1 Коринт

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16


Бүлэг 5

Та нарын дунд харь үндэстнүүдийн дунд хүртэл байдаггүй, садар самуун явдал байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхцдөг гэнэ.
2 Та нар их зантай болж, харин ийм зүйлийг үйлдэгч нэгэн нь та нарын дундаас зайлуулагдахын тулд та нар гашуудсангүй.
3 Миний хувьд, би биеэрээ байгаагүй боловч сүнсээрээ та нарын дэргэд байж, дунд чинь байсан мэт үүнийг үйлдэгчийг хэдийн шүүсэн юм.
4 [Бидний] Эзэн Есүсийн нэрээр та нар цуглах үед би сүнсээрээ та нартай хамт байж, бидний Эзэн Есүсийн хүчээр
5 тийм хүнийг махан биеийг нь сүйрүүлэхийн тулд Сатанд тушаая гэж шийдэв. Ингэснээр түүний сүнс Эзэн [Есүсийн] өдөр аврагдаж болох юм.
6 Та нарын сайрхал чинь сайн биш ээ. Жаахан хөрөнгө нь зуурсан гурилыг бүхэлд нь исгэдгийг та нар мэдэхгүй гэж үү?
7 Та нар исгэгдээгүй юм шиг шинэ зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг бүрмөсөн цэвэрлэ. Учир нь бидний Дээгүүр Өнгөрөх баярын хурга болох Христ ч гэсэн тахил болсон юм.
8 Иймд бид хуучин хөрөнгөөр бус, хорсол ба бузар муугийн хөрөнгөөр ч бус, харин чин сэтгэлийн ба үнэний исгээгүй талхаар баярыг тэмдэглэе.
9 Садар самуун хүмүүстэй холбогдож болохгүй гэж би та нарт захидалдаа бичихдээ,
10 энэ ертөнцийн садар самуун, эсвэл шунахай, эсвэл дээрэмчид, эсвэл шүтээн шүтэгч хүмүүстэй холбогдож болохгүй гэж би ерөөсөө хэлээгүй. Хэрэв тийм байсан бол та нар энэ ертөнцийн гадна гарах ёстой болно.
11 Харин би та нарт хэрэв ах дүү гэж нэрлэгддэг нэг чинь садар самуун, эсвэл шунахай, эсвэл шүтээн шүтэгч, эсвэл хараалч, эсвэл архичин, эсвэл дээрэмчин бол тийм хүнтэй холбогдож болохгүй тухай бичсэн юм. Тийм хүнтэй хамт хооллож ч болохгүй.
12 Гадна байгсдыг шүүх хэрэг надад юунд байх билээ? Та нар дотор байгсдыг шүүдэггүй гэж үү?
13 Харин гадна байгсдыг Бурхан шүүдэг. Хилэнцэт хүнийг өөрсдийнхөө дундаас зайлуул.