1 Коринт
Бүлэг 4
Биднийг Христийн зарц нар ба Бурханы нууцын нярвууд гэж тооцог.
2 Үүнээс гадна итгэмжит байхыг нярвуудаас шаарддаг.
3 Та нараар, эсвэл хүний шүүхээр шүүлгэх нь миний хувьд тун ялихгүй зүйл билээ. Би өөрөө ч гэсэн өөрийгөө шүүдэггүй.
4 Өөрийнхөө эсрэг мэдэх юм надад байхгүй ч үүгээрээ би зөвтгөгдөөгүй. Харин намайг шүүгч нэгэн бол Эзэн мөн.
5 Иймд та нар тогтоосон цагаас өмнө Эзэнийг иртэл юуг ч битгий шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд хүмүүсийн зүрхний зорилгыг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.
6 Ах дүү нар аа, би эдгээрийг та нарын төлөө өөртөө болон Аполд хэрэгжүүлсэн нь та нар бичигдсэнээс хэтрэхгүй байхыг биднээс суралцаасай гэсэндээ юм. Тэгвэл та нар нэгийнхээ төлөө нөгөөгийнхөө эсрэг их зантай болохгүй.
7 Үнэндээ хэн та нарыг шилдэг хэмээн үзнэ вэ? Та нарт байгааг та нар хүлээж аваагүй гэж үү? Хэрэв үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг та нар юунд сайрхана вэ?
8 Та нар хэдийн бялхсан бөгөөд баян болжээ. Та нар бидэнгүйгээр хаад болжээ. Та нар үнэхээр хаад болсон байгаасай гэж би хичнээн их хүснэ вэ. Тэгвэл бид ч та нартай хамт хаанчилна шүү дээ!
9 Учир нь Бурхан элч болох биднийг үхэх ял оногдсон хүмүүс мэт бүхний сүүлчийнх болгосон гэж би боддог. Яагаад гэвэл бид ертөнцөд, тэнгэр элч нарт ч, хүмүүст ч үзмэр болжээ.
10 Бид Христийн төлөө мулгуу аж. Харин та нар Христ дотор хашир аж. Бид мөхөс, харин та нар хүчтэй. Та нар алдар хүндтэй, харин бидэнд алдар хүнд ч алга.
11 Энэ мөчийг хүртэл бид өлсөж, цангаж, ядмаг хувцаслан, ширүүн нударгад өртөж, орон гэргүй байж,
12 гараа ажиллуулан нөр их хөдөлмөрлөж байна. Биднийг зүхэхэд нь ерөөж, хавчихад нь тэвчиж,
13 гүтгэхэд нь тайтгаруулахыг бид хичээдэг. Бид одоо хүртэл дэлхийн хог, бүгдийн шаар шавхруу мэт болсон.
14 Би та нарыг ичээхийн тулд бус, харин өөрийнхөө хайрт хүүхдүүдийн адил та нарт сануулахын тулд үүнийг бичлээ.
15 Учир нь та нар Христийн дотор тоо томшгүй сургагч нартай байж болох ч эцэг болох хүмүүс олон байхгүй. Учир нь би Христ Есүсийн дотор сайн мэдээгээр дамжуулан та нарын эцэг болсон.
16 Тиймээс та нараас гуйя. Намайг дуурайгсад бай.
17 Үүний улмаас би Эзэн доторх миний хайрт, итгэлт хүү болох Тимотыг та нарт илгээв. Хаа сайгүй чуулган бүрд би хэрхэн сургадгийн адил Христ [Есүс] доторх замуудыг маань тэр та нарт сануулах болно.
18 Зарим чинь намайг та нар уруу очихгүй юм шиг их зан гаргадаг.
19 Хэрэв Эзэн хүсвэл би та нар уруу удахгүй очиж, их зантай хүмүүсийн үг яриаг бус, харин хүчийг нь мэдэх болно.
20 Учир нь Бурханы хаанчлал үг яриан дотор бус, харин хүч дотор байна.
21 Би та нар уруу ташууртай, эсвэл хайр ба дөлгөөн байдлын сүнстэй очих уу? Та нар алийг нь хүснэ вэ? 1. Коринт 3. 1. Коринт 5