1 Коринт
Бүлэг 15
Ах дүү нар аа! Та нарт тунхагласан сайн мэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүн дотроо зогссон.
2 Хэрэв миний тунхагласан үгийг та нар баримталбал, дэмий хоосон итгээгүй л бол, та нар түүгээр ч мөн аврагдсан.
3 Учир нь би хүлээн авсан дараах зүйлийг та нарт дамжуулсан юм. Энэ бол хамгийн чухал хэрэг байлаа. Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд
4 оршуулагдан, Судрын дагуу гурав дахь өдөртөө амилуулагджээ.
5 Тэрээр Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгдэв.
6 Үүний дараа Тэр таван зуу гаруй ах дүү нарт нэг мөчид үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ.
7 Дараа нь Тэр Иаковд, тэгээд бүх элч нарт үзэгдсэн.
8 Бүгдийн эцэст дутуу төрсөн мэт надад ч Тэр бас үзэгдсэн билээ.
9 Учир нь би элч нараас хамгийн бага нь бөгөөд Бурханы чуулганыг хавчиж байсан тул элч гэж нэрлэгдэх зохисгүй хүн юм.
10 Харин Бурханы нигүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нигүүлсэл хоосон байгаагүй. Харин ч би тэд бүгдээс илүү их хөдөлмөрлөсөн юм. Гэхдээ би биш бөгөөд харин надтай хамт байдаг Бурханы нигүүлсэл болой.
11 Иймд би эсвэл тэд байсан эсэх нь хамаагүй, бид тийнхүү тунхаглаж та нар түүнчлэн итгэсэн билээ.
12 Хэрэв Христ үхэгсдээс амилуулагдсан гэж тунхаглагдсан юм бол та нарын дотор зарим хүн үхэгсдийн амилалт байхгүй гэж юунд ярина вэ?
13 Хэрэв үхэгсдийн амилалт байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно.
14 Хэрэв Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болох юм.
15 Хэрэв үнэндээ үхэгсэд амилуулагддаггүй бол Түүний амилуулаагүй Христийг Тэр амилуулсан гэж бид Бурханы эсрэг гэрчилснээрээ бид Бурханы тухай хуурамч гэрчлэгчид болно.
16 Учир нь хэрэв үхэгсэд амилуулагддаггүй бол Христ ч гэсэн амилуулагдаагүй болно.
17 Хэрэв Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хэрэггүй ажээ. Та нар ч нүгэл дотроо байсаар байна.
18 Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно.
19 Хэрэв бид зөвхөн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно.
20 Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн.
21 Учир нь үхэл нь нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилалт нь мөн нэг хүнээр иржээ.
22 Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно.
23 Харин тус бүр өөрийн дараалал дотор байна. Христ бол анхны үр жимс юм. Дараа нь Христийн хүмүүс Түүнийг ирэхэд амилуулагдана.
24 Тэр бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг хүчингүй болгон, Бурхан ба Эцэгт хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ.
25 Учир нь Тэр бүх дайснуудаа Өөрийн хөл дороо оруулах хүртэл ноёрхох ёстой.
26 Эцэст нь устгагдах дайсан бол үхэл мөн.
27 Учир нь Тэр бүх юмсыг Түүний хөл дор эрхшээлд оруулав. Харин Тэр “Бүгд эрхшээлд орсон” гэж айлдах үед бүхнийг Түүний эрхшээл дор Тавигч ангид байсан нь мэдээж.
28 Бүх юмс Өөрийнх нь эрхшээлд орох үед Өөрт нь бүх юмсыг захируулагч Нэгэний эрхшээлд Хүү Өөрөө ч мөн орох болно. Энэ нь Бурхан бүгдэд бүх юм болохын тулд юм.
29 Тийм биш бол үхэгсдийн төлөө баптисм хүртэгч нь юу хийж байгаа хэрэг вэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол юунд тэдний төлөө хүмүүс баптисм хүртдэг вэ?
30 Яагаад бид ч цаг үргэлж аюул дотор байна вэ?
