1 Коринт

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16


Бүлэг 9

Би эрх чөлөөтэй биш гэж үү? Би элч биш гэж үү? Би бидний Эзэн Есүсийг хараагүй гэж үү? Та нар Эзэн доторх миний ажил биш гэж үү?
2 Хэрэв би бусдад элч биш байлаа гэхэд та нарын хувьд бол элч мөн. Учир нь та нар бол Эзэн доторх элчийн үүргийн минь тамга юм.
3 Намайг шалгадаг хүмүүст хандах миний өмгөөлөл нь ийм юм.
4 Идэж, уух эрх бидэнд байхгүй гэж үү?
5 Бусад элч нар болон Эзэний дүү нар, Кеф шиг эгч дүү болох эхнэрээ дагуулах эрх бидэнд байхгүй гэж үү?
6 Эсвэл ажлаа орхих эрх зөвхөн Барнаб бид хоёрт байхгүй юм уу?
7 Өөрийнхөө хөлсөөр цэрэг мэт ямар ч цагт үйлчилдэг хэн байна вэ? Усан үзмийн талбай байгуулаад, жимснээс нь иддэггүй хэн байна вэ? Хонин сүрэг хариулдаг атлаа сүргийнхээ сүүг хэрэглэдэггүй хэн байна вэ?
8 Эдгээр зүйлийг би хүний ёсоор ярьж байна уу? Хууль ч гэсэн эдгээр зүйлийг хэлдэггүй гэж үү?
9 Учир нь Мосегийн Хуульд “Тариа цайруулж буй үхрийн аманд хошуувч бүү хий” гэж бичсэн байдаг. Бурхан үхэрт санаа тавьдаг юм уу?
10 Тэр үүнийг бүхэлд нь бидний төлөө айлдсан уу? Тийм ээ, энэ нь бидний төлөө бичигдсэн юм. Тэгэхлээр газар хагалагч найдлага дотор хагалж, цайруулагч найдлага дотор цайруулж хувиа хүртэх ёстой аж.
11 Хэрэв бид та нарт сүнслэг зүйлсийг тариад та нараас бид махан биеийн юмсыг хураасан бол энэ нь дэндүү их байна уу?
12 Хэрэв бусад нь та нарынхаас хуваалцах эрхтэй байдаг юм бол бид тэднээс ч илүү байх ёстой бус уу?Хэдий тийм боловч, бид энэ эрхээ ашиглаагүй. Харин үүний оронд бид өөрсдөө Христийн сайн мэдээнд ямар ч саад тотгор учруулахгүйн тулд бүх юмсыг тэвчдэг.
13 Ариун үйлчлэлийг гүйцэтгэгчид сүмээс хооллодгийг болон тахил өргөхөд оролцогчид тахилын ширээн дээрхээс хувиа хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү?
14 Түүнчлэн сайн мэдээг тунхаглагчид сайн мэдээгээр амь зуухыг Эзэн тогтоосон ажээ.
15 Харин би энэ бүхнээс юуг ч ашиглаагүй. Намайг тийм байлгахын тулд эдгээрийг бичээгүй. Учир нь миний бахархлыг хэн нэг нь хоосон хүчингүй болгосноос миний хувьд үхсэн нь дээр юм.
16 Учир нь хэрэв би сайн мэдээг тунхаглавал үүнд сайрхах юм надад юу ч алга. Яагаад гэвэл би шахалтад байдаг. Хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол энэ нь надад зовлон болдог.
17 Хэрэв би үүнийг сайн дураараа хийвэл шагнал хүртэнэ. Гэвч хэрэв миний хүслийн эсрэг байлаа ч нярвын үүрэг нь надад даалгагдсан юм.
18 Тэгвэл миний шагнал юу вэ? Сайн мэдээг тунхаглахдаа би төлбөргүйгээр сайн мэдээг өгч, ингэснээрээ сайн мэдээн дотор өөрийн эрхээ бүрэн дүүрнээр ашиглахгүй байх явдал юм.
19 Учир нь би бүхнээс чөлөөтэй атлаа илүү олныг талдаа оруулахын тулд өөрийгөө бүгдэд боол болгов.
20 Иудейчүүдийг талдаа оруулахын тулд би иудейчүүдэд Иудей хүн адил, Хуулийн дор байгсдыг талдаа оруулахын тулд би өөрөө Хуулийн дор байдаггүй атлаа Хуулийн дор байгсдад Хуулийн дор байгч мэт,
21 хуульгүй хүмүүсийг талдаа оруулахын тулд би Бурханы хуульгүй байгаа бус, харин Христийн хууль дор байдаг атлаа, хуульгүй хүмүүст хуульгүй хүн адил,
22 мөхөс хүмүүсийг талдаа оруулахын тулд би мөхөс хүмүүст мөхөс хүн адил болсон юм. Яалаа ч гэсэн заримыг нь аврахын тулд бүх хүнд би бүх юм болж байлаа.
23 Би сайн мэдээний хамсаатан болохын тулд сайн мэдээний төлөө бүх юмсыг хийдэг.
24 Уралдаанд оролцон гүйгчид бүгд гүйдэг ч нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ.
25 Тэмцээнд өрсөлдөгч хүн бүр бүх талаараа биеэ барих чадварт өөрийгөө дасгалжуулдаг аж. Тэд муудах титмийг хүртэхийн төлөө бол, харин бид үл муудах титмийн төлөө юм.
26 Тиймээс би ямар ч зорилгогүй мэт гүйдэг бус, зангидсан гараараа агаар цохих мэт нударгалдаг бус,
27 харин бусдад сайн мэдээг тунхагласан атлаа өөрөө тэнцээгүй байх вий гэсэндээ биеэ зовоож өөрийнхөө боол болгодог.