Эхлэл
Бүлэг 26
Абрахамын үед анх өлсгөлөн болсон тэр газарт дахин өлсгөлөн болсонд Исаак Герар уруу одож, Филистийн хаан Абимелехт хүрч очжээ.
2 ЭЗЭН Исаакт үзэгдэж—Чи Египет уруу бүү яв! Миний зааж өгөх тэр газарт суу.
3 Энэ газар амьдран суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр хүүхдүүдэд өгнө. Би чиний эцэг Абрахамд тангарагласнаа биелүүлнэ.
4 Би чиний үр хүүхдийг тэнгэрийн од мэт олон болгож, энэ бүх газрыг чиний үр хүүхдүүдэд өгнө. Газар дэлхий дээр байгаа бүх үндэстэн чиний үр хүүхдээр дамжин ерөөл хүртэх болно.
5 Учир нь Абрахам Миний үгийг дуулгавартай дагаж, Миний тушаал, Миний захирамж, Миний зарлиг, Миний хуулийг сахьсан билээ гэв.
6 Тэгээд Исаак Герарт амьдран суух болжээ.
7 Тэр газрын хүмүүс түүний эхнэрийн тухай асуусанд тэрээр—Энэ бол миний охин дүү гэжээ. Ребека харваас гоо үзэсгэлэнтэй учраас энэ нутгийнхан түүнээс болж өөрийг нь алж магадгүй гэж бодоод, түүнийг эхнэрээ гэж хэлэхээс айжээ.
8 Исаак тэнд удаан суусан бөгөөд Исаак эхнэр Ребекагаа тэвэрч байгааг Филистийн хаан Абимелех цонхоороо харав.
9 Абимелех Исаакийг дуудан—Тэр бол чиний эхнэр үнэхээр мөн байтал чи яахин түүнийг миний охин дүү гэж хэлсэн бэ? гэсэнд Исаак—Түүнээс болж би үхэх болов уу гэж бодсон юм гэж хариулав.
10 Абимелех—Чи биднийг яаж байгаа чинь энэ вэ? Манай хүмүүсийн нэг нь эхнэртэй чинь хялбархан унтаж болох байсан. Тэгээд чи биднийг нүгэлд унагаах байсан билээ гэв.
11 Тэгээд Абимелех—Энэ хүнд юм уу, эсвэл түүний эхнэрт халдаж довтолсон хэнийг ч болов цаазална гэж бүх хүндээ тушаажээ.
12 Исаак тэр газарт тариа тарьж, тэр жилдээ зуу дахин илүү ургац авчээ. ЭЗЭН түүнийг ерөөсөн учир
13 тэрээр агуу их болж, өсөн өссөөр маш их баян чинээлэг болжээ.
14 Түүний хонь, үхэр өсөн үржиж, зарц нар нь маш олон байсан тул филистчүүд түүнд атаархаж,
15 түүний эцэг Абрахамын үед зарц нарынх нь ухаж гаргасан бүх худгийг шороогоор дүүргэн битүүлжээ.
16 Абимелех Исаакт хандаж—Чи биднээс илүү хүчтэй болсон учир биднийг орхиж яв гэв.
17 Исаак тэр газрыг орхин явж, Герарын хөндийд майхнаа барьж, тэндээ суурьшив.
18 Исаак эцэг Абрахамынхаа үед ухаж гаргасан худгуудыг дахин ухжээ. Учир нь Абрахамыг нас барсны дараа тэдгээр худгуудыг филистчүүд чигжиж битүүлсэн байв. Исаак тэдгээр худгуудыг эцгийнхээ өгсөн нэрээр нэрлэв.
19 Исаакийн зарц нар Герарын хөндийд газар ухаж, ундран гарах усны худаг олжээ.
20 Герарын малчид Исаакийн малчидтай маргалдаж,—Энэ ус бол манайх хэмээсэнд Исаак тэр маргалдаанаас болж, уул худгийг Есек хэмээн нэрлэв.
21 Тэд өөр нэг худаг ухаж, бас дахин маргалджээ. Исаак түүнийг Ситна хэмээн нэрлэжээ.
22 Тэрээр тэндээс нүүж, бас нэгэн худаг ухсан бөгөөд дахин маргаан гараагүй учир түүнийг Рехобот гэж нэрлээд,—ЭЗЭН бидэнд газрыг тэлж өгсөн учир, бид энэ нутаг дээр өнөр өтгөн болно гэв.
23 Исаак тэндээс Беершеба уруу явав.
24 Тэр шөнө нь ЭЗЭН түүнд үзэгдэж—Би бол чиний эцэг Абрахамын Бурхан.Бүү ай!Учир нь Би чамтай хамт байна.Миний зарц Абрахамын төлөө Би чамайг ерөөн,Чиний үр удмыг өнөр өтгөн болгоно гэв.
25 Исаак тэнд тахилын ширээ босгож, ЭЗЭНий нэрийг дуудан, тэр газарт майхнаа барьж, зарц нар нь тэнд худаг ухжээ.
26 Абимелех өөрийн туслах Ахуззат, цэргийн ерөнхий захирагч Фикол нарын хамт Герараас Исаакт ирэв.
27 Исаак тэдэнд хандан—Та нар намайг үзэн ядаж, өөрсдөөсөө хөөн зайлуулсан атлаа яагаад над уруу хүрч ирэв? гэсэнд
28 тэд—ЭЗЭНийг чамтай хамт байгааг бид тодорхой харсан учир бид хоорондоо буюу та бидний хооронд тангараг тавьж, чамтай гэрээ байгуулъя гэж хэлэлцсэн юм.
29 Бид чамд халдалгүй, зөвхөн сайн үйл хийж, чамайг амар тайван явуулсан шиг чи бидэнд хор хөнөөл бүү хий. Чи бол одоо ЭЗЭНий ерөөлийг хүртэгч гэжээ.
30 Исаак тэдэнд зориулан найр хийсэнд, тэд идэж ууцгаав.
31 Тэгээд тэд өглөө эртлэн босож, бие биедээ тангарагласны дараа Исаак тэднийг явуулж, тэд түүнийг амар тайван орхижээ.
32 Яг тэр өдөр Исаакийн зарц нар ирж, өөрсдийн ухсан худгийн тухай Исаакт ярьж, “Бид ус оллоо” гэж хэлэв.
33 Исаак тэр худгийг Шиба гэж нэрлэсэн бөгөөд тиймээс тэр хотын нэрийг одоо хүртэл Беершеба гэдэг ажээ.
34 Есав дөчин настайдаа хит хүн Беерийн охин Иудит, хит хүн Елоны охин Басемат хоёрыг эхнэр болгон авчээ.
35 Тэд Исаак, Ребека хоёрт сэтгэлийн зовлон болжээ.