Тооллого
Бүлэг 35
Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
2 Израилийн хөвгүүд өөрсдийн эзэмшлийнхээ өвөөс левичүүдэд амьдрах хотуудыг өгөхийг тэдэнд тушаагтун. Та нар левичүүдэд тэр хотуудын эргэн тойрон дахь бэлчээр нутгийг өг.
3 Дотор нь амьдрах хотууд тэднийх болох ёстой. Тэдгээрийн бэлчээрүүд нь тэдний үхэр, мал хийгээд бүх амьтдынх нь болох юм.
4 Та нарын левичүүдэд өгөх хотуудын бэлчээрүүд нь хотын хэрэмнээс гадагш тойруулан мянган тохой байх болой.
5 Та нар бас хотоос гадагш, зүүн талд хоёр мянган тохой, өмнөд талд хоёр мянган тохой, баруун талд хоёр мянган тохой, хойд талд хоёр мянган тохойг төвд нь хотыг оруулан хэмжигтүн. Энэ нь хотуудын бэлчээр нутаг болж, тэднийх болох ёстой.
6 Левичүүдэд та нарын өгөх хотууд нь алуурчныг зугтан очиход нь зориулан өгөх зургаан хоргодох хот байх ёстой. Тэдгээрийн дээр нэмэлт болгон та нар дөчин хоёр хотыг өгөх ёстой.
7 Левичүүдэд та нарын өгөх бүх хотууд нь дөчин найман хот бэлчээр нутгийнхаа хамт байх болой.
8 Израилийн хөвгүүдийн эзэмшлээс өгөх хотуудын тухайд гэвэл та нар томхоноос нь илүүг авч, багаханаас нь багыг авч өгөх ёстой. Овог бүр өөрийн өвлөж буй эзэмшилтэйгээ харьцуулан өөрийн хотуудаас левичүүдэд өгөгтүн гэлээ.
9 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
10 Израилийн хөвгүүдтэй ярин, тэдэнд хэлэгтүн. “Та нар Канаан нутаг уруу Иорданыг гатлан орох үедээ,
11 хоргодох хот чинь болох хотуудыг өөрсөддөө сонгон авагтун. Тэгвэл аливаа хүнийг санамсаргүй алсан алуурчин нь тийшээ зугтах юм.
12 Тэдгээр хотууд нь та нарт өшөө авагчаас хоргодох газар болох учиртай. Тэгснээр алуурчин нь шүүгдэхээр цуглааны өмнө зогсохоосоо өмнө үхэхгүй байх болно.
13 Та нарын өгөх хотууд нь та нарын хоргодох зургаан хот байх болой.
14 Та нар гурван хотыг Иорданы цаад талд, гурван хотыг Канааны нутагт өгөх бөгөөд тэдгээр нь хоргодох хот болох ёстой.
15 Эдгээр зургаан хот нь Израилийн хөвгүүд, харь хүн болон тэдний дунд буй түр суугчийн төлөө хоргодох газар болох ёстой. Хүнийг санамсаргүйгээр алсан аливаа хүн тийш зугтан очиж болно.
16 Гэвч хэрэв тэр түүнийг төмөр зүйлээр цохин унагаснаас болж тэр хүн нь үхсэн бол тэр нь алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.
17 Хэрэв хүн үхэж болохоор, гартаа барьсан чулуугаар тэр түүнийг цохин унагасан бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.
18 Эсвэл хэрэв хүн үхэж болохоор, гартаа барьсан модон зүйлээр тэр түүнийг цохисон бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.
19 Цусан өшөө авагч нь өөрөө уг алуурчныг алах ёстой. Тэр түүнтэй учрах үедээ түүнийг алах болно.
20 Хэрэв тэр үзэн ядсанаас болж түүнийг түлхэх, эсвэл отож байгаад аливаа зүйлийг түүн уруу шидэх ба үр дүнд нь тэр хүн үхсэн бол,
21 эсвэл хэрэв тэр өс хонзон санаж, өөрийн гараар түүнийг цохин унагасан бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн бол түүнийг цохисон тэр нэгэн заавал үхэх ёстой. Тэр бол алуурчин мөн. Цусан өшөө авагч нь алуурчинтай учрах үедээ түүнийг алах ёстой.
22 Харин хэрэв тэр түүнийг өс хонзон саналгүйгээр гэнэт түлхсэн аваас, эсвэл отоогүй байгаад аливаа зүйлийг түүн уруу шидсэн бол,
23 эсвэл түүнийг харалгүй дээрээс нь, үхүүлж болохоор чулуун зүйлийг унагаснаас болж тэр хүн үхсэн бол, тэр түүний дайсан байгаагүй, түүнийг гэмтээх гээгүй учраас
24 цуглаан нь алуурчин болон цусан өшөө авагчийн хоорондохыг эдгээр тогтоолуудын дагуу шүүх ёстой.
25 Алуурчныг цусан өшөө авагчийн гараас цуглаан аварч, зугтан очсон хоргодох хотод нь түүнийг буцаах ёстой. Ариун тосоор тослогдсон тэргүүн тахилчийг нас бартал тэр хүн тэнд амьдрах ажгуу.
26 Харин хэрэв алуурчин нь нэгэн цагт өөрийн зугтан очих хоргодох хотынхоо хилээс гадагш гаран,
27 цусан өшөө авагч нь түүний хоргодох хотын хилийн гадна түүнийг олоод, цусан өшөө авагч нь алуурчныг албал тэрээр цусны буруутан болохгүй.
28 Учир нь тэргүүн тахилчийг нас бартал тэр хоргодох хотдоо үлдэх ёстой байв. Харин тэргүүн тахилчийг нас барсны дараа алуурчин нь эзэмшсэн нутаг уруугаа буцах болно.
29 Эдгээр зүйлс нь та нарын бүх амьдрах газарт, үр удмын чинь туршид хууль ёсны тогтоол болох болой.
30 Хэрэв хэн нэгэн нь хүн албал, уг алуурчин гэрч нарын амаар алагдах ёстой. Харин ганц гэрчийн гэрчлэлээр ямар ч хүнийг алах ёсгүй.
31 Түүнээс гадна, үхэлд буруутай алуурчны амийн төлөө та нар золиос авч болохгүй. Харин тэр заавал үхэх ёстой.
32 Хоргодох хот уруугаа зугтсан хүний төлөө та нар золиос авч, тахилчийг нас барахаас өмнө нутагтаа амьдрахаар буцахыг түүнд зөвшөөрч болохгүй.
33 Ийнхүү та нар өөрсдийн байгаа нутгаа бохирдуулах ёсгүй. Учир нь цус газрыг бохирдуулдаг бөгөөд газрын төлөө, түүн дээр урссан цусны төлөө, цус урсгагчийн цуснаас гадуур ямар ч наминчлал хийгдэж чадахгүй ажгуу.
34 Дунд нь Би орших, дотор нь та нар амьдрах тэр нутгийг та нар бузарлаж үл болно. Учир нь ЭЗЭН Би Израилийн хөвгүүдийн дунд оршин байгаа” гэлээ.