1 Коринт

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16


Бүлэг 7

Та нарын бичсэн асуудлын тухайд гэвэл гэрлэхгүй байх нь эр хүнд сайн юм.
2 Харин садар самуун байдалд орохгүйн тулд эр хүн бүр эхнэртэй, эмэгтэй хүн бүр нөхөртэй байг.
3 Нөхөр нь эхнэрийнхээ өмнө өөрийн үүргээ биелүүлэг. Үүнчлэн эхнэр нь мөн нөхрийнхөө өмнө өөрийн үүргээ биелүүлэг.
4 Эхнэр нь өөрийн биеэ захирах эрх мэдэлгүй бөгөөд харин нөхөр нь захирна. Түүнчлэн нөхөр нь өөрийн биеэ захирах эрх мэдэлгүй бөгөөд харин эхнэр нь захирна.
5 Та нар нэг нэгнээсээ хагацахаа зогсоо. Зөвхөн өөрсдийгөө залбиралд зориулахаар тохиролцсон цагт тус тусдаа байгаад, дахин хамтдаа байгаарай. Эс тэгвэл Сатан та нарыг биеэ барьж тэвчихгүй байдлаар чинь сорьж магадгүй юм.
6 Харин үүнийг би тушаалаар бус зөвлөмж болгон хэллээ.
7 Бүх хүмүүс над шиг байгаасай гэж би хүсдэг. Гэхдээ хүн бүрд өөрийнх нь бэлэг Бурханаас байдаг бөгөөд нэг нь ийм байхад нөгөө нь өөр байдаг аж.
8 Гэрлээгүй болон бэлэвсэн хүмүүст хандаж, хэрэв тэд над шиг байгаа хэвээрээ байвал тэдэнд сайн гэж би хэлдэг.
9 Гэвч хэрэв тэд биеэ захирч чадахгүй бол гэрлэг. Учир нь шатаж байснаас гэрлэх нь илүү дээр.
10 Эхнэр нь нөхрөөсөө салж болохгүй гэж гэрлэсэн хүмүүст хандан би биш, харин Эзэн тушаадаг.
11 (Хэрэв тэр салбал дахин гэрлэхгүй байг, эсвэл нөхөртэйгөө эвлэрэг.) Нөхөр нь эхнэрээ хөөж болохгүй.
12 Харин бусдад нь хандаж, хэрэв ах дүү нарын нэг нь итгэгч биш эхнэртэй байгаад, тэр эмэгтэй өөртэй нь амьдрахыг хүсвэл тэр эмэгтэйг бүү орхи гэж Эзэн биш, би хэлдэг.
13 Хэрэв эмэгтэй нь итгэгч биш нөхөртэй байгаад, нөхөр нь өөртэй нь амьдрахыг хүсвэл нөхрөө бүү орхиг.
14 Учир нь үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байна. Үл итгэгч эхнэр нь итгэгч нөхрөөрөө ариусгагдсан байна. Тийм бишсэн бол та нарын хүүхдүүд бузар байх байсан. Харин одоо тэд ариун аж.
15 Хэрэв үл итгэгч нэг нь салбал тэр салаг. Ах дүү болон эгч дүү нар ийм тохиолдолд боолчлол дор байхгүй. Харин ч Бурхан биднийг амар тайван уруу дуудсан юм.
16 Эхнэр ээ, чи нөхрөө аврах эсэхийг яаж мэднэ вэ? Нөхөр өө, чи эхнэрээ аврах эсэхийг яаж мэднэ вэ?
17 Зөвхөн Бурхан хүн бүрийг дуудсанчлан, Эзэн хүн бүрд хувааж өгснөөр нь тэр хүн яваг. Би бүх чуулганд ийнхүү тушаадаг.
18 Хөвч хөндөх ёслол хийлгэсний дараа хэн нэг нь дуудагдсан уу? Тэр хүн хөвч хөндөлтөө бүү үгүй болгог. Хөвч хөндөх ёслол хийлгээгүй хүмүүсээс хэн нэг нь дуудагдсан уу? Тэр хүн бүү хөвч хөндүүл.
19 Хөвч хөндөх нь юу ч биш, хөвч хөндүүлээгүй нь ч юу ч биш. Харин Бурханы тушаалуудыг сахих нь чухал юм.
20 Хүн бүр дуудагдсан дуудлагынхаа дотор үлдэг.
21 Чи боол байхдаа дуудагдсан уу? Үүндээ санаа бүү зов. Хэрэв чи чөлөөтэй болох боломжтой бол түүнийгээ ашигла.
22 Учир нь боол байхдаа Эзэн дотор дуудагдсан хүн Эзэний чөлөөлсөн хүн мөн. Үүнтэй адил чөлөөтэй байхдаа дуудагдсан хүн Христийн боол мөн.
23 Та нарыг үнээр худалдан авсан юм. Хүмүүсийн боол бүү бологтун.
24 Ах дүү нар аа, хэн юун дотор дуудагдсан байна, түүн дотроо хүн бүр Бурхантай хамт үлд.
25 Онгон бүсгүйчүүдийн тухайд гэвэл Эзэний тушаал надад байхгүй. Харин Эзэний өршөөлөөр итгэмжит болсон хүний хувьд саналаа хэлье.
26 Тэгэхлээр миний бодоход, өнөөгийн зовлон зүдгүүрийн учир байсан хэвээрээ байх нь эр хүнд сайн аж.
27 Чи эхнэртэй холбогдсон уу? Салах гэж бүү оролд. Чи эхнэрээс салсан уу? Эхнэр бүү хай.
28 Гэхдээ чи гэрлэлээ ч гэсэн нүгэл үйлдээгүй хэрэг. Хэрэв онгон бүсгүй гэрлэлээ ч гэсэн нүгэл үйлдээгүй хэрэг. Гэвч иймэрхүү хүмүүс нь махан биедээ зовлонтой болно. Би та нарыг гамнахыг чармайж байна.
29 Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье. Цаг хугацаа охор богино болжээ. Цаашдаа эхнэртэй хүмүүс нь эхнэргүй мэт,
30 уйлж байгаа хүмүүс нь уйлаагүй мэт, баярлаж байгаа хүмүүс нь баярлаагүй мэт, худалдан авч байгаа хүмүүс нь өмч хөрөнгөгүй мэт,
31 энэ ертөнцийг хэрэглэж байгаа хүмүүс нь бүрэн дүүрнээр ашиглаагүй мэт болох ёстой аж. Учир нь энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байна.
32 Гэвч та нар санаа зовох юмнаас чөлөөтэй байхыг би хүсдэг. Гэрлээгүй хүн Эзэнд яаж таалагдах вэ хэмээн Эзэний юмсад санаа тавьдаг.
33 Харин гэрлэсэн хүн эхнэртээ яаж таалагдах вэ хэмээн ертөнцийн юмсад санаа тавьдаг бөгөөд
34 тэр хүн хуваагдсан байдаг аж. Гэрлээгүй онгон эмэгтэй нь биеэрээ болон сүнсээрээ ариун байхын тулд Эзэний юмсад санаа тавьдаг. Харин гэрлэсэн эмэгтэй нь нөхөртөө яаж таалагдах вэ хэмээн ертөнцийн юмсад санаа тавьдаг юм.
35 Би та нарыг боогдуулах гэсэндээ бус, харин та нарын тусын тулд бөгөөд зохистой байдал болон эргэлт буцалтгүйгээр Эзэнд үнэнч байх байдлын чинь төлөө үүнийг хэлж байгаа юм.
36 Хэрэв ямар нэгэн хүн өөрийн онгон бүсгүйд ёс журамгүй зан гаргаж байна гэж бодож байгаа бол, хэрэв тэр эмэгтэй насанд хүрсэн бөгөөд тийм байх ёстой юм бол тэр хүн хүслээрээ болог. Тэр нүгэл үйлдээгүй. Тэд гэрлэг.
37 Харин хэн өөрийн сэтгэл зүрхэндээ бат зогсож, энэ нь шаардлагагүй гээд өөрийн хүслээ захирсан бөгөөд нөхөрт гараагүй өөрийн онгон бүсгүйг зүрхэндээ байлгахаар шийдсэн бол энэ нь тэр хүний хувьд сайн хэрэг.
38 Тиймээс тэр хүн өөрийн онгон бүсгүйг гэрлүүлбэл сайн биз, гэрлүүлэхгүй бол илүү сайн биз ээ.
39 Эхнэр хүн нөхрөө амьд байхад нь түүнтэй холбоотой байдаг. Хэрэв нөхөр нь үхвэл тэр эмэгтэй хүссэн хүнтэйгээ гэрлэх эрх чөлөөтэй болно. Харин зөвхөн Эзэн дотор юм.
40 Харин миний бодлоор бол хэрэв тэр эмэгтэй байгаагаараа үлдвэл илүү ч жаргалтай байна. Надад ч бас Бурханы Сүнс байгаа гэж би боддог.