31 [Ах дүү нар аа,] би өдөр бүр үхдэгээ бидний Эзэн Христ Есүс дотор та нарын талаарх өөрийнхөө бахархлаар баталъя.
32 Хэрэв би хүний ёсоор Ефест зэрлэг араатнуудтай тэмцэлдсэн бол надад ямар ашиг байсан бэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол “Маргааш бид үхэх учраас цөмөөрөө идэж ууцгаая”.
33 Бүү мэхлэгд. “Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг”.
34 Та нар ямар байх ёстой шиг эрүүл ухаантай бай. Нүгэл үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурханы тухай мэдлэг байхгүй байна. Би та нарыг ичээх гэж үүнийг хэлж байна.
35 Гэхдээ хэн нэгэн хүн “Үхэгсэд яаж амилуулагддаг вэ? Тэд ямар төрлийн биетэй ирэх вэ?” гэж асууж магадгүй юм.
36 Мунхаг аа, чиний тарьдаг нь хэрэв үхэхгүй бол амилахгүй.
37 Чиний тарьдаг нь, ирээдүйн бие бус, харин нүцгэн үр юм. Магадгүй улаан буудайн ч үр юм уу, эсвэл ямар нэгэн өөр үр байж болох юм.
38 Харин Бурхан Өөрийн хүссэнчлэн түүнд бие өгдөг. Үр бүр өөрийн биетэй аж.
39 Бүх махан бие адилгүй. Хүний махан бие нэг байхад амьтдын махан бие өөр, шувуудын махан бие өөр, загаснуудын махан бие өөр аж.
40 Мөн тэнгэрлэг биес ба газрын биес гэж байдаг. Харин тэнгэрлэг биесийн алдар өөр, газрын биесийн алдар өөр юм.
41 Нарны алдар өөр, сарны алдар өөр, одны алдар өөр байдаг. Од одноосоо алдраараа ялгардаг.
42 Үхэгсдийн амилалт нь тийм байна. Энэ нь муудах байдал дотор таригдаж, үл муудах байдал дотор амилуулагдана.
43 Энэ нь үл хүндлэл дотор таригдаж, алдар дотор амилуулагдана. Энэ нь мөхөс байдал дотор таригдаж, хүч дотор амилуулагдана.
44 Энэ нь төрөлх биеэр таригдаж, сүнслэг биеэр амилуулагдана. Хэрэв төрөлх бие байдаг бол сүнслэг бие ч мөн байгаа.
45 Тийнхүү “Анхны хүн Адам амьд сэтгэл болсон” гэж бичигджээ. Сүүлчийн Адам нь амь өгөгч сүнс болов.
46 Харин эхлээд сүнслэг нь бус, төрөлх нь байдаг. Дараа нь сүнслэг нь байдаг.
47 Анхны хүн нь газрын хөрснөөс, хоёр дахь хүн нь тэнгэрээс юм.
48 Хөрснөөс буй нь ямар байдагчлан хөрснөөс буй тэд тийм байх бөгөөд тэнгэрээс буй нь ямар байдагчлан тэнгэрээс буй тэд тийм байна.
49 Хөрсөн хүний дүрийг бид өмсдөг шиг тэнгэрлэг хүний дүрийг бид өмсөх болно.
50 Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье. Юу гэвэл махан бие ба цус Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй. Муудах нь үл муудахыг өвлөхгүй юм.
51 Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно.
52 Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, бүрээн эцсийн дуугаар тийм болно. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах уруу амилуулагдаж, бид ч өөрчлөгдөнө.
53 Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх ёстой.
54 Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх үед “Үхэл ялалтад залгигдсан” гэж бичигдсэн үг биелнэ.
55 “Үхэл ээ, чиний ялалт хаана байна вэ? Үхэл ээ, чиний хатгуур хаана байна вэ?”
56 Үхлийн хатгуур нь нүгэл. Нүглийн хүч нь хууль юм.
57 Харин бидний Эзэн Есүс Христээр бидэнд ялалтыг өгдөг Бурханд талархал нь байх болтугай.
58 Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай.