Тооллого

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36


Бүлэг 27

Дараа нь Иосефын хүү Манассегийн ургуудаас Манассегийн хүү, Махирын хүү, Гилеадын хүү, Хеферийн хүү Зелофехадын охид ойртон иржээ. Түүний охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза нар байв.
2 Тэд хурлын майхны үүдэнд Мосегийн өмнө, тахилч Елеазарын өмнө, удирдагчид болон бүх чуулганы өмнө зогсоод,—
3 Бидний эцэг цөлд үхсэн боловч Коратай нөхөрлөж ЭЗЭНий эсрэг хамтдаа цугласан тэдгээр хүмүүсийн дунд тэр байгаагүй. Гэвч тэр өөрийн нүгэлдээ үхсэн бөгөөд ямар ч хүүгүй байсан.
4 Хүүгүй байснаас болж бидний эцгийн нэр бүлийнхээ дотроос яагаад хасагдах ёстой билээ? Эцгийн маань ах дүү нарын дунд бидэнд өв өгөөч гэв.
5 Мосе тэдний хэргийг ЭЗЭНий өмнө аваачив.
6 Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
7 Зелофехадын охидын хэлж буй нь зөв юм. Чи тэдэнд эцгийнх нь ах дүү нарын дунд өвлөгдөх эзэмшлийг зайлшгүй өгөх ёстой. Чи тэдний эцгийн өвийг тэдэнд шилжүүлэн өгтүгэй.
8 Цаашилбал чи Израилийн хөвгүүдтэй ярин ингэж хэл. “Хэрэв хүн үхэхдээ хүүгүй байвал, түүний өвийг та нар охинд нь шилжүүлэн өгөгтүн.
9 Хэрэв тэр хүн охингүй аваас түүний өвийг та нар ах дүү нарт нь өгөгтүн.
10 Хэрэв тэр хүн ах дүүгүй бол түүний өвийг та нар эцгийнх нь ах дүү нарт өгөгтүн.
11 Хэрэв түүний эцэг нь ах дүүгүй аваас түүний өвийг та нар ургийн доторх хамгийн ойрын хамаатанд өгөх бөгөөд тэр нь түүнийг эзэмших болой. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор Израилийн хөвгүүдэд хууль ёсны тогтоол болох ёстой” гэв.
12 Дараа нь ЭЗЭН Мосед—Энэ Абарим уул өөд явж, Израилийн хөвгүүдэд Миний өгсөн нутгийг харагтун.
13 Түүнийг харсныхаа дараа чи бас өөрийн ах Аароны адил өвөг дээдэс уруугаа одох болно.
14 Учир нь Зиний цөлд чуулганыг мэтгэлцэн байх үед усны дэргэд тэдний нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулах Миний тушаалын эсрэг чи тэрсэлсэн хэмээв. (Энэ нь Зиний цөл дэх Кадешийн Мерибагийн ус байлаа.)
15 Тэгэхэд Мосе ЭЗЭНтэй ярин—
16 Бүх махан биеийн сүнснүүдийн Бурхан ЭЗЭН чуулганы дээр нэг хүнийг томилох болтугай.
17 ЭЗЭНий чуулган нь хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж, мөн оруулах билээ гэв.
18 Тиймээс ЭЗЭН Мосед—Нуны хүү Иошуаг аван, түүний дээр гараа тавигтун. Тэр хүний дотор Сүнс бий.
19 Түүнийг тахилч Елеазар болон бүх чуулганы өмнө зогсоогоод, тэдний нүдний өмнө түүнд үүрэг хариуцлагыг даалгагтун.
20 Израилийн хөвгүүдийн бүх чуулган түүнд дуулгавартай байхын тулд чи өөрийн эрх мэдлээс заримыг нь түүн дээр тавигтун.
21 Түүнээс гадна ЭЗЭНий өмнө Уримийн шүүлтээр түүний төлөө асуух тахилч Елеазарын өмнө тэр зогсох ёстой. Тэр болон түүнтэй хамт Израилийн хөвгүүд, тэр ч байтугай бүх чуулган нь түүний тушаалаар гарч, түүний тушаалаар орох болно гэлээ.
22 ЭЗЭНий түүнд тушаасан ёсоор Мосе хийжээ. Тэр Иошуаг аван, түүнийг тахилч Елеазар, бүх чуулганы өмнө байрлуулав.
23 Дараа нь Мосегээр дамжуулан ЭЗЭНий айлдсан ёсоор тэр түүний дээр гараа тавин, түүнд үүрэг хариуцлагыг даалгав.