүүн—Би эцгийн чинь хандлагыг харахад, тэр надад урьдынх шиг найрсаг биш байна. Харин миний эцгийн Бурхан надтай хамт байсан.
6 Намайг эцэгт чинь хамаг хүчээрээ зүтгэснийг та нар мэднэ.
7 Гэвч эцэг чинь намайг мэхэлж, миний авах хөлсийг арван удаа өөрчилсөн билээ. Гэсэн хэдий ч надад муу юм хийхийг Бурхан түүнд зөвшөөрөөгүй.
8 Тэрээр “Цоохор зүсмийнх нь чиний хөлс болно” гэсэн тул бүх сүрэг цоохор зүсмийн төл гаргасан. Тэрээр “Эрээн зүсмийнх нь чиний хөлс болно” гэсэн тул бүх сүрэг нь эрээн зүсмийн төл гаргасан.
9 Ингэж л Бурхан та нарын эцгийн малыг авч надад өгөв.
10 Ямаан сүрэг хээл авах үед би зүүдэндээ нүдээ өргөн харахад, хээлтүүлэгч ухна болгон эрээн, цоохор, алаг зүстэй байв.
11 Бурханы тэнгэр элч зүүдэнд минь—Иаков! хэмээсэнд—Би энд байна гэж би хариулав.—
12 Чи нүдээ өргөн хар! Хээлтүүлэгч хуц болгон эрээн, цоохор, алаг зүстэй байна. Учир нь Лабаны чамд хийсээр ирсэн бүх зүйлийг би харсан.
13 Би Бетелийн Бурхан байна. Чи тэнд дурсгалын багананд тос асгаж, тэнд Надад тангарагласан билээ. Тиймээс одоо босож, энэ газрыг орхин төрсөн нутаг уруугаа буц! гэжээ.
14 Рахел, Леа хоёр түүнд—Эцгийн гэрээс бидэнд оногдох ямар нэгэн өмч юмуу хувь бий гэж үү?
15 Тэр биднийг гаднын хүмүүс гэж тооцдог биш үү? Учир нь тэрээр биднийг худалдаж, бас бидний бүх мөнгийг үрсэн.
16 Бурханы эцгээс маань авсан бүх хөрөнгө бол биднийх бөгөөд бидний үр хүүхдүүдийнх учир Бурханы танд хэлсэн бүхнийг хийтүгэй! гэв.
17 Иаков босож, хүүхдүүд, эхнэрүүдээ тэмээ унуулж,
18 өөрийн олсон бүх мал адгуус болон хөрөнгөө буюу Паддан-арамаас олсон бүх мал сүргээ туугаад, Канаан нутаг уруугаа, эцэг Исаак уруугаа очихоор хөдлөв.
19 Тэр үед Лабаныг хонио хяргахаар явсан хойгуур нь Рахел аавынхаа гэрийн шүтээнүүдийг хулгайлан авчээ.
20 Иаков сири хүн Лабанд оргон явахаа хэлэлгүй, түүнийг мэхэлжээ.
21 Тэрээр хамаг хөрөнгөө аваад Евфрат мөрнийг гатлан зугтааж, Гилеадын уулархаг нутгийг зорив.
22 Түүнээс хойш гурав хоногийн дараа Иаковын зугтасныг Лабан дуулаад,
23 ах дүү нараа дагуулан, түүний хойноос долоо хоног мөшгөн хөөж, Гилеадын уулархаг нутагт түүнийг гүйцэн иржээ.
24 Шөнө нь сири хүн Лабаны зүүдэнд Бурхан хүрч ирээд—Чи болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл! гэжээ.
25 Лабан Иаковыг гүйцэн очиход Иаков ууланд майхнаа босгосон байв. Лабан ах дүү нарынхаа хамт Гилеад ууланд майхнаа босгов.
26 Лабан Иаковт хандаж—Чи надад мэдэгдэлгүйгээр охидыг минь илдээр барьж авсан олзлогдогсод шиг авч яван юу хийчих нь энэ вэ?
27 Чи яагаад хэлэлгүй сэмхэн зугтаж, намайг мэхэлсэн юм бэ? Би чамайг баяр хөөр, ая дуу, бөмбөр ятгын эгшгээр үдэх байсан байх.
28 Чи ач, зээ охидыг минь надад үнсүүлсэнгүй. Чи мунхаг зүйл хийлээ.
29 Чамайг дөнгөх чадал надад бий. Харин өнгөрсөн шөнө эцгийн чинь Бурхан надад “Болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл” гэсэн.
30 Чи эцгийнхээ гэрийг ихэд хүсэн санагалзсан учир, одоо чи явах нь зөв. Харин чи юунд миний бурхдыг хулгайлсан юм бэ? гэв.
31 Иаков Лабанд—“Таныг охидоо надаас булаан авч магадгүй” гэж бодсон учир би айсан юм.
32 Таны бурхад хэнээс олдоно, тэр хүн амьд байх ёсгүй. Ах дүүсийн маань өмнө миний зүйлсээс өөрийнхөө юмыг олж танивал, та түүнийгээ аваарай гэжээ. Учир нь тэднийг Рахел хулгайлсныг Иаков мэдээгүй байжээ.
33 Лабан Иаковын майхан, Леагийн майхан, бас хоёр шивэгчний майханд орсон боловч бурхдаа олсонгүй. Тэрээр Леагийн майхнаас гараад, Рахелын майханд оржээ.
34 Рахел тэрхүү гэрийн бурхдыг тэмээний тохшин доор хийгээд, түүн дээрээ суужээ. Лабан бүх майхныг нэгжсэн боловч олсонгүй.
35 Рахел эцэгтээ хандаж—Эзэн минь, миний сарын тэмдэг ирсэн тул таныг босон угтаж чадаагүйд минь бүү уурлаарай гэжээ. Лабан гэрийн бурхдаа эрсэн боловч олсонгүй.
36 Иаков уурлаж, Лабаныг зэмлэжээ. Иаков Лабанд хандан—Би ямар буруу юм хийсэн юм бэ? Намайг ямар нүгэлтэй гэж та халуун мөрөөр минь мөшгөөд байгаа юм бэ?
37 Та хамаг юмыг минь нэгжээд, гэрийнхээ ямар юмыг олов? Түүнийгээ энд миний ах дүү нар болон өөрийнхөө ах дүү нарын өмнө гаргаж тавь. Тэгээд бид хоёрын хэргийг шийдэг.
38 Би хорин жил тантай хамт байлаа. Танай эм хонь, эм ямаа хээл хаяагүй. Бас танай сүргийн эр хониноос би идээгүй.
39 Би араатанд уруулсныг нь танд авчраагүй. Би өөрөө түүнийг нөхсөн. Өдөр ч хулгайлагдсан бай, шөнө ч хулгайлагдсан бай түүнийг төлөхийг надаас та нэхэж байсан.
40 Би өдрийн халуунд халж, шөнийн хүйтэнд хөрч, нүдээ цавчилгүй тийнхүү өнгөрөөсөөр байсан билээ.
41 Би танайд хорин жил суулаа. Би таны хоёр охины төлөө арван дөрвөн жил, таны мал сүргийн төлөө зургаан жил танд зарагдлаа. Энэ завсар та миний хөлсийг арван удаа өөрчилсөн.
42 Хэрэв миний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Эмээгч нь надтай хамт байгаагүйсэн бол өдийд та намайг гар хоосон буцаах байж дээ. Харин Бурхан гарын минь зүтгэл зовлон зүдгүүрийг минь үзээд, өчигдөр шөнө таныг зэмлэжээ хэмээв.
43 Лабан Иаковт хандаж—Энэ охид бол миний охид, энэ хүүхдүүд бол миний хүүхдүүд, энэ хонин сүрэг бол миний хонин сүрэг. Чиний харж байгаа юм бүхэн минийх. Өнөөдөр би охидоо, тэдний төрүүлсэн үр хүүхдүүдийг яах юм бэ?
44 Одоо нааш ир! Чи бид хоёулаа хоорондоо гэрээ байгуулъя. Тэр бол чи бид хоёрын хоорондын гэрч болог гэв.
45 Иаков нэг чулуу аваад, багана болгон босгожээ.
46 Тэрээр ах дүү нартаа хандаж—Чулуу цуглуул гэсэнд тэд чулуу цуглуулж, овоо босгоод, овооныхоо дэргэд хооллоцгоожээ.
47 Лабан тэр овоогоо Иегар-сахадута гэж нэрлэжээ, Иаков ч бас түүнийгээ Галеед гэж нэрлэжээ.
48 Лабан—Энэ овоо бол өнөөдөр чи бид хоёрын хоорондын гэрч болно гэв. Тийм учраас түүнийг Галеед хэмээн нэрлэдэг байжээ.
49 Бас Мизпа ч хэмээн нэрлэдэг байжээ. Учир нь тэрээр “Бид хоёрын хэн хэн нь байхгүй байхад ЭЗЭН чи бид хоёрын хоорондохыг харах болтугай” гэсэн ажээ.—
50 Хэрэв чи миний охидтой зүй бусаар харьцах, эсвэл миний охидоос өөр эхнэр авбал бидэнтэй хамт өөр хүн байхгүй ч гэсэн, харагтун! Бурхан чи бид хоёрын хооронд гэрч болно гэв.
51 Лабан дахин Иаковт хандаж,—Чи бид хоёрын хооронд миний босгосон энэ овоог хар. Бас энэ баганыг хар.
52 Энэ овоо ч гэрч, энэ багана ч гэрч болно. Би чамд муу юм хийх гэж энэ овоог давахгүй. Чи надад муу юм хийх гэж энэ овоо болон баганыг давахгүй.
53 Абрахамын Бурхан, Нахорын Бурхан, тэдний өвөг дээдсийн Бурхан, бидний хоорондохыг шийдэг гэсэнд Иаков эцэг Исаакийнхаа Эмээгчээр тангараглав.
54 Иаков бас уулан дээр тахил өргөөд, ах дүү нараа дуудаж хооллов. Тэд хоолоо идэж, уулан дээр хоноцгоожээ.
55 Лабан өглөө эртлэн босоод, ач зээ нараа, охидоо үнсэж ерөөгөөд, нутаг уруугаа эргэн оджээ.