Эхлэл

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50


Бүлэг 22

Үүний дараа Бурхан Абрахамыг шалгаж туршихаар түүнийг дуудаж,—Абрахам аа! гэсэнд Абрахам—Би энд байна гэжээ.
2 Бурхан—Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Миний зааж өгөх нэг уулан дээр, тэндээ түүнийг шатаалт тахил болгон өргө гэв.
3 Абрахам өглөө эртлэн босоод илжгээ эмээллэж, хоёр зарц залууг өөрийн хүү Исаакийн хамт дагуулж, шатаалт тахилын модыг огтлон аваад хөдөлж, Бурханы өөрт нь зааж өгсөн тэр газар уруу явжээ.
4 Гурав дахь өдөр нь Абрахам хараагаа өргөн, тэр нутгийг алсаас харав.
5 Тэгээд Абрахам зарц залуустаа—Та хоёр, илжигтэйгээ энд хүлээж бай. Хүү бид хоёр тийшээ явж, мөргөөд, та нар уруу эргэж ирнэ гэв.
6 Абрахам шатаалт тахилын модыг авч, хүү Исаактаа үүрүүлж, өөрөө гал, хутга хоёроо гартаа бариад хоёулаа хамт явжээ.
7 Исаак эцэг Абрахамдаа хандан,—Аав минь ээ! гэж дуудахад тэрээр,—Хүү минь, би энд байна гэсэнд Исаак—Хараач, гал ба мод энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ? гэхэд
8 Абрахам—Хүү минь, шатаалт тахилд зориулж Бурхан Өөрийгөө хургаар хангана гээд хоёул цааш явжээ.
9 Бурханы түүнд зааж өгсөн газарт тэд хүрч ирээд, Абрахам тэнд тахилын ширээ босгож, модоо бэлтгэжээ. Тэрээр хүү Исаакаа хүлж, тахилын модон дээр тавив.
10 Тэгээд гараа сунган, хүүгээ алахаар хутгаа авав.
11 ЭЗЭНий тэнгэр элч тэнгэрээс түүнийг—Абрахам аа, Абрахам аа! гэж дуудсанд тэрээр—Би энд байна гэв.
12 Тэнгэр элч өгүүлрүүн—Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.
13 Абрахам хараагаа өргөн ажиглахад, нэгэн эр хонь өтгөн бутанд эврээрээ тээглэснийг харав. Абрахам очиж, тэр эр хонийг барьж аваад, хүүгийнхээ оронд түүнийг шатаалт тахил болгон өргөжээ.
14 Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ.
15 ЭЗЭНий тэнгэр элч Абрахамыг хоёр дахь удаагаа тэнгэрээс дуудаж,—
16 ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрийн нэрийг барьж тангараглах нь,
17 Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно.
18 Бас чи Миний үгийг дуулгавартай дагасан учир газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ерөөгдөх болно” гэв.
19 Тэгээд Абрахам зарц залуус дээрээ эргэн ирж, хамтдаа хөдөлж, Беершебад хүрэв. Ингээд Абрахам Беершебад суужээ.
20 Үүний дараа нэг нь—Милка чиний дүү Нахорт хүүхэд төрүүлж өгчээ гэж Абрахамд хэлжээ.
21 Түүний ууган хүү Уз, түүний дүү Буз, Арамын эцэг Кемуел,
22 Хесед, Хазо, Пилдаш, Иедлаф, Бетуел нар болой.
23 Бетуел нь Ребекаг төрүүлжээ. Милка Абрахамын дүү Нахорт эдгээр найман хүүхдийг төрүүлж өгчээ.
24 Нахорын татвар эм Реума гэгч Теба, Гахам, Тахаш, Маака нарыг төрүүлжээ.