1 Коринт

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16


Бүлэг 8

Шүтээнүүдэд өргөсөн тахилын тухайд гэвэл бид цөмөөрөө мэдлэгтэй гэдгийг бид мэднэ. Мэдлэг ихэрхэг болгодог, харин хайр сургамжилдаг аж.
2 Хэрэв хэн нэгэн хүн өөрийгөө ямар ч зүйлийг мэддэг гэж боддог бол тэр хүн мэдэх ёстойгоо мэдээгүй л байна.
3 Харин хэрэв хүн Бурханд хайртай бол тэр хүн Түүгээр танигдсан байна.
4 Иймд шүтээнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнцөд шүтээн гэдэг нь байдаггүй бөгөөд ганцаас өөр Бурхан байхгүйг бид мэднэ.
5 Хэдийгээр тэнгэрт болон газарт бурхад хэмээгдэгчид нь байдаг бөгөөд тиймээс олон бурхад ба олон эзэд байдаг хэмээсэн ч гэсэн,
6 бидний хувьд ганц Бурхан, Эцэг байна. Бүх юм Түүнээс гарсан бөгөөд бид Түүний төлөө юм. Мөн ганц Эзэн Есүс Христ байна. Бүх юм Түүгээр байгаа бөгөөд бид ч Түүгээр байгаа юм.
7 Харин энэ мэдлэг бүх хүнд байдаггүй ажээ. Зарим хүмүүс өнөөг хүртэл шүтээнд дассан учир шүтээнд өргөсөн тахил гэж бодож идсэнээрээ өөрсдийнхөө мөхөс мөс чанарыг бузарладаг ажээ.
8 Харин идэх юм биднийг Бурханд аваачихгүй. Бид идлээ ч дээрдэхгүй, идээгүй ч дордохгүй.
9 Харин та нарын энэ эрх мөхөс хүмүүст бүдрүүлэх чулуу болох вий гэдэгт санаа тавь.
10 Учир нь мэдлэгтэй чамайг шүтээний сүмд идэж суухыг чинь хэрэв мөхөс нэгэн харвал, шүтээнд тахигдсан юмсыг идье хэмээн түүний мөс чанар нь зоригжих бус уу?
11 Иймд мөхөс ах дүү чинь чиний мэдлэгээс болж үрэгдэж байна. Түүний төлөө л Христ үхсэн юм шүү.
12 Ийнхүү ах дүүсийнхээ эсрэг нүгэл хийж, тэдний мөхөс мөс чанарыг шархлуулснаараа чи Христийн эсрэг нүгэл хийж байгаа юм.
13 Тиймээс хэрэв идэх юм миний ах дүүг бүдрүүлэх шалтаг болбол ах дүүгээ бүдрүүлэхгүйн тулд би хэзээ ч дахин мах идэхгүй.