1 Коринт

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16


Бүлэг 12

Ах дүү нар аа, сүнслэг бэлгүүдийн талаар та нар мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна.
2 Та нар Эзэнд итгээгүй байхдаа хэлгүй шүтээнүүдэд хөтлөгдөж, төөрөлдсөн байснаа мэдэх билээ.
3 Тиймээс хэн ч Бурханы Сүнсээр “Есүс хараагдсан” гэж ярихгүй бөгөөд Ариун Сүнсээр бус бол өөр хэн ч “Есүс бол Эзэн” гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдэгдье.
4 Бэлгүүд нь ялгаатай боловч адилхан Сүнс.
5 Үйлчлэлүүд нь ялгаатай боловч адилхан Эзэн.
6 Үйлдлүүд нь ялгаатай боловч бүгдийн дотор бүх юмсыг үйлдэгч нь адилхан Бурхан юм.
7 Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тус бүрд өгсөн аж.
8 Учир нь нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр өгсөн бол, нөгөөд нь мэдлэгийн үгийг адилхан Сүнсээр өгсөн бөгөөд
9 өөр нэгэнд нь итгэлийг адилхан Сүнсээр өгсөн аж. Нэгэнд нь эдгээх бэлгийг нэг Сүнсээр өгсөн бол,
10 бас өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь эш үзүүлэх, бас нэгэнд нь сүнснүүдийг ялгах чадвар, нөгөөд нь олон янзын хэлээр ярих чадвар, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна.
11 Энэ бүхнийг нэг, адилхан Сүнс ажиллуулдаг бөгөөд Тэр Өөрийнхөө хүссэнчлэн хүн тус бүрд хуваарилдаг аж.
12 Учир нь бие нэг атлаа олон эрхтэнтэй байдаг. Биеийн бүх эрхтнүүд нь хэдийгээр олон боловч нэг бие болдог мэт Христ ч мөн тийм болой.
13 Учир нь иудейчүүд эсвэл грекчүүд, боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ч ялгаагүй бид бүгдээрээ нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртсэн бөгөөд нэг Сүнсийг уусан юм.
14 Учир нь бие бол ганц эрхтэн бус, харин олон эрхтэнтэй.
15 Хэрэв хөл “Би гар биш учраас биетэй холбоогүй” гэвэл үүнээс болж тэр биетэй холбоогүй болохгүй шүү дээ.
16 Хэрэв чих “Би нүд биш учраас биетэй холбоогүй” гэвэл үүнээс болж тэр биетэй холбоогүй болохгүй шүү дээ.
17 Хэрэв бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байх байсан бэ? Хэрэв бүхэл бие сонсгол байсан бол үнэрлэх мэдрэмж нь хаана байх билээ?
18 Харин эдүгээ Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тус бүрийг биед байрлуулжээ.
19 Хэрэв бүгдээрээ нэг эрхтэн байсан бол бие нь хаана байх билээ?
20 Харин эдүгээ олон эрхтэн байдаг ч нэг бие байна.
21 Нүд “Чи надад хэрэггүй” гэж гарт хэлж чадахгүй. Эсвэл толгой “Та нар надад хэрэггүй” гэж хөлд хэлж чадахгүй юм.
22 Бүр сул дорой мэт санагдах эрхтэн харин ч шал өөр байх бөгөөд биед бүр ч их хэрэгтэй байдаг аж.
23 Бидэнд тийм ч эрхэм биш санагддаг биеийн зарим эрхтнүүддээ бид илүү хүндэтгэл үзүүлдэг бөгөөд аягүй харагддаг эрхтнүүд маань илүү аятайхан байдлыг шаарддаг.
24 Харин бидний аятайхан харагдах эрхтнүүд тийм байдлыг шаарддаггүй аж. Харин Бурхан биеийг ийнхүү нэгтгэсэн бөгөөд дутагдсан эрхтнүүдэд илүү хүндэтгэлийг үзүүлэв.
25 Ингэснээр бие дотор хагарал гарахгүй, харин эрхтнүүд нь бие биедээ адилхан халамжтай байх юм.
26 Хэрэв нэг эрхтэн нь зовбол түүний хамт бүх эрхтнүүд зовно. Хэрэв нэг эрхтэн нь алдаршвал түүний хамт бүх эрхтнүүд баярлах болно.
27 Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа үүний эрхтнүүд нь юм.
28 Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эш үзүүлэгчид, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамшгийг үйлдэх хүч, дараа нь эдгээх бэлгүүд, туслах, удирдах ба олон янзын хэлээр ярих чадварыг тавьжээ.
29 Бүгд элч нар гэж үү? Бүгд эш үзүүлэгчид гэж үү? Бүгд багш нар гэж үү? Бүгд гайхамшгийг үйлдэгчид гэж үү?
30 Бүгд эдгээх бэлгүүдтэй гэж үү? Бүгд олон янзын хэлээр ярьдаг гэж үү? Бүгд хэлийг тайлбарладаг гэж үү?
31 Харин үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэгтүн.Би та нарт илүү давуу замыг харуулъя.