Эхлэл
Бүлэг 15
Түүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж,—Абрам аа, бүү ай!Би бол чиний бамбай,Чиний шагнал агуу их болно.гэжээ.
2 Абрам—Эзэн БУРХАН! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй учир миний өв залгамжлагч нь энэ Дамаскийн Елиезер юм гэв.
3 Абрам цааш өгүүлрүүн—Та надад ганц ч үр заяагаагүй. Тиймээс гэрт минь өссөн хүн л миний өв залгамжлагч болно гэсэнд
4 ЭЗЭНий үг түүнд ирж—Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л чиний өв залгамжлагч болно гээд,
5 түүнийг гадагш дагуулан гараад—Чи тэнгэр өөд хар, хэрэв оддыг тоолж чадваас тоол гэв. Тэр бас дахин түүнд—Чиний үр удам ийм олон болно гэв.
6 Тэгээд Абрам ЭЗЭНд итгэсэнд ЭЗЭН түүнийг зөвт байдалд тооцуулав.
7 Тэрээр түүнд—Би бол чамд энэ газар нутгийг өгч, өвлүүлэхээр чамайг Халдеин Ураас авчирсан ЭЗЭН байна гэхэд,
8 Абрам—Эзэн БУРХАН минь! Би энэ газрыг өвлөн авахаа хэрхэн мэдэх вэ? гэсэнд
9 ЭЗЭН түүнд—Надад зориулж гунжин үнээ, хязаалан эм ямаа, шүдлэн эр хонь, хүүрэлзгэнэ, тагтааны ангаахай ав гэв.
10 Абрам тэр бүхнийг авч, тэднийг хоёр таллан хувааж, тал бүрийг өөд өөдөөс нь харуулан тавьжээ. Харин шувууг хуваасангүй.
11 Махчин шувууд тэдгээр сэгэн дээр бууж ирэхэд, Абрам тэднийг хөөв.
12 Нар шингэх үеэр Абрамыг гүн нойрондоо унтаж байтал түнэр харанхуй болон аймшигт айдас түүнийг нөмрөв.
13 ЭЗЭН Абрамд—Чиний үр удмынхан өөрсдийнх нь бүс нутагт харь хүмүүс болоод, дөрвөн зуун жилийн турш зарцлагдаж, дарлагдах болно гэдгийг баттай мэдэж ав.
14 Би тэднийг зарцлах үндэстэнг нь шүүнэ. Түүний дараа чиний үр удам их эд юмстай гарч ирнэ.
15 Харин чи урт наслаад, өвөг дээдэс уруугаа амар тайвнаар очиж, ясаа тавих болно.
16 Дөрөв дэх үедээ чиний үр удам энэ нутаг уруугаа эргэж ирнэ. Учир нь аморичуудын гэм нүгэл нь арай дүүрээгүйгээс тэр болой.
17 Нар шингэж харанхуй болох үед утаат зуух болон нөгөө хуваагдсан махнуудыг дайран гарсан галт бамбар үзэгджээ.
18 Тэр өдөр ЭЗЭН Абрамтай гэрээ байгуулж—Би энэ газрыг, Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэлЧиний үр удмынханд өгсөн билээ.
19 Тэр бол кенчүүд, кенизчүүд, кадмончууд,
20 хитчүүд, перизчүүд, рефаимчууд,
21 аморичууд, канаанчууд, гиргашчууд, иебусчуудын газар нутаг юм гэв